УИХ-ын чуулган тавдугаар сарын 30,31-нд хуралдаад завсарлуулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа баталж амжилгүй зургадугаар сарын 23-ныг хүртэл чуулган завсарлага авсан. Энэ завсарлага нь олон хууль зөрчсөн үйлдэл буюу “Хаврын чуулган үүргээ гүйцэтгэж чадалгүй завсарлалаа” гэж МАН үзэж байгаа юм. Ийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан нар УИХ-ын чуулганы завсарлагатай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн үеэр хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Даргын зөвлөлийн хурлаар УИХ-ын чуулган тавдугаар сарын 30,31-нд хуралдаад завсарлуулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа баталж амжилгүй завсарлалаа.
Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд “Зургадугаар сарын 23-нд УИХ-ын гишүүд цуглаад, хуралдана гэж байхгүй. Есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлнэ. Гэтэл уг хуультай холбогдуулж дагалдах хуулийн төслүүдийг батлах хэрэгтэй байсан, амжсангүй. Ингэснээр Эрүүгийн тухай хууль хэрэгжиж эхлэх эсэх нь ойлгомжгүй боллоо гэж хэлсэн юм.
Тодруулбал УИХ-ын отгон чуулганаар Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн батлан хамгаалах үзэл баримтлалын хэд хэдэн хууль хэлэлцүүлгээр орох ёстой байсан юм.
Ингэснээр есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн тухай хууль мөрдөгдөж эхлэх нь ойлгомжгүй болон үлдлээ.
Эрүүл мэндийн салбарынханы хувьд энэ долоо хоногийн чуулганд ихээхэн анхаарал хандуулж “чих тавина” хүлээж байсан гэж хэлж болно. Учир нь тус салбарын сайдаар томилогдоод удаагүй байгаа С.Ламбаа ЗГ-ын хуралд Эрүүгийн хуулийн өөрчлөлт,”Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай” хуулийн төслийг оруулж,УИХ-д өргөн бариад байсан юм. Магадгүй энэ салбарын хонгилын үзүүрт гэрэл сүймийсэн гэж хэлж болно.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,З.Баянсэлэнгэ нартай хамтарч Эрүүгийн хуульд эмч нарыг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбон 20-80 сая төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хорих ял шийтгэх заалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх хуулийн төсөл санаачилж санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч дээрх асуудал харамсалтай нь шийдэлд хүрэх байтугай чуулганы хэлэлцүүлгээр ч орж амжилгүй үүдэнд нь гацлаа.
Хэдий чуулган ирэх сарын зургадугаар сарын 23-нд товлогдохоор болсон ч УИХ-ын гишүүд энэ үеэр цуглаад, хуралдана гэж байхгүй. Тэгэхээр Есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэх үгүй нь оньсого мэт болон үлдэв.
Эх сурвалж:Breakingnews.mn