Анзаараад байхад хүүхдийн бор хоолонд оруулах, мөн хоол нь таарч тохироогүйгээс болж ээжүүд бидэнд нэгэн томоохон асуудал үүсдэг. Юунаас эхэлж өгөх вэ ямар хэмжээтэй өгөх вэ, гэдэс нь өвдчих болов уу, гэдэс нь өвдчихлөө яах вэ гээд л асуудал, айдас болгоомжлол ар араасаа хөвөрдөг.
Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай.
Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад юуг анхаарах вэ?
Нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн хоолондоо дасааны дараа дараагийн шин хоолыг дасгаж өгнө.
Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?
Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?
– Хоолыг эхний үед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.
– Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр өөр хоол өгөх.
– Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн /сүү, цагаан идээ, ногоо, жимс, төрөл бүрийн будаа/ оролцуулан хоол өгөх.
– Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг өгөх нь зүйтэй.
– Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх.
– Хүүхдэд нэг удаад 250-300 гр хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох.
– Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалж аяга халбагаар зөв хооллож сургах.
Та хүүхдээ өдөрт ямар хоолоор хэдэн удаа хооллох вэ?
Жишээ болгон нэг өдрийн хооллолтыг үзүүлбэл:
6 сартайгаас 12 сартайд 3-4 удаа хооллох
9 цагт:Хүүхдийн будааны агшаамал 200 мл
12 цагт:2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан 150 мл, алимны цэвэр шүүсийг 1/3-д буцалсан усаар шингэлэн 50 мл
16 цагт:Ногооны зутан 200 мл
20 цагт:Тараг /ургамлын тос, чихэртэй/ хооллолтын хооронд хөхийг хүссэн үед хөхүүлэх
1-3 настайд 5 удаа хооллох
9 цагт:Тэжээллэг зутан 1 аяга, 1 ширхэг жигнэмэг
12 цагт:Элэгний нухаш ½ аяга, төмс, луувангийн нухаш 4-5 хоолны халбага, алимны /жимсний/ шүүс 6-8 амны халбагаар өгнө.
15 цагт:Хярам нэг аяга, боов, боорцог, 50 гр орчим жимсний нухаш
18 цагт:Гэрийн хоолноос 1 аяга /гэрийн хоолноос шүүж хийгээд хүүхдийг идэж чадахуйцаар аяганд жижиглэж/ өгнө.
21 цагт:Тараг, аарц, сүүний аль нэгийг 1 аяга өгнө.
Нялх хүүхдийн хоолонд давс хийх үү? гэх мэт эцэг эхэд тулгардаг түгээмэл асуултуудад хариулт өгөе.
1. Би хүүгээ хөхөөр хооллодог, 5 сартай. Одоо нэмэгдэл хоол өгөх гэсэн юм. Бор хоолонд яаж оруулах вэ?
Та хүүхдээ өдөр хооллохдоо эхлээд жаахан зутан халбагадаад өгөөд үз. Өдөр өгч байгаагийн учир нь ихэнх нялх хүүхэд тэр үесд сэргэлэн, сайхан зантай байдаг. Мэдээж хүүхэд тань бага зэрэг өлссөн, юм идэх сонирхолтой байх хэрэгтэй.
Анхны туршилт тань бүтэлгүй болж ч магадгүй. Хүүхэд тань халбагаар өгсөн зүйлийг амандаа авсан мөртлөө залгих оролдлого хийхдээ буцаагаад гаргаж мэднэ. Хоёр, гурван удаа ийм байдал тохиолдоход ээжийн мөөм эсвэл угж хөхөх нь илүү хялбар санагдаж, хүүхэд халбагаар өгсөн зүйлд дургүйцэж мэднэ. Тэгвэл дахиж түүнийгээ өгөх гэж шахалгүй нэг, хоёр долоо хоног завсарлаж хөхөөрөө хооллоорой. Тэгээд оролдлогоо дахин давтан хийж үзээрэй. Зутангаа дуртай идээд эхэлбэл түүнд хэдхэн удаа залгихаар л сүү хэрэгтэй болно. Хүүхэд зутангаа цадталаа идэж чадвал нэг удаагийн хооллолтондоо хөхөө хөхүүлэлгүй өнгөрч болно. Тэгээд дараагийн алхамд оройдоо мөн нэмэгдэл хоолоо өгөөд үзээрэй. Гэхдээ хөхөө голж хүний аяга таваг руу хараад л, хэл амаа хөдөлгөөд эхэлдэг хүүхэд ч бий. Тэднийг бор хоолонд оруулах амархан.
2. Хүүхдэд юу хамгийн сайхан амттай байдаг бол?
Гурилтай сүүн зутан, төмсний зутан эхийн сүүтэй ойролцоо амттай байдаг учраас ихэнх хүүхэд дуртай иддэг. Мөн луувангийн зутанг сайн иддэг. Эдгээр нь хүүхдийн бие махбодыг шинэ хоол тэжээлд амархан дасгадаг. Дараа нь бантан өгч махан хоолонд оруулах алхам хийнэ.
3. Хүүхдийн ходоодонд муугаар нөлөөлдөг хүнсний зүйл байх уу?
