Ундны усаа зөөвөрлөх үү? эсвэл хоолойгоор татах уу?

13523750_1115736195115475_1550705549_oАлс холын Аралын Япон улсд эрдэм өвөртөлж, сурч боловсорч байгаа миний бие бусдын л адил үргэлж, нутгийнхаа төлөө сэтгэлээ чилээж явдаг билээ. Өчигдөрхөн Алтайчуудын зөөвөрлөн ууж байгаа “Эрүүл ус”-аас гэдэсний халдварт нян илэрсэнийг уншаад өөрийн эрхгүй харамсал төрлөө. Энэ нутагт төрж, өсч хүн болсон учраас мэргэжлийн хүнийхээ хувьд усны талаар танай сайтаар дамжуулан нутгийн ард түмэндээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бичсэн бичвэрээ хүргэж байна. Гэгээн нуураас ус авч газар доогуур хоолойгоор 50км дамжуулан Алтай хотод авчрах нь боломжтой юу? Хэн боломжтой эсэхийг нь хэлэх вэ? Хэн батлахын? Бид, усны мэргэжлийн хүмүүс батлана. Өөр хэн ч батлахгүй, хэн ч үнэн мөнийг хэлж чадахгүй. Баталгаа нь Тайшир-Алтай төслийн Техник, Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) юм.

Техникийн хувьд боломжтой эсэхийг Эдийн засагчид батлах уу?! Эрх зүйчид батлах уу?! Улс төрчид батлах уу?! эсвэл Ухаантан батлах уу?! Эхлээд мэргэжлийн хүмүүсийн юу ярьж байгааг сайн сонсох хэрэгтэй. Тэдгээр хүмүүс шинжлэх ухааны үндсэн дээр техникийн хувьд боломжтой, эдийн засгийн хувьд үр ашигтай хувилбарыг судалж, шинжилж, тооцож гаргадаг юм.

Тайшир-Алтай төсөлд техник, эдийн засгийн үндэслэл аль хэдийнээ хийгдэж мэргэжлийн хүмүүс шийдлээ гаргачихсан. Дахин хэлье. Техникийн хувьд боломжтойн дээр 50 хан км жижигхэн Алтайн хүн амыг ундны цэвэр усаар баталгаатай хангах энэ төслийг юунд ингэж уяна вэ? Энэ асуудал гадны хүнд инээдтэй ч биднийг хараад эмэгнэхээр асуудал. Ард иргэдийн амин чухал асуудлыг ингэж удаан хэлэлцэж, уяж, буруу ойлгуулж, улс төрийн амлалт болгох ёсгүй юм. Хүн төрөлхтөн түүхэндээ маш олон удаа усыг алсын зайнд татах ажлуудыг хийсэн, хийсээр байгаа. 50 км –ыг хол гэж бодоод байна уу? Үгүйэ хүмүүсээ тавхан алхам гэдэг шиг богино зай.

Захын жишээг дурьдвал одоогоос 110 жилийн өмнө техник, технологи ядуу байхад голоос усыг авч хоолойгоор 530 км дамжуулан 10000 иргэнийг усаар хангасан (Австралын баруун хэсэг, Голдфиэлдийн ус хангамжийн систем) байна. Одоогийн Алтай хотоос бага хүн амтай хот биш ажилчдын тосгон байж л дээ. Тэгэхэд усан сан үүсгэх туршлага хүн төрөлхөтөнд маш бага байсан, орчин үеийн технологиуд бүгд байхгүй байлаа. Тэр үед уналга хөслөг, ачааны машин, морин тэрэг бүгд л байсан. Харин хоолой татаж барилга барина гэдэг гаргаар хийгдэх хүнд ажил байсан нь лавтай. Тэр хүмүүс усаа зөөгөөгүй. Яагаад?? Тэд ашигтай, боломжтой, ирээдүйтэй сонголтыг хийсэн хэрэг. Өнөөх л техник, эдийн засгийн үзүүлэлт шийдвэр гаргахад тусалж зөв бүтээн байгуулалтаа хийсэн хэрэг. Тайшир-Алтай эсвэл Эрүүл ус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таны халааснаас шууд байдлаар мөнгө гарахгүй. Аль нэгийг нь дэмжихэд таныг мөнгөө төл гэх хэнч байх ёсгүй, байхгүй.

