С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэгийг Ерөнхий сайдад томилно

8f65a3819875a2596450c7101fed0b68

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-ынханд итгэл хүлээлгэж 65 нэр дэвшигчийг нь УИХ-д сонгосон. Хуулийн дагуу олонх болсон нам нь Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн томилоог хийх ёстой. Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан өнөөдөр өглөө УИХ-ын даргаар намын дарга М.Энхболдыг томилуулсан юм. Ингэснээр Ерөнхий сайдад хэнийг томилох вэ гэдэг асуулт олны анхаарлыг бүр ч ихээр татаж эхэллээ. Асуудал анхаарлын төвд улам бүр орох хэрээр хэнийг Ерөнхий сайдаар томилох вэ гэдэг  МАН-ынханы хувьд толгойны өвчин болоод байна.

Ерөнхий сайдад хамгийн түрүүнд яригдаж байгаа хүн бол өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын бүлгийн даргаар ажиллаж ирсэн С.Бямбацогт гишүүн юм. Тэрбээр дөрвөн жил бүлгийн даргаар ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд МАН-ын бүх улс төрийн ажиллагаа бүлгээр дамжиж гарч байлаа. Олонх болсон АН-ынханы өөдөөс бүлгийн гишүүдээ удирдан тун ч чадварлаг ажиллаж олон асуудлыг өөрсдийн талд шийдүүлж байсан. Тэрбээр намын нарийн бичгийн дарга, гурав дахь удаа УИХ-д сонгогдсон нэгэн юм.

Мөн МАН-ын энэ сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчаар ажилласан аж. Тэр утгаараа С.Бямбацогт гишүүний байгуулсан гавьяа их. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэгт ажлыг нийт 10 хүн хашсан байдаг. Үүнээс давхардсан тоогоор зургаан хүн нь УИХ-ын дарга, хоёр хүн нь Ерөнхий сайд, нэг хүн нь Ерөнхийлөгчөөр томилогдож байсан түүхтэй. Тиймээс улс төрийн нэр хүнд цар хүрээ, уламжлалаа харсан ч хамгийн боломжтой хүн нь С.Бямбацогт гишүүн аж.

Дараагийн хүн бол Н.Энхболд юм. НЭнхболдын хувьд нэр хүндтэй, нэр цэвэр,  төлөв даруу, олон удаа их хуралд сонгогдсон, салбарын сайдаар ч ажиллаж байсан туршлагатай нэгэн. Энэ утгаараа Н.Энхболдыг Ерөнхий сайдад томилохоос татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь энэ хүн намын даргатай нэг нутгийн гэдгээрээ илүү явах магадлалтай. Гэвч чуулган дээр Ө.Энхтүвшин гишүүн өнөөдөр үг хэлэхдээ засгийн томилгоог анхаарч хийхийг сануулсан. “Давхар дээл”-нээс татгалзаж, нутаг нуга харалгүйгээр хүмүүсээ томилохыг намынхандаа уриалсан. Тэгвэл хотын даргад Төв аймгийн гаралтай Су.Батболдыг нэр дэвшүүлж бараг томилуулах нь тодорхой болсон. Тиймээс дахин Төв аймгийн гаралтай гишүүнийг томилгоонд оролцуулах нь эргэлзээтэй.

Харин өнөөдөр өглөөнөөс хойш зарим хэвлэлүүдээр Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг томилох талаар МАН-ынхан ярилцсан талаар бичиж эхлэв. Ж.Эрдэнэбатыг дэмжиж буй гол хүн нь У.Хүрэлсүх. Тэрбээр өөрөө нэр дэвшээгүй. Өөрийнхөө дүү нарыг энэ удаагийн сонгуульд маш сайн дэмжсэн. Ихэнхийг нь гишүүн болгочихсон. Хэдийгээр 2012 онд сонгуульд намаа ялуулаагүй ч гэсэн “Зүүний хүчний” гэгддэг түүний бүлэглэл МАН дотор хүчтэй хэвээрээ байгаа. Ж.Эрдэнэбат бол нэгдүгээрт залуу хүн, хоёрдугаарт элдэв бохир асуудалд оролцоогүй нэр цэвэр нэгэн. Мөн өнгөрсөн жил Сангийн сайдаар чамгүй сайн ажиллаж байсан билээ. Тиймээс Ж.Эрдэнэбатад ч гэсэн боломж бүрэн дүүрэн байгаа юм.

Ингээд хамгийн чухал асуудлыг маргааш хуралдах намын Бага хурлаар шийдвэрлэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд нөхдөө тэргүүлж ачааны хүндийг үүрэлцэж явсан болон ямар нэгэн бүлэг фракцид сандал ширээ хуваарилдаггүй уламжлалт дэг журмаа харвал С.Бямбацогтыг Ерөнхий сайдад тавих магадлал арай илүү байна. Эсвэл намын дарга Н.Энхболд гишүүнийг “зүтгүүлж” магадгүй гэдэг таамаг ч улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Үүнээс гадна намын удирдлагууд түрүүчийн парламентад засагт оролгүйгээр үлдээд У.Хүрэлсүхийн фракцид найр тавиад Сангийн сайдын суудлыг өгсөн. Одоо дахиж тийм зүйл болох уу. Хэн нь гавьяагаа үнэлүүлэх вэ гэх зэрэг олон сонирхолтой асуултын хариуг бид маргааш Бага хурлаас харж болох бололтой.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд МАН-ынхан АН шиг фракциудад хэзээ ч сандал ширээ хуваарилж байгаагүй. Бүх асуудлыг дотроо ярьж шийддэг. Аливаа зүйлд эрэмбэ дараатай, дэс дараалалтай ханддаг билээ.

Г.Лхагваа

Эх сурвалж:Zuv Songolt.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …