“Бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр УИХ-ын Ч.Хүрэлбаатар Увс аймагт жинхэнэ “галзуурч” чадалтай аавын хүү Увсад ирж надтай өрсөлдөөрэй гэж хэлэх болов.
Тиймээс түүнийг Увсын “бумба” гэж нэрлэсэн ч багадахаар болж. Увс аймгаас УИХ-д хоёр удаа хэлтэй амтайхан шиг сонгогдсон Ч.Хүрэлбаатар энэ удаад Увс нутгаас дахин сонгогдоно гэдэгтээ дэндүү итгэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар түүнийг Увсад мөнгө тараасан хэмээн нэлээд шуугисан.
Гэсэн ч туслах нь дур мэдэн мөнгө тараасан гэх хэргээр “аавын хаалга” татсанаар энэ хэрэг намжсан. Эндээс туслах нь Ч.Хүрэлбаатарын зөвшөөрөлгүйгээр, тэгээд өөрийнхөө мөнгийг тараасан болоод байгаа юм.
Ингэж туслахаа “аавынд” суулгаж өөрөө УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар энэ удаад дахин мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаад авчихна хэмээн эрдэв үү, эсвэл иргэдийг өөрөөс нь өөр хэнийг ч сонгож чадахгүй гэж басамжлав уу, ямартай ч Увсад ялна хэмээн дүрдээ итгэчихсэн явна. Увс нутгийнхны саналыг өмчлөөд авчихсан хэмээн өөртөө итгэж яваа Ч.Хүрэлбаатар Түлш, эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа салбарт нь зарлагдсан тендерүүдийг бусдад өгч хөлжсөн хэмээн хэвлэлээр хэсэг шуугисан.
Тиймдээ ч төрөөс төрсөн тэрбумтнуудын тоонд түүнийг багтаадаг. Авлигатай тэмцэх газарт ч хэд хэдэн удаа шалгагдаж байсан Ч.Хүрэлбаатарыг албан тушаалаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгуулна хэмээн нэгэнтээ “Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа торны араас хэвлэлийнхэнд хандаж илгээсэн ил захидалдаа дурдаж байсан юм.
Эцэст нь, Увсад хэн ч байсан ялна хэмээн бардамнаж буй Ч.Хүрэлбаатарыг үнэхээр шударга өрсөлддөг хүн гэхэд эргэлзээтэй. Тэр Увсынхны саналыг өмчлөөд авчихсан гэлтэй аймгийн ард иргэдийн өмнөөс толгой мэдэн мэдэгдэл хийж байгаа нь тэднийг басамжлаад байна уу, аль эсвэл доромжлоод байна уу.
Төгс