“Press TV” сайтад гарсан нийтлэлийг товчлон хүргэж байна.
Өрнөдийн орнууд, тэдгээрийн хэвлэл мэдээллүүд Сирийн эсрэг 30 сарын турш нууц, бохир дайн явуулахдаа энгийн номхон иргэдийг хоморголон хөнөөж буй тухай маш их мэдээлж, шуугиан тарьдаг байв. Гэтэл одоо эдгээр улсын Засгийн газар, хэвлэл мэдээллүүд ийм мэдээллийн талаар огтхон ч дурсахаа больжээ. Чухам яагаад ингэх болов.
Яагаад гэвэл Сирийн хэдэн мянган энгийн иргэний эсрэг гэмт хэрэг үйлдсэн бүлэглэл нь гадаадын дэмжлэгтэй, тэдний гар хөл болсон хөлснийхөн байсан аж. Тэднийг өрнөдийн Засгийн газрууд, хэвлэл мэдээллүүд “Ардчилсан эрх чөлөө”-ний төлөө тэмцэгч баатар болгон харуулах гэж оролддог байлаа.
Энэхүү инээдэмт жүжиг энгийн иргэдийн эсрэг хийсэн хүчирхийллийг ивээн тэтгэгч барууны Засгийн газруудыг төдийгүй хэвлэл мэдээллийн бүхий л салбарын үнэн мөнийг илчилсээр нуран унав.
Хэнээс ч хараат бус нэрийн дор худал мэдээлэл цацаж, мөргөлдөөний эргэн тойрныг бусдад буруугаар ойлгуулсан учраас хэвлэл мэдээллүүд ч цэргийн гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэгт хамааралтай болж байгаа юм. Ер нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн тухай худал хуурмагийг олонд цацахаас илүү ноцтой хүний эрхийг зөрчих гэж байх уу.
Хамгийн сүүлчийн тохиолдол л гэхэд хойд Алеппо мужийн Хан аль-Асал хотод болсон хүмүүсийг хоморголон хөнөөсөн явдал билээ. Тухайн үед ихэвчлэн энгийн номхон иргэдээс бүрдсэн 150 орчим хүнийг хайр найргүй устгасан гэж мэдээлж байсан. Тэдний ихэнх нь цаазлуулж байгаа мэт толгой руугаа шууд буудуулж амиа алджээ. Үүний хариуцлагыг “Аль-Кайда”-тай холбоотой “Фронт аль-Нусра”, “Ансар аль-Халиф” бүлэглэлүүд хүлээсэн юм.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр алуурчид өөрсдийн хийсэн жигшүүртэй нүглээ далдлахыг оролдож, цогцоснуудын нүүр царайг танигдахын аргагүй болгож, үлдэгдлийг нь шатааж байсан гэнэ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө эдгээр бүлэглэл Хасака мужийн Макбара хотын энгийн номхон долоон иргэнийг хөнөөсөн.
Эдгээрийг үйлдсэн дайчдын ихэнх нь гадаадынхан буюу Саудын Араб, Ливи, Иордан, Турк, түүнчлэн АНУ, Их Британи, Франц, Германы иргэд байсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Саудын Араб Сирийн ард түмнийг айлгаж, дуулгавартай болгохын тулд Израилиас 50 сая ам.долларын өртөгтэй хүнд зэвсэг худалдаж авчээ. АНУ, Британи, Франц улс 200 сая гаруй ам.доллар Сирид зарцуулсан. Тэдний баталж буйгаар энэ мөнгийг Сирийн сөрөг хүчнийхэнд эм бэлдмэл, хүнсний тусламж маягаар олгосон гэнэ.
Энэ бол өрнөдийн Засгийн газар, түүнчлэн Турк, Араб, Израилийн бүс нутагтаа ашиг сонирхлоо тогтоох гэсэн оролдлогоо далдалсан, Сири дэх геноцидыг дэмжиж буйгаа нуусан хоосон үг.
Өнгөрсөн оны тав, зургаадугаар сард Сирийн Хула, Кубейр тосгонд хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн тухай мэдээлэл гарахад өрнөдийн хэвлэлүүд тэдгээрийн хоолойг хэрчсэн байсан тухай шуугиж байсан. Үүндээ тэд Сирийн улсын аюулгүйн хүчнийхнийг буруутгаж, Ерөнхийлөгч Башар Асадыг шүүмжилж байв.
Тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Асадыг аллага, айдас хүйдсээр улсаа захирдаг хэмээн буруутгаж, түүнийг огцрохыг шаардсан өрнөдийн Засгийн газруудын бүлгийг тэргүүлж байсан юм.
Хожим нь Хула, Кубейрт болсон үй олноор нь хөнөөсөн хэргийг өрнөдийнхний дэмждэг гадаадын дайчиж үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч өрнөдийн хэвлэлүүд үүнийг мэдээлээгүй.
Түүнчлэн шуугиан тарьсан гарчиг бүхий бас өөр олон аллагыг суртал ухуулга хэлбэрээр гаргаж байжээ. Тухайлбал 2012 оны долоодугаар сард Тремст болсон алан хядах үйл ажиллагаа, эсвэл энэ оны нэгдүгээр сард Алеппогийн их сургуульд болсон дэлбэрэлтийг дурдаж болно.
Сирийн Засгийн газар дараа нь эдгээр аллагуудыг өрнөдийнхний дэмжлэг авсан дайчид үйлдсэн болохыг баталсан.
Асадын засаглалыг түлхэн унагахын тулд энгийн номхон иргэдийг хайр найргүй хөнөөснөөс гадна зах, гудамж, эмнэлэг, сургуульд авто машинуудыг минажуулж дэлбэлсэн нь цөөнгүй.
Гэтэл эдгээрийг бодит үнэнээр нь мэдээлсэн “Press TV” зэрэг мэдээллийн албадыг өрнөдийн засаг захиргаа хянадаг хиймэл дагуулын сүлжээгээр цацахыг хориглох жишээтэй.
Өрнөдийн Засгийн газрууд, хэвлэл мэдээллүүд Сирид болсон хамгийн сүүлчийн аллагуудын талаар дуугүй байгаа нь сэтгүүлчдийнх нь хайнга, юмсыг анзаардаггүйтэй холбоотой бус. Харин энэ бол тэднийг Сирийн эсрэг нууц геноцидод холбоотой гэдгийг баталж байгаа аж.