Ярилцлагийн хоёрдугаар хэсэг.
Хүн өвчинтэйгээ тэмцэхдээ шинжлэх ухааны эмнэлэг, дорно дахины болоод, монголын уламжлалт анагаах ухаан аль алийг нь хэрэглэж байж амжилт олох болов уу хэмээн мөхөс би бээр бодож байна. Ямар ч хүн үхэхийг хүсдэггүй тул өөрт буй бүх бололцоогоо дайчлан “эрлэгийн элч”-тэй үзээд алдах хэрэгтэйг 100 насны өндөрлөг өөд алхаж яваа Ж.Жамсран гуайн эмчилгээний олон жилийн туршлага харуулж байна.
Ж.Жамсран: Аюулт өвчинтэй тэмцэхэд араатан жигүүртэн, таван хошуу малаас гардаг зүйл онцгой нөлөөлдөг
-Таныг хүмүүс үхээд боссон хүн гэлцэх юм. Үхлийг хүртэл хойшлуулж чадсан нууц жорынхоо тухай сонирхуулаач?
-За олон зүйл бий дээ. Тэр олон шидэт эмийн дотор хүдрийн заар онцгой ач холбогдолтой гэж би үздэг. Элдэв төрлийн хорт хавдар, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэхэд араатан жигүүр, хорхой шавьж, таван хошуу малаас гардаг эрдэмт зүйл онцгой нөлөөлдөг. Өнөөгийн зуунд химийн гаралтай эм бага багаар шахагдан оронд нь амьтан ургамал, эрдэс бодисын гаралтай бэлдмэлүүд түрэн гарч эхэллээ. Хортой эмээр бус, тэжээллэг бэлдмэлүүдээр өвчнөө илааршуулах мөч ойртож байгаа шиг санагдах болов. Хүдэр бол буга гөрөөсний язгуурт амьтан юм. Монгол орны туурайтан амьтны хамгийн жижиг нь. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсын хуш, шинэсэн ойд амьдардаг. Халуун өвчнөөр болон саа өвчнөөр манарахад хэрэглэдэг. Жирэмсэн эмэгтэй хэрэглэж болохгүй. Эм зүйн судалгаанаас үзвэл төв мэдрэлийн систем, зүрхэн тамирт нөлөөлдөг онцлогтой. Миний хувьд хүдрийн заар орсон олон чухал эм өөрөө найруулан хэрэглэж мэдэгдэм амжилт олж явлаа. Чийгийн улаан хорхойг олныг идсэн дээ. Надад олон янзын амьтдын мах идэхэд амаргүй л байлаа. Хээр ийм махыг залгиж, зажилж, шимж идэх гээд олон арга хэрэглэсэн. Өт хорхойг идэхэд аймаар сэжиглэмээр боловч аяыг нь олоод залгих нь хялбар байдаг юм. Шархны улмаас цус алдаж, арьс үхжиж эхлэнгүүт аргаа бараад өт идсэн. Миний энэ амь булаалдсан үед өт идэхэд сэдрээд эдгэхгүй байсан шарх түргэн аньж эдгэсэн шүү. Өтөөр эмчлэх аргыг эртний Мая овгийнхон хэрэглэж байсан. Францын цэргийн жанжин Наполеон цэргүүдийнхээ цус алдалтыг өтөөр эмчилж байсан түүхэн баримт байдаг юм билээ. Би өглөө бүр уух цайндаа говьд ургадаг гоёо, мөн загасгал, боролзгоны шар цэцэг, гишүүний үндэс хийж уудаг юм.
Намайг зовиурлаж хэвтэхэд нохой минь дэргэдээс холддоггүй байлаа
-Үнэнч нөхөр тань болж явсан Тигр нохой, Цагаадай морь надад их сонирхолтой санагдаад байна л даа. Таныг тэд олон таагүй зүйлээс аварсан гэсэн?
-Тийм ээ. Тэд миний хамгийн үнэнч дотно нөхөр байсан юм. Цагаадай морио өртөөний хүнээс худалдаж, харин Тигр нохойгоо сайн анчнаас авсан. Би нохойтойгоо явахдаа юунаас ч айдаггүй байлаа. Тигрийг дагуулаад ойн хөвчөөр хэсдэг байлаа. Морио тэр болгон нэг их унахгүй. Зэлүүд газарт орхихдоо дэргэд нь айгуул босгон хамгаалдаг. Эзнээ үгүйд адгуус ч гэсэн ихэд ганцаарддаг юм билээ. Намайг нохойтойгоо ирэх чимээг хаа холоос мэдчихээд чихээ хулмалзуулан үүрсэж тайвширдаг байв. Нэг удаа би ой дотор мориноосоо буун тэмээний хорголын чинээ үхрийн нүд байхаар нь түүж, саваа дүүргэх гээд хол явснаа мэдэлгүй төөрчихжээ. Тэгтэл нар ч жаргах ойртов. Морио олох янзгүй боллоо. Айдас хүрч мориндоо санаа зовж, аргаа барахдаа дараалан хэд хашгираад чагнав. Тэгтэл нэлээд хол морь минь үүрсэх чимээ өгснөөр би морио олжих баярлаж билээ. Тигр тун ухаантай нохой. Надтай бүр дасаж, миний царай ямар байгааг, ядарсан эсэхийг хүртэл мэддэг байв. “Үнэнч шударгыг нохойноос сур” гэдэг үг үнэхээр үнэн юм билээ. Нохой 200 төрлийн авиагаар харилцдаг гэж бичсэнээс тун олноор нь бид бодол санаагаа ойлголцдог байсан даа. Хэнтий аймгийн Өндөрдэлгэр сумын Хангал нуурын дэргэд оромжиндоо ороод унтах гэтэл нохой маань гиншигнэн майхнаа тойрон газар маажлан, үүдээр шагайн гунигтайгаар гаслав. Аюултай золгүй юм болоход ингэдгийг би мэдэх учир гайхан гэгээ гаргатал майхны ар нуруу өөд нэг том могой мурилзан авирч харагдав. Миний бие тааруу, орондоо зовиуртай хэвтэхэд нохой минь дэргэдээс ер холддоггүй нүднээс нь нулимс хамар руу нь урсдаг байв. Нэг халуун өдөр асганы хөл даган ширэнгэ дунд салхи сөрөн явтал өмнө минь явсан соотон шар маань гэнэт гаслан сүүлээ хавчиж, араа харан харан зүгээ буруулж шогшив. Мориныхоо амыг татан түр зогстол дахин дахин нааш цааш гүйж намайг түргэн хойноос яв гэсэн мэт болоход араас нь даган цохио хадны шилд очиж, мориноосоо буун харуулдав. Тэр үед бидний явж байсан газраар нэгэн том шармаахай /эр баавгай/ залхуутай нь аргагүй явж өнгөрөв. Нохой маань ингэж туслаагүй бол би түүнтэй яг халз тулгарах байсан шүү.
-Сурвалжлагч аа танд нохой маань намайг хэрхэн эмнэсэн талаар ярьж болох уу?