Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй төлөөлөгчид 8 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт ажлын айлчлал хийлээ. Ч.Сайханбилэг айлчлалынхаа хүрээнд Хонконгийн Сангийн сайд Жон Цан, Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хөгжлийн байнгын нарийн бичгийн дарга Эндрю Вон нартай уулзаж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн болон төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүү, бизнесийн томоохон төслүүдийн танилцуулга хийж, хамтран ажиллах чиглэл, арга замуудын талаар санал солилцлоо. Түүнчлэн ойрын үед Монгол Улсаас өндөр хэмжээний зочин Хонконгт албан ёсоор айлчлуулахаар ярилцаж, айлчлалын үеэр гарын үсэг зурах хэлэлцээрүүдийг тохиролцсон юм.
Сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Лай Тун Куоктой уулзаж 1998 онд Монгол, Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо. Мөн Хонконгийн Хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн зөвлөлд ажил хэргийн уулзалт хийж, зарим томоохон банк, санхүү-бизнесийн төлөөллүүдтэй ярилцан Монголын хөрөнгө оруулалтын орчинд гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн тухай мэдээлж, бүс нутагтаа нөлөө бүхий South China Morning Post сонины сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
Хонконгийн Сангийн сайд Жон Цаны хамт
Энэхүү айлчлалын үеэр дэлхийн шилдэг 100 их сургуулиас 35 дугаарт эрэмблэгдэж буй 23000 оюутан, 9600 багш, ажилтантай Хонконгийн Их сургууль, 65 дугаарт жагссан Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочилж дээрх нэр хүндтэй сургуулиудад Монгол улсаас оюутан, аспирант, докторант суралцуулах боломж, нөхцлийн талаар сургуулийн удирдлагуудтай ярилцлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар, ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар ажиллан тус тусын чиглэлээр ажил хэргийн уулзалт хийсэн байна. Тухайлбал Хонконгт гаднаас хөрөнгө оруулалт татах ажлыг хариуцан зохион байгуулдаг Инвест Хонконг байгууллага болон Хонконгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах талаар санал солилцож, Хонконгийн замын хөдөлгөөний зохицуулалт, метроны менежмент, санхүүгийн загварыг Монголд ашиглах боломжийг судлаж, Хонконгт ажиллаж амьдардаг болон ял эдэлж байгаа монгол иргэдийн асуудлаар танилцуулга мэдээлэл сонсов.