Хоёр Солонгосын хамтран байгуулсан Хойд Солонгос дах худалдааны чөлөө бүс Кесонгкунгданыг дахин нээн ажиллуулах талаар хийгдэж байсан 6 удаагийн хэлэлцээр амжилтгүй болж дуусаад байгаа билээ.
Хойд болон Өмнөд Солонгосын талуудын бие биедээ тавьж буй шаардлагууд хэн хэнийхээ хүсэн хүлээж буй үр дүнг өгөхгүй байгаагаас болж хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тал өнгөрсөн 7 сарын 28-нд дахин нэг удаа хэлэлцээрийн ширээний ард суухыг Хойдуудаас хүссэн билээ. Хариу өгөөгүй 10 хоносны дараа Өмнөд Солонгосчууд өчигдрөөс эхлэн худалдааны чөлөөт бүсэд ажиллаж байсан 125 компаниас гэнэтийн эрсдэлийн даатгалд хамрагдсан 109 компанид даатгалын 2890 тэрбум воныг олгож эхлэх шийдвэр гарган ажлаа эхэллээ.
Өөрөөр хэлбэл худалдааны бүсэд ажиллаж байсан өөрийн орны компаниудыг алдагдалгүй болгох бүх мөнгийг улсаас өгөхөөр болж ажлаа эхэлсэн бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын талаас худалдааны бүсийг бүрэн хааж байгаа гэсэн үг юм.
Энэхүү мэдээ гарсны ердөө л 1 цагийн дараа Хойд Солонгосчууд Пажу дах Пангжмүнжом хилийн зурвасаар захиа илгээж , Өмнөд Солонгосчуудын хүссэн цагт хэлэлцээр хийхэд бэлэн, худалдааны чөлөөт бүсэд үйлдвэрээ орхиод ирсэн Өмнөд Солонгосын компанийн удирдлагууд хүссэн цагтаа үйлдвэртээ ирж болно хэмээсэн төдийгүй Хойд Солонгос улс гэнэтийн байдлаар худалдааны чөлөөт бүсийг дахин хаахгүй гэх мэт амлалтуудыг өгсөн байна.
Учир нь үл ойлгогдох энэхүү байдалд Ерөнхийлөгч Пак Гын Хе хатуу хандаж байгаагаа мэдэгдэж Хойдуудын санал болгосноор ирэх 14-нд 7 дах удаагийн уулзалтыг хийхийг зөвшөөрсөн ч , худалдааны чөлөөт бүсэд ажиллаж байсан компаниудад даатгалын мөнгийг нь олгосоор байх шийдвэр гаргаад байна.
Өнөөдрийн байдлаар даатгалын мөнгө авч хохиролгүй болох 109 компаниас 2 компанид 5 тэрбум 500 сая воны даатгалыг нь бүрэн олгосон байна.
эх сурвалж: mglradio.com