Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 9-ны баасан гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

zasag_hur_1

Газрын тосны чиглэлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод явагдана

Газрын тосны газар 2000 оноос гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлж, сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодод оюутан залуусыг суралцуулах, сургалтын тэтгэлэг олгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж  эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 101 хүн тус газартай урт хугацааны сургалтын гэрээ байгуулан газрын тос болон түүнтэй холбогдох чиглэлээр гадаад оронд суралцаж байгаа бол 66 хүн сургуулиа төгсөөд ирсэн байна. Иргэд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан учир сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.

Журамд зааснаар Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын хэвлэл, уул уурхайн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны асуудал харуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө зарлана.

Монгол Улсын их, дээд сургуульд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад газрын тос, уул уурхайн чиглэлээр суралцахаар анх элссэн болон 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагч оролцох эрхтэй. Харин гадаадын их, дээд сургуулийн баклаврын шатанд суралцах сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуулийг A, B үнэлгээтэй төгссөн болон газрын тос, уул уурхайн чиглэлээр дотоодын их, дээд сургуулийн 1 болон 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голчтой суралцаж байгаа суралцагч оролцох боломжтой.

Мөн энэ чиглэлийн мэргэжлээр баклаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан иргэд гадаад болон дотоодын магистрын сургалтад, Харин 5 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай иргэд гадаад, дотоодын докторын сургалтад иргэдийн шалгаруулалтад оролцох эрхтэй юм.

Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталлаа

Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа өнөө үед улсын төсөвт байгууллагуудын гадаад улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хүлээн авах болон дамжуулах, төлбөр гүйцэтгэх тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай болоод байна. Засгийн газрын 205-р тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-д гадаад төлбөр тооцоог банкаар дамжуулан хийх харилцааг зохицуулсан заалт байхгүй байсан. Иймд Улсын төсөвт байгууллагуудын гадаад төлбөр, тооцоог Монголбанкинд байрших Сангийн яамны хөрвүүлгийн дансаар дамжуулснаар гадаад төлбөр тооцоог ажлын 2-3 өдөрт гүйцэтгэж байсан нь ханшийн зөрүү үүсэх, хугацаа алдах зэрэг учир дутагдлыг дагуулж байлаа.

Олон улсын зээл, тусламжийн хүрээнд хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүд өнөөг хүртэл Төрийн санд төвлөрөөгүй, арилжааны банкуудаар дамжуулан гүйцэтгэгдэж байгаа нь төсвийн хяналтыг сулруулж байгаа тул Олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас тавьсан хүсэлт, Төсвийн тухай хуулийн заалтуудыг үндэслэн Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулжээ.

Энэхүү журмыг шинэчлэн боловсруулснаар гадаад төлбөр тооцоог боловсронгуй, түргэн шуурхай, ханшийн эрсдэл багатай, төсөвт байгууллагын зардлыг бууруулах ажлын хүрээнд хамтран ажиллах саналыг 7 банкинд хүргүүлж, хамгийн бага үнийн санал, цахим үйлчилгээг санал болгож ирүүлсэн банктай туршилтын ажлыг 7 дугаар сарын 1-ээс эхлүүлсэн байна. Туршилтаар төлбөрийн шат дараалал багассан, гадаад төлбөр өдөртөө багтан төлбөр хүлээн авагчийн дансанд шилжих болсон, үйчилгээний зардал 30 хүртэл хувиар буурсан зэрэг олон эерэг үр дүн гарч эхэлсэн байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн зохицуулалт соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас өвийг үрэгдүүлж, устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байна. Үүнийг өөрчилж, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зохион байгуулалтын эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгаа учраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт боловсруулжээ. Засгийн газар хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 13 бүлэг, 59 зүйлтэй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн нэр томъёоны хэсгийг шинээр тодорхойлж, найруулга хийсэн, өвийн ангиллаас хамаарч түүнийг хадгалах, хамгаалах нөхцлийг тодорхойлсон зэрэг зарчмын өөрчлөлтийг оруулсан байна.

Хуулиар соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эд зүйл хийх, борлуулах, үйлдвэрлэх ажиллагаанд мерчандайзинг ашиглах боломжийг бүрдүүлж, мерчандайзийн гэрээнд заавал тусгах шаардлага, нөхцлийг тодорхойлох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …