Монгол түмний хүсэн хүлээдэг үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд Шадар сайд Ц.Оюунбаатар болон наадмын коммис очиж баяр наадмын бэлтгэл ажилтай танилцаж байгаа юм.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 1024 бөх зодоглох аж.
Үндэсний баяр наадмын өмнөх Их сорилго барилдаан 6 дугаар сарын 26-нд “Бөхийн өргөө”-нд болохоор товлогджээ. Тухайн жилийн Үндэсний Их баяр наадмын өнгө тодордог Их сорилго барилдаанд хүчит 224 бөх барилдахаар болов.
Энэ сард сум, аймаг, улсын наадамд барилдах бөхчүүд өөрсдийн нутгийн болон спорт хороодын дэвжээндээ гал болж, наадмын бэлтгэлдээ гардаг уламжлалтай. Ирэх долоо хоногоос хэд хэдэн аймгийн бөхийн галууд энэ жилийн баяр наадмын бэлтгэлдээ гарахаар төлөвлөөд байгаа юм байна.