Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай” гэжээ.
Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа шүүгч нар өөрсдөө нууц санал хураалт явуулан шалгаруулсан бөгөөд цаашдаа энэ зарчмыг жишиг болгохоор тогтсон байна.
Үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ бүрэлдэхүүн ажилдаа орж байгаад талархал илэрхийлээд “Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд явуулж ирсэн шинэтгэлийн үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, хүнд хүргэх ажилд хуулийн дагуу анхаарах хэрэгтэй. Сая УИХ-аар Эрүүгийн, Зөрчлийн зэрэг гол гол хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулийг цаг хугацаанд нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй.
Сайн ажиллаарай. Шударга ёс, хууль хэрэгжүүлэх чиглэлд явж байгаа бодлогыг буцалтгүй тууштай хэрэгжүүлэхийн төлөө баг болж ажиллаарай. Баяр хүргэе” гэлээ.
Эх сурвалж:PRESIDENT.MN