МАНАН гэж юу вэ?

Хорин зургаан жил ээлж халаа, хараа хяналтгүй ноёрхсон Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, тэдний улс төрийн лидерүүд монголчууд бидний итгэл найдварыг дааж чадсангүй ээ. Тэд хорин зургаан жил ард түмний нүдэн дээр модон сэлмээр байлдаж, ачир дээрээ үгсэн хуйвалдаж, ард олноо ядуурлын ёроолд түлхэж, эх орныхоо тусгаар тогтнолыг ч зарж идэхдээ тулаад байнаа.

1465805838_manan

Тэд итгэл найдвараар минь тоглоод зогсохгүй, биднийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгон хайр найргүй мөлжиж байна. Тэдний зарим нь биднийг олон улсын форум дээр биднийг ” Хамгийн ардчилсан малнууд, хаа дуртай газраа явж, юу дуртайгаа иддэг” гэж гадаадынхны дунд тохуурхан доромжилж байна. Төв Азийн цээжинд гал голомтоо бадрааж, дэлхийн талыг эзэлж явсан тэнгэрлэг заяат ард түмнийг яагаад ингэж дорд үзэж, доромжлон тохуурхаж байна вэ? Тэд яагаад бидний сэтгэл зүрх, амьдрах хүсэл мөрөөдлийг маань хоёр шуудай халтар нүүрсээр үнэлж байгаан бэ?

Тэд яагаад бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаа урсгаж байж үлдээсэн газар нутгийн баялгийг үнэ цэнэгүй болгож, харийн луйварчидтай гадагш нь өдөр шөнөгүй зөөж байна вэ? Энэ их баялгийг гадагш нь зөөгөөд орж ирнэ гэсэн мөнгө нь хаана байна вэ? Таны хүүхдийн боловсролд, таны эрүүл мэндэд нэмэр болж байна уу? Таны амьдралд хэрэг болсон уу?

Тэд яагаад ахмад үеийн маань залуу халуун насаа зориулсан их бүтээн байгуулалтыг хувьчлал нэрээр завшиж, төмрийн хаягдал болгон ачуулж, монгол орныг аж үйлдвэргүй болгож модыг нь бариулж ядууралд унагав аа?

Тэд яагаад хувьчилж авсан үйлдвэрээ хааж, ид насны залуусыг нь гудамжинд гарган, ганзагын наймаанд зүтгүүлж, заримыг нь гадаадад ажиллах хүч болгон хөөж, эцэг, эхийг алаг үрээс нь, эхнэрийг нөхрөөс нь салгаж амьдын хагацал үзүүлэж байгаан бэ?

Тэд идэр залуу дүү нарыг минь эрүү шүдийг нь хэмжиж байгаад маань, мянга мянгаар нь хар ажилд зуучлан, харийн нутагт цөлж байна вэ? Тэрийгээ яагаад бахархал болгон сурталчилж байна вэ?

Тэд яагаад хүүхдүүдийн маань боловсролыг бизнес болгож, өөрсдийн түрийвчийг зузаалж байна вэ? Сая саяар төлбөр нэрээр хурааж авчихаад 70-хан мянган төгрөг хэл амтай өгч, буянтны дүрээр малилзаж яаж чадаж байна аа?

Тэд яагаад өвчин зовлон тусахад минь өлөн чоно шиг баярлалдаж, эмнэлэг, лаборатори дамжуулан өөд уруугүй гүйлгэж, онош ч тогтоохгүй, эмчилгээ ч хийхгүй элдэв аргаар мөлжиж байна вэ?

Тэд яагаад гэм зэмгүй ширтэх алаг үрсэд минь дааж давшгүй өр үлдээж, өөрсдөө офшор дансаа сая сая доллараар цэнэглэж байна вэ? Тэгээд жишим үгүй МАРТЖЭЭ гэж хэлж яаж чадаж байнаа?

Тэд яагаад амьсгалах агаарыг бохирдуулчихаад араас нь бас зуухаа шахаж, бизнэс хийж тохуурхана вэ? Харин өөрсдөө Зайсангийн харшдаа хашаан дотроо бүгж сууна вэ?

