Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.12/ Өвөрхангай аймгийн Тарагт сумын алдарт уяач Бадралын Энхбаатарын Хүй долоон худаг дахь уяагаар зочлов.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан морь Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Б.Энхбаатарт гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хонгор халзан моринд хадаг зүүлээ.
Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 239 соёолон уралдан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн буурал соёолон түрүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.