Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсад 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Тэрээр өчигдөр Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. “Накасо” дулааны цахилгаан станцын IGCC технологийн хэсгийн ерөнхий инженер Ишибаши хэлэхдээ, “Накасо” дулааны цахилгаан станц нь 1955 онд байгуулагдсан. 1 700 000 кВт хүчин чадалтай, 240 ажилтантайгаар ажиллаж байна.
Тус ДЦС-тай танилцах үеэрээ УИХ-ын дарга хэлэхдээ, Япон Улсад цэвэр нүүрсний технологид мөнгө зарж ийм цахилгаан станцыг байгуулсан байна. Бас энэхүү ололтыг дэлхийн даяар түгээхийг эрмэлзэж байгаа нь сайшаалтай. Монгол шиг нүүрсний нөөцөөр дэлхийд 10-т ордог улсын хувьд, энэхүү дэвшилтэт технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлага байна. Энэ үйлдвэр нь хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь, нүүрсийг газ болгож хувиргах хэсэг, хоёрдугаарх нь ердийн цахилгаан станцын хэсгээс бүрдэж байна. Нүүрсийг газ болгон хувиргаснаар цаашид маш олон төрлийн түүхий эд, жишээлбэл полипропилен, азтотын бордоо, платмасс гэх мэт түүхий эдийг гаргаж авч болно.
Энэ удаагийн ажлын айлчлалаар Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэнэ. Энэ нь цаашид хоёр улсын тэргүүний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах, судалгаа хийх, нүүрсний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр өндөр технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
IGCC шинэ технологийн дагуу нүүрсийг хийжүүлэн, эрчим, хүч дулаан үйлдвэрлэснээр хаягдлын далан үүсэхгүй, нүүрснээс үүсэх хаягдлыг засмал зам хийхэд дүүргэлтэд ашиглаж буй бол, хаягдал үнсний хувьд цементийн үйлдвэрт ашиглаж байгаа зэрэг олон давуу тал байна. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохын тулд “Монгол Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Одоо бүх гарц нээгдсэн учир цаашид бид нүүрсээ илүү өндөр үр ашигтай ашиглах боломжтой гэж харж байна хэмээн УИХ-ын дарга онцоллоо.
“Насако” ДЦС-ын дарга Хосада хэлэхдээ, энэхүү шинэ технологи нь хаягдал багатайгаас гадна ашигт үйлийн коффицент өндөртэй технологи. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд ашиглах түлшний зарцуулалт 15 хувийн хэмнэлттэй байна. Энэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бүрэн нээлттэй бөгөөд олон төрлийн нүүрсний асар их нөөцтэй зэрэг давуу тал Монгол Улсад бий. Үнслэг чанараас нь шалтгаалан олон төрлийн нүүрсэнд шинжилгээ хийж, тохиромжтой нүүрсийг шууд ашиглах, мөн хольж ашиглах боломжууд байдаг гэдгийг тэрээр хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах үеэр харилцан санал солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.