Ичимхий нэр дэвшигч, ичдэггүй бадарчин нарын паян

1466380544576731009365bДөрвөн жилд нэг удаа тогтолцоогоороо тоглуулдаг сонгууль энэ удаад жижигсгэсэн мажоритари хэлбэрийг сонгосон. Энэ “тоглоом”-ын дүрэм уг хуулийг баталсан эрхмүүдийн эрх ашигт тэгж нийцсэн болохоор тэр шүү дээ.

УИХ-ын 76 тойргийн 10 тойрогт нь амьдаанууд нэр дэвшиж байгаа. Энэ бол даажигнал шүү гэдгийг батлах мэт зарим нэр дэвшигч тойрогтоо огт очоогүй ч тохиолдол байна, цаана чинь. Тухайлбал,  УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт МУНН-аас нэр дэвшиж буй “Монфрут” ХХК-ийн гүйцэтгэх захирал Болдын Жавхлан Дархан-Уул аймаг дахь тойрогтоо огт очихгүй байгаа аж.

Мөн тэнд МАХН-аас нэр дэвшиж буй Ж.Сүхбаатар намын уриа, логогүйгээ зөвхөн өөрийгөө таниулах сурталчилгаа хийж байгаа гэнэ. Сонгогчид нь улс төрийн сэдэвт мэдээ, мэдээллээс хол байх тусмаа тэдэнд сайн. “Аль нам бэ гэдэг нь чухал биш. Миний нэрийг л сайн хараад дугуйлаарай” гээд захиад яваа гэнэ шүү. Үүнийг намаасаа ичсэнийх гэх үү.

Ийнхүү нэр дэвшигч нь нэр дэвшсэнээсээ ичсэн, эсвэл дэвшүүлсэн намаасаа нүүр буруулсан, сонгогдчихвол намаасаа гараад МАН-д орно гээд ярьж явдаг “Ардчилсан сонгууль” үздэг азгүй хүмүүсээ, бид. Уг нь намаасаа гараад өөр намд орохыг дэлгүүр хэсэхтэй адил үзэж чаддаг болчихвол ардчилал гэгч тэр, урвагч гэж бүү адал гэхчлэн элдэв сургаал дуулддаг ч жижигхэн Монголд урвалт гэж үзэхээ мөд болихгүй бололтой. Учир нь намд элсэхийн цаана үзэл бодлын нэгдэл, сонголт, хамгийн гол нь итгэл байдаг болохоор тэр.

Энэ удаагийн сонгуулиар бид их ч зүйл үзэж байна. Намын дарга нь өрсөлдөгч намдаа яавч ялагдах өгөөш бэлдэж өгөхийг харлаа. Дүүргийнхээ АН-ыг сонгуульд олон жил дасгалжуулж, өөрийн багаа ч бэлдэж байсныг нь мэдсээр байж ҮЗХ-ны хурлаар 100 хувь ялсан гишүүнээ албан тушаалын сүр хүчээр гуд татаж унагачихаад тойрогт нь өрсөлдөж байгаа нь сайхан харагдсангүй. Ингээд зогсохгүй өөр намаас нэр дэвшиж өрсөлдөх гэхэд нь СЕХ яагаад ч юм бэ бүртгэхээс татгалзав. Одоо ИЗНН-аас нэр дэвшихээр арайхийн нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад булаалгачих вий гээд атгаж сууна. Энэ ардчилсан сонгууль мөн үү.

Энд тэндгүй “амьдаа” нэр дэвшигч сойсон шинэ технологи нь хэр хол явахыг харъя. Яахаараа Монголын залуучуудын холбооны ажилтнууд гэнэт УИХ-д гэнэт нэр дэвших болов. Арван нэр дэвшигчийн тав нь компаний захирал байгаагаас тойрогтоо очиж сурталчилгаа хийх нь тун ховор байгаа нь анхаарал татаж байна. Үндсэн хуулиар олгосон эрхээр бамбай хийх боломж тэдэнд бий боловч сонгогчдоор тоглох эрхийг хэн ч олгоогүй. Нэр дэвшсэн л бол сурталчилгаа, уулзалтаа идэвхтэй хийж сонгогчдыг хүндэтгэх ёстой.

Ийм амьгүй албат, аман сурталчилгаагаар хууль зөрчих аргаа нарийсгаж шинэ технологи болгон нэвтрүүлж буй байдал нь дахиад хэдэн сонгууль дамнахыг таашгүй.

Хуучин хар аргуудаас гэвэл одоогоор өрсөлдөгчийнхөө сурталчилгаанд хүүхдийн зургийг зохион байгуулалттайгаар оролцуулж авах, тэр ч байтугай “Энэ тугийг нэг минут барьж зогсвол 5000 төгрөг өгье” гэж хүүхэд хуурч намын туг бариулж зургийг нь авсан явдал хүртэл гарлаа. Энд тэндгүй хаягийн шилжих хөдөлгөөний маапаан үүсч, ялангуяа нийслэлийн зарим байгууллагаас бөөнд нь хөдөөгийн тойрог руу шилжүүлсэн нь сонгуулийн дараа хот руу буцаж шилжих Их нүүдэл үүсгэх бололтой. Мөн ухуулагчдаа болон сонгогчдыг дайлж цайлаад байгаа гэх ховыг бараг нэр дэвшигч бүр гаргаж байна. Энэ бүхний сурагаар түргэн тусламж шиг очоод хариуцлага тооцох боломж СЕХ-нд байхгүй ч хяналт тавьж, баталгаа нотолгоотойгоор хандсаныг нь тухай бүрт нь зарлаж байгаасай гэж хүсээд л үлдэхээс.  Ямартай ч энэ удаагийн сонгуулийн адал балмад явдалтай хариуцлага тооцно гэж найдъя.

Г.Сүрэн

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …