Гадаадын төлөөлөгчид МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар асуув

1afjh9af5jk4jjtmprtd53prev

 Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.29/ Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав.

Энэ үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв. Улсын Их Хурлын дарга хариулахдаа, энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа.

Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа. Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна хэмээн Улсын Их Хурлын дарга хариулав. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, парламентын найрамдлын бүлэг харилцан байгуулагдсан, АНУ-ын Конгрессын Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасан, мөн Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа явдал нь Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …