Эхнэрийнхээ дансаар их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгагдаад буй УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэрэг зуны амралтын өдрүүдтэй давхцаад нам гүмхэн боллоо гэж үзэх хүн олон байна. Учир нь түүний эхнэрийг өнгөрсөн зургаадугаар 5-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад тун удалгүй таван хоногийн дараа батлан даалтад гаргасан юм.
Хуулийнхан “О.Эрдэнэсолонго гэдэг хүнийг маш их сүр дуулиан болгож цагдан хорьчихоод ийм хурдан гаргах нь хуульд хэр нийцэх юм бол.
Гадуур батлан даалтад гарсан хүн мөрдөн байцаалтын явцад хэргийг яаж ч гуйвуулж болно” гэж хэлж байсан. Мэдээж сүр дуулиан болгож байсан эл хэргийн эзэн холбогдогч нь ийм амархан батлан даалтад гарахад хүн бүр өөр өөрсдийн гэсэн байр сууринаас хандаж байсан гэхэд болно.
Тэгвэл Ё.Отгонбаяр, О.Эрдэнэсолонго нарын хэргийг сайтар шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын үйл ажиллагаа одоо ч хэвийн явагдаж байна хэмээн албаны эх сурвалж мэдээлж байв.
Түүнчлэн тэдний хэргийг АТГ-аас УМБГ руу шилжүүлээд байгаа аж. Ё.Отгонбаярыг бусдад авлига өгөхийг завдсан, бусдыг хэн нэгэнд захиалга өгч дарамтлуулсан гэдэг үндэслэлээр шалгаж байтал Багшийн хөгжлийн ордныг улсын төсвийн хөрөнгөөр бариулах явцдаа хууль зөрчиж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэх зүйл анги нэмэгдсэн юм.
Харин одоо хуулийнхан түүнийг сайд байх үед зарлагдаж байсан бүх тендерийг нэг бүрчлэн шалгаж байгаа аж. Учир нь боловсролын салбар бол хамгийн их тендер зарлагддаг байсан газар.
Тиймээс эл хэргийг шалгахдаа түүнтэй хамт ажиллаж байсан хэсэг хүмүүсийг давхар шалгаж, сайд асантай холбоотой зүйлсийг тодруулж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй тендерийн хэргийг шалгаж байх явцад зарим нэгэн сургууль, цэцэрлэгийн тендерүүд ямар шугамаар хэний гарт очиж байсан нь хүртэл сөхөгдөх болоод байна.
Хэрвээ тухайн үед зарлагдаж байсан тендерүүдийг нарийн нягт шалгавал Налайхын сургуулиас гадна өөр олон тендерийн хэрэг Ё.Отгонбаяр гишүүнд хамааралтай болж магадгүй байгаа аж.
Тиймээс л Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ё.Отгонбаярын хэргийг сайтар шалгах хэрэгтэй. Учир нь ганц нэг тоогоор яригдах мөнгөн дүн биш учраас олон газраас мэдээлэл цуглуулж, нягтлах шаардлагатай байна” хэмээж байсан. Тэгэхээр сайдын энэ үг боловсролын салбарт зарлагдаж байсан бүх тендерийг шалгах үүрэг өгснийг гэрчилж байна.
Түүнчлэн зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Ё.Отгонбаярын эхнэрийн дөрвөн хувийг нь эзэмшдэг гэх “Скай” их дэлгүүрийг шалгахаар болжээ. Хуулийнхан хатагтай О.Эрдэнэсолонгод эл дэлгүүрээс өөр орлого оруулах хувьцаа, үйлдвэрлэл үйлчилгээ байхгүй, бизнес ч эрхэлдэггүй болохыг тогтоосон. Тиймээс УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын сайд байх үеийнх нь тендерүүдийг шалгахаас өөр аргагүй байдалд орсон тухай хэлж байв.
Уг нь түүний эхнэрийн хувь эзэмшдэг гэх их дэлгүүр нь жилийн жилд ашиггүй ажиллалаа гэж тайлан балансаа гаргаж өгдгийг татварынхан хуулийнханд мэдээлсэн гэдэг.
Үүнээс харахад ашиггүй ажиллаж байсан дэлгүүрээс дөрвөн хувь эзэмшдэг хатагтай өөр хаанаас орлого олсон байж таарах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Аль эсвэл Улаанбаатартаа хамгийн их үйлчлүүлэгчтэй байдаг “Скай” их дэлгүүр тайлан балансаа худлаа гаргаж өгдөг байсан уу гэх хардлага олон нийтэд төрөхөөр байгаа юм.
Товчхондоо О.Эрдэнэсолонгын тарьсан балаг олон компанийг эхнээс нь хөлдөө чирж байгаа бололтой. Батлан даалтад гараад байгаа О.Эрдэнэсолонго хатагтай одоог хүртэл 26 дансныхаа 323 сая ам.доллар болон 13.9 тэрбум төгрөгийнхөө гарал үүслийг тайлбарлаж чадахгүй байгаа юм билээ.
Ямартай ч Ё.Отгонбаяр өөрийнхөө нэр дээр биш, юуны учир эхнэрийнхээ нэр дээр данс нээж ийм их хэмжээний мөнгө оруулж гаргасан бэ гэдэг нь хуулийнханд хүртэл оньсого болоод байна. Тийм ч учраас түүний өнгөрсөн үеийг сөхөхөөс өөр зам байхгүй байсан бололтой.