Намууд хуулийн хугацаандаа багтааж УИХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулахаар эрчимтэй ажиллаж байна. Одоогоор АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн бөгөөд тойргийн хороод нь хурлаа хийж нэр дэвшигчдээ зарлаад байгаа юм.
Тэгвэл өчигдөр Өвөрхангай аймгийн тойргийн хороо хуралдаж “Нутгийн буянт” ХХК-ийн захирал Л.Бат-Орших, “Масс медиа” группын захирал Ч.Даваабаяр, АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг нарыг нэр дэвшүүлэхээр урдчилсан байдлаар тохирлоо. Одоо асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцүүлж баталгаажвал дээрх гурван эрхэм ирэх сонгуульд Өвөрхангайд “хүч” үзэх юм.
Харин үүнтэй зэрэгцэн нэгэн сонирхолтой асуудал урган гарсан нь З.Энхболдын тохирооны асуудал байлаа. Тодруулбал, АН-ын дарга З.Энхболд МҮАН-аас Н.Батцэрэгийг Өвөрхангайд тойрог өгнө хэмээн намдаа “урвуулсан” юм. Гэтэл өчигдөр Н.Батцэрэг нь анхны шатан дээрээ уначихлаа. Тиймээс бүх зүйлийг ҮЗХ болон намын даргын үзэмж шийдэх болчихоод байгаа юм. Маргааш болох ҮЗХ-ны хурлаар Н.Батцэрэгийг Өвөрхангайгаас дэвшүүлнэ гэсэн тохироондоо хүрч чадах уу, С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн “зуултаа” биелүүлэх үү гэдгийг шийднэ. Өөрөөр хэлбэл АН-д З.Энхболд хүчтэй юу хүчгүй юу гэдгээ харуулах юм.
Эх сурвалж:Zaluu.com