Хэрэгжүүлэх мөнгө нь татвараас, эсвэл тусламжаар, эсвэл буруу зарцуулагдах гэж буй бондны мөнгөнөөс гараад л ирнэ, бараг л бэлэн бий гэхэд хэлсдэхгүй. Гэхдээ аль нэг нь хэрэгжсэний дараа та усаа авч уух нь гарцаагүй. Мөн хэрэгжсэн төсөл нь ажиллах явцдаа ашиглалтын зардалд мөнгө зарцуулах л болно, барьж босгоход зарцуулсан мөнгөн өртөгөө буцаан төлөх шаардлагатай болно.

Та Эрүүл ус хөтөлбөрийн шимийг аль эрт хүртээд эхэлсэн. Харин эрүүл ус хөтөлбөр хөрөнгө оруулсан өртөгөө төлж чадахгүй, нэмээд өр тавьж байгааг хэн бүхэн мэднэ. Хэрэв хоолойгоор ус дамжуулан ашиглах нь машинаар зөөхөөс өртөг өндөртэй юм бол дэлхийн бүх хүн ам, хот тосгон усны өрөндөө баригдаад одоо сүйд болж байх ёстой. Гэтэл тийм мэдээ та сонсов уу? Би бол сонсоогүй юм байна. Ус хоолойгоор тасралтгүй урсан ирдэг бол бид усны машинаа л хүлээнэ. Хамтдаа ойролцоо тооцоо хийе. Та Эрүүл ус хөтөлбөрийн ус ашиглаад хэдэн төгрөг мэдэлгүйгээр алдсан бэ?

Эрүүл ус хөтөлбөр ажиллаад 300 гаруй хонож байгаа гэж үзье. Нэг айл 20литр усыг 2 хоногт хэрэглэнэ гэж үзье. Мэдээж айл болгон өөр өөр ус хэрэглээтэй л дээ. 300 хоногт та 3000 литр ус хэрэглэжээ. Үүний өртөг 75000 төг болж байна. Энэ хугацаанд Эрүүл ус хөтөлбөрийн оронд нөгөө Тайшир-Алтай төсөл хэрэгжчихсэн, бид усыг нь хэрэглэж байгаа гэж үзье л дээ. Эдгээр хоёр төслийн усны чанар яг ижилхэн. Хоолойгоор ирэх усны өртөг 1 литр нь үсрээд 2 төг байх хандлагатай. 300 хоногт 3000 литр ус хэрэглэнэ гэвэл өртөг нь 6000 төгрөг болж байна. Та 300 хоногт 69000 төгрөг мэдэлгүйгээр, хууртаж халааснаасаа алдсан байна. Энэ байдлаараа байвал Эрүүл-ус ачиж ирж байгаа компани маань өрөндөө дарагдсаар, та бид халааснаасаа мөнгө алдсаар байх нь. Компанийн өрийг та бидний төлсөн татвараар нөхөх нь дамжиггүй. 20 литр ус 500 төгрөг гэдэг чинь ямар их үнэтэй юм бэ? Ердийн иргэдийг маш хямд ус хэмээн итгүүлж хуурч яаж чадаж байна вэ? Юу ч гэж хэлсэн иргэд итгэх тэнэгүүд гэж “тэд” боддог болж.

Иргэд итгэж хямд хэмээн үнэтэй усаа уудаг болж. Тайшир-Алтай төслийг бариулж олон жилийн турш усны асуудалгүйгээр стандартад нийцсэн ус ууж амьдрахын тулд зүгээр л та бариулмаар байна гээд үгээ хэлж дэмжихэд л хангалттай шүү дээ. Таниас барих өртөг нь гарахгүй. Зүгээр л таны ирээдүйгээ харсан дуу хоолой л хэрэгтэй байна. Хэзээ нэгэн цагт заавал баригдах ажлыг хойшлуулах шаардлагагүй, жил алдаж байхын оронд холч ухаанаар хандах хурлан бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэрэгтэй. Ундны усаа зөөвөрлөж уух урагшгүй түмэн бишээ бид Урт хоолойгоор усаа татаж үр хойчдоо устай хот өвлүүлэх Уужим ухаант Алтайн иргэн, Урагш тэмүүлэх хөгжлийн хүч билээ бид.

Говь-Алтай аймгын уугуул, Усны барилгын инженер, Япон улсад докторын зэргээр суралцаж буй Харнууд овогт Бадарчийн Аюурзана

13515320_1181445265239459_1046976385_n

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …