УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн нар сонгуулийн тодорхой хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа. Су.Батболд гишүүн хэлэхдээ” Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна гэх гомдол санал ирж байна. СЕХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод шаардлага хүргүүлж байна.
Тодруулбал, Өмнөговь,Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нэр дэвшигчдийг сонгуулийн хороо бүртгэхгүй байгаа талаар гомдол гаргасан байгаа” гэсэн юм. Дархан Уул, Говь-Алтай, Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны зарим албан тушаалтнууд МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн байна хэмээн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тус аймгийн сонгуулийн хороод шүүхээс гарсан шийдвэрийг баталгаажуулж, биелүүлэхгүй байгаа ажээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа нь Сонгуулийн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хаан боогдуулж байна. Говь-Алтай, Дархан-Уул, Увс аймагт ИТХ нь АН-аас ихэнхи нь бүрдсэн байдаг аж. Тэгэхээр сонгуулийн хороонд ажиллаж байгаа албан хаагчид Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, нэг намын талд үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгааг МАН-ын сонгуулийн төв штабын зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Орон нутагт нэр дэвших эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа МАН-ын нэр дэвшигчид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байгаа аж. Сонгуулийн хороод хуулиа зөрчиж, аль нэг улс төрийн намд үйлчилбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг сануулсан юм.
МАН-ын Хууль эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн хэлэхдээ “Сонгуулийн хороод төрийн албан хаагч бүрдүүлдэг. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд багтсан төрийн албан хаагчид хууль зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгсөн. Эрүүгийн хуульд хүртэл “сонгуулийг зориуд будлиантуулах, сонгогчийн эрхийг шууд халдах” зэрэг заалтууд байдаг. Сонгуулийн тухай хуульд “сонгуулийн тойрог, хэсгийн хороонд орсон гишүүд хууль зөрчвөл төрийн албанд 1-2 жил орох эрхийг хасах” сахилгын шийтгэлтэй байдаг. Сонгогчийн нэрсийн жагсаалтад шүүлт хийхэд УИХ-ын 52 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэрсийн жагсаалтад тухайн тойрогт байдаггүй иргэдийн нэрс орсон байгаа. Баянзүрх дүүрэгт амьдардаггүй 823 хүний нэрс орсон гэсэн үг ” гэлээ.
Ц.Тунгаа
МАН-ын сонгуулийн штабаас