Удаан шингэдэг бүх хүнс хүүхдийн ходоодонд халтай. Түүнээс гадна болгоогүй ногоо, хүнс хүүхдийн жижигхэн ходоодыг түжигнүүлнэ. Тэгэхээр хүүхдийн хоолон дахь ногоо, бусад зүйлийг сайн болгосон байна.
4. Идэж чаддаг зүйлийг нь л дандаа өгөөд байх уу?
Анх идэж сурсан зутан нь хүүхдэд хамгийн амттай. Нэг өгсөн хоолоо дахин давтан өгөхөд хүүхдэд муу биш. Жишээлбэл, хүүхэд луувангийн зутанд дуртай байвал бүтэн долоо хоног дараалуулан өгч болно (хэрэв харшил өгөхгүй л бол), энэ нь харин ч сайн. Яагаад гэвэл хүүхэд нялхаасаа тодорхой зүйлийн амтанд дасч, яваандаа эрүүл хооллолтын дэглэмд шилжихэд хялбар болно. Янз бүрийн нэмэгдэл хоолыг ээлжилж өгөх нь хүүхэд бор хоолонд нэлээд сайн орсон хожуу үеэс эхэлнэ.
5. Зутангаа буцааж тургиад байх юм, яах вэ?
Зутангаа хэтэрхий халуун эсвэл хэт том ширхэгтэй хийгээгүй биз? Тийм биш бол та тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань халбагаар идэх дургүй байж болно. Эсвэл залгих хөдөлгөөнийг сайн эзэмшиж амжаагүй байж болно. Та нэг, хоёр долоо хоног завсарлаад дараа нь дахин оролдоод үз.
6. Нялх хүүхдийн зутан нэг ч их амттай биш байдаг. Тэгэхээр бага ч болов давс хийвэл амтлаг мөн хүүхдийн бие махбодын эрдэс бодисын агууламжинд сайнаар нөлөөлөхгүй юу?
Үгүй. Нялх хүүхдийн бөөрний ажиллагаа томчуудын адил бүрэн жигдрээгүй байдаг. Тэгэхээр зутанд нь бага ч гэсэн давс хийх юм бол түүнийг гадагшлуулахад хүүхдийн бие махбод илүү ачаалал авдаг. Хүүхдийн бие махбодод ногоо, будаа, маханд агуулагдаж байдаг давс л хангалттай.
7. Дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан жижиг шилтэй зарим бэлэн хоол худалдаалагддаг болжээ. Өөрөө хийсэн нь дээр үү, эсвэл тэр бэлэн бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэх үү?
Аль аль нь сайн, муу талтай. Өөрөө бэлтгэж хийхэд цаг зав шаардагдана. Гэхдээ түүн дотор юу орж байгаа нь мэдэгдэж байдаг, мөн шинэ байдгаараа сайн талтай. Нялх хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлнээр худалдаалах тохиолдолд нарийн заавар, орцын норм барьж үйлдвэрлэж бэлтгэдэг. Тэгэхээр тэр үйлдвэрийн аргаар боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд хүүхдийн биенд шаардлагатай хүнс орохоос гадна, хортой бодис байдаггүйгээрээ сайн талтай. Гэхдээ тийм бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдолд орцонд нь юу юу байгаа, саахар, давс, амтлагч ороогүй, үйлдвэрлэсэн болон хүчинтэй байх хугацаа зэргийг сайтар харах шаардлагатай.
8. Нялх хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу?
Хэрэгтэй. Хүүхэд ойролцоогоор зургаан сартай болох үесд түүний бие махбодод хуримтлагдсан төмөр үгүй болно. Түүнийг дахин бий болгож нөхөхийн тулд хүнсний ногоо, мах зэрэг эрдэс бодис арвинтай хүнсний зүйлсийг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ заавал сайтар болгож хэрэглэнэ.
9. Зутангаа халааж өгч болох уу?, Хүүхдэдээ юу уулгах вэ?
Халааж өгөхгүй байвал сайн. Яагаад гэвэл халаах явцад хэрэгцээтэй олон витамин алдагдаж алга болдог. Хүүхэд тань хуурай юм идсэн бол шингэн зүйл уулгах шаардлагатай. Хооллолтын үед мөн завсар хооронд нь хүүхдэдээ чихэргүй цай, ус уулгах хамгийн тохиромжтой.
10. Манай хүү жигнэмэг мэрэх их дуртай. Үүнийг нь өгөөд байж болох уу?
Мэрэхийн төдийд бол болно. Харин чихэрлэг биш байвал сайн. Хэрэв чирхэрлэг жигнэмэг, чихэртэй боовонд дуртай болчихвол түүнийг нь болиулахад төвөгтэй. Түүний оронд чихэргүй гамбир, сухари, чихэргүй боорцог байвал илүү дээр.
11. Хүүхэд нэмэгдэл хоолонд оронгуут шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй гэж байгаа. Бид охиноо аль болох эрүүл хооллохыг хичээдэг. Энэ тохиолдолд бас л шүдийг нь угаах шаардлагатай юу?
Угаах шаардлагатай. Кариес зөвхөн чихэр идсэнээр үүсдэггүй, бүхий л хэлбэрт буй нүүрс ус (цардуул, жимсэн дэх саахар гэх мэт)-аар үүсдэг. Хүүхэд нялхаасаа шүдээ угаалгаад сурчихвал цаашдаа шүдээ угааж сурахад дөхөмтэй.
amjilt.com