Монголчууд түүхэндээ одоогийнх шиг ингэж бууран доройтож, ядарч зүдэрч байгаагүй ээ? Монгол хүн эх орондоо хэзээ ч ингэж хавчигдаж зовж яваагүй ээ. Мандан бадарсан үедээ битгий хэл Манжийн эрхшээлд байсан 220 жилд ч ингэж доромжлогдож ингэж мөлжигдөж яваагүй ээ. Зөвлөлтийн нөлөөнд 70 далан жил явахдаа ч ийм зовлонг үзэж амсаагүй ээ. Гагцхүү МАНАН-гийн ДЭГЛЭМ л бидэнд энэ бүхнийг үзүүлж чадлаа.

Тэд өнөөдөр сонгуульдаж байна. Тойрогт нэр дэвших эрхийг 500 саяас тэрбум таван зуун сая хүртэл төгрөгөөр наймаалцаж, авлигадаж, тендерээр хулгайлж авсан тэрбум тэрбум төгрөгийнхөө өчүүхэн хэсгээр ард түмний саналыг худалдан авахаар санаархаж байгаа сурагтай байна.

Тэд ядарч зүдэрсэн ард түмнээ өдрийн хоолны хөлсөөр өөрсдийнхөө сурталчилгаанд зүтгүүлж байна. Тэд өөрсдөөсөө өөр хүн гарчих вий гэж сонгуулийн хуулийг, сонгуулийн тойргийг өөртөө тааруулан эсгэж байна. Тэд ард түмнийг өөрсдийгөө нэгэнт дэмжихгүйг мэдэж байгаа болохоор хар машины луйвраа ахиад хийхээр санаархаж байна. “Төрийг хамгийн муу менежер” гэдэг мөртлөө өөрсдөө төрийн сэнтийгээс өгзөгөө, төсвийн мөнгөнөөс савраа татаж чадахгүй, албан тушаалдаа үлдэхийг үхэн хатан хөөцөлдөж байна.

Бид МАНАН-гүйгээр элэг бүтэн амар жимэр, өр зээлгүй, шударга хөдөлмөрөөрөө бие эрүүл, ухаан саруул, сэтгэл тайван Монголдоо сайхан амьдармаар байна. Бид МАНАН-гүйгээр аав ээжийгээ асарч, ах дүүстэйгээ хамжиж, үр хүүхдээ өсгөж элэг бүтэн Монголдоо сайхан амьдармаар байна. Бид МАНАН-гүйгээр орох орон тохилог, идэх хоол элбэг, өмсөх хувцас өнгөлөг Монголдоо дутагдах гачигдахын зовлонгүй сайхан амьдармаар байнаа. Бид МАНАН-гүйгээр тогтмол ажил орлоготой, амралт зугаалгын хуваарьтай, хамт олонтой, ирээдүйдээ итгэх итгэлтэй, хүсэл мөрөөдөлтэй, амар жимэр Монголдоо сайхан амьдармаар байнаа.

Бид МАНАН-гийн дэглэмээс гармаар байна, гэхдээ эд нар луйвардана даа гэж итгэлгүйхэн хэлж байна лээ. Тэдний эрх мэдлийн сүлжээ, бохир мөнгөнөөс сүрдэх хэрэггүй ээ. Харин МАНАН өөрөө айдастай байгаа. Эрх мэдлээ алдвал тэд гудамжинд ТҮЦ ч ажиллуулж чадахгүйгээ мэдэж байгаа. Хэн нэгэн ирж энэ дэглэмээс салгаж өгнө гэж байхгүй ээ. Гагцхүү үр хойчоо Монголдоо үлдээх монгол хүмүүс та бид л тэднийг эрх мэдлээс түлхэж чадна. Та зөвхөн сонгуульдаа оролцож УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлсэн Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн эвслийг дэмжиж саналаа өгвөл хар дарсан зүүднээс салж, хайрт үрсдээ сайхан ирээдүйг үлдээж чаднаа.

Миний бодол таны бодол байг, миний тэмцэл бас таных байгээ. Монгол орныг минь бурхан ивээж, өвөг дээдсийн минь сүнс биднийг ерөөж, үр хүүхдийн минь заяа биднийг түшиг ээ.

Худал хуурмаг, мунхаг харанхуйг зөвхөн үнэн цагаан, саруул ухаан л дийлдэг жамтай. Бидний үйлс үнэн бөгөөд цагаан, МАНАН-гийн үйлс худал бөгөөд хортой. Үнэн ямагт хүчтэй, бид ялах болноо. Бидний зовлон нэг, бидний овог МОНГОЛ оо.

1465805634_13436041_969693486479106_1802152651_n

УИХ-ын 68-р тойрогт Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвслээс нэр дэвшигч Бадраагийн Санжаажав

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …