Монгол эмээлийн тухай

11887975_519372998237162_6601318240223942991_nУналга ачлагын морь малд тохдог бүүрэг, хавтас, гөлөм зэрэг тоногоос бүрдсэн хэрэглэлийг эмээл гэнэ. Эмээл нь морь унаж буй хүний хамгийн тохиромжтой суудал бөгөөд морины нуруунд хүндийн даралтыг жигд хуваарилах зориулалт бүхий хэрэглэл юм.

Төрөл зүйл: Эмээлийг ихэвчлэн хус модоор хийдэг.
Орчин үеийн монгол эмээл нэлээд олон янз боловч бүгд өөрсдийн гэсэн хөгжлийн тодорхой үе шаттай хөгжиж иржээ. Үүнээс үндэслэн монгол эмээлийг том хүний, хүүхдийн, залуу буюу эмэгтэй хүний, хурдан морины, орос, хасаг, цэргийн, үзэмчин эмээл гэх зэргээр ангилдаг.

Настай (том)
хүний эмээлийн суудал уужим, намхан бүүрэгтэй байх бөгөөд мөнгөн чимэглэл бараг ордоггүй. Залуучууд буюу эмэгтэй хүний эмээл нь хэмжээгээр бага, цомбогор босоодуу бүүрэгтэй, мөнгөн баавар даруулгатай байна. Хүүхдийн ба хурдан морины эмээл нь жижиг, авсаархан нам бүүрэгтэй байна.
Эмээлийн яс модыг бүрдүүлж буй бүүрэг нь эмээлийн урд ба хойно байх босоо хэлбэртэй хоёр гозгор хэсэг мод юм. Өмнөх бүүрэг нь өглөөний наран цухуйн мандаж байгаа хэлбэртэй байдаг учир наран бүүрэг, хойд бүүрэг нь яг шинийн саран шиг хэлбэртэй тул саран бүүрэг гэж тус тус нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, урд бүүрэг нэлээн босоо өндөр, хойд бүүрэг нь намхан (налуу) байдаг. Энэ нь хүн эмээл дээр сууж явахад биед эвтэйхэн тохиромжтой байдагтай холбоотой.
Эмээлийн бүүргийг ихэвчлэн тод улаан өнгөөр ямар ч өө сэвгүй жигд будаж гоёдог. Бүүрэгний доод захыг өөр өнгөөр эмжин будвал үзэмжтэй болно.

Монгол эмээлийн хоёр бүүрэгний дээд ирмэг дагуулан хадахад тохируулж, яс, төмөрлөгөөр хийсэн гоёл чимэглэлийн зүйлийг хяр гэнэ. Хярыг бугын эвэр, өнгөлсөн төмөр, ясаар хийж болдог. Гоёлын эмээлийн хярыг хээлсэн буюу хөөмөл хээ гаргасан мөнгө, гууль зэргээр хийдэг. Хярыг ясан болон төмөр хадаасаар хадаж бэхэлнэ. Хярны орчмын модны (бүүрэгний) ирмэгийг мөлгөр болгодог.

Эмээлийн хоёр бүүрэгний доорх олом жирэм, дөрөөний сур, ганзага, угсуурга зэргийг оосорлон тогтоодог хавтгай модыг эмээлийн хавтас гэнэ. Үүний доторх ирмэгүүдийг сайн налуу болгох нь малын нурууг нухаж гэмтээхээс хамгаална. Эмээлийн бүүрэг, хавтасны доод хөндийг эмээлийн хонх гэж нэрлэнэ.
Эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн хавтгайг нүхэлж, зөөлөн элдсэн нарийн сурыг сүвлэж тогтоосон оосрыг эмээлийн ганзага гэнэ. Ганзагыг 50см-60см урт, 0.5см өргөн, 0.3см-0.4см зузаан сураар хийнэ. Ганзага нь морины жолоог сойх, чөдөр, тушаа, ташуур, ачаа бараа зэргийг бэхлэх, даруулахад зориулагддаг.

Эмээлийн хавтасны дөрвөн үзүүр хавийн чимэглэлийг баавар гэнэ. Баавар ямар ч хэлбэртэй байж болдог. Баавраар сагалдраганы бэхэлгээг далдлан даруулна.
Эмээлийн модон суудлыг зөөллөх зорилгоор хийсэн нимгэн эсгий болон цэмбэн жийрэг бүрээсийг олонцог гэнэ. Олонцогны урт, өргөн нь эмээлийн суудал модонд яг таарсан байх шаардлагатай. Түүнийг дөрвөн ширхэг даруулга буюу баавраар яс модонд тогтооно. Олонцгийг зузаан хийвэл суудал нь багасаж, хүн чөлөөтэй сууж явах боломжгүй болох тул эмээлэндээ тохируулж хийх нь чухал. Олонцогийг тод өнгийн, бат бөх материалаар хийнэ.

Дөрөөний сур, гархи, эмээлийн хавтас нь хүний биеийг холгох, хувцсыг элээхээс хамгаалах зорилгоор хийгдсэн бөгөөд энэхүү жижиг гөлмийг эмээлийн дэвс гэнэ. Дэвсийг эмээлийн гөлөмний адил булигаар, хивс, шир, зузаан даавуун материалаар хээлж хийдэг.

Дэвс нь эмээл талдаа 12см- 13см, дөрөө талдаа 15см орчим өргөн, хоёр ширхэг байх бөгөөд түүнийг эмээлийн модон дээр, олонцгийн дор бөгтөргөн тавьж хадаж тогтооно.
Морины гэдсийг дөрөөний сур, дөрөө холгох, морь унаачийн гутлыг морины хөлснөөс хамгаалах зориулалттай том хэмжээтэй булигаар, хивс, шир зэрэг эдээр хийсэн халхавчийг гөлөм гэнэ. Гөлөм нь 60см-70см орчим урт, дээд талаараа 40см, доод талаараа 30см өргөн байдаг.

Мохоо өнцөгтэй, дөрвөлжин хэлбэртэй, дөрвөн талын голоор нь хотгор эсгэж битүү оёод, доод хэсэгт нь ам гарган дотор нь эсгий, унгас хийж өгсөн зөөлөвчийг мааюуз гэнэ. Үүнийг эмээлийн суудалд олонцог дээр тавьж голоор нь хавтас модтой бэхлэн тогтооно.12316231_548753281965800_8421050422066949367_n (1)

Морины гэдсэн доогуур оруулан, зөв талын жирэмд горхилон хийж, эмээл тогтоох хошлон оосрыг олом гэнэ. Ихэвчлэн хялгасаар томж, сүлжиж хийнэ. Эмээлийн олмыг гогцоонд нь оруулж чангалдаг гөрмөл сурыг жирэм гэнэ. Нарийн сурыг дөрвөөр сүлжиж хийдэг. Урд ба хойд жирэм гэж бий. Урд жирэм нь 40см, хойд жирэм нь 50см орчим урт байна. Олом, жирэм нь морины гэдэс, хэвлийг холгохгүйгээр овгор товгоргүй, өө сэвгүй, жигд байх шаардлагатай. Үгүй бол морины гэдэс, хэвэл холгогдож олойртоно. Эмээлийн даралтыг бууруулах, зөөллөх зориулалттай эсгий хэрэглэлийг тохом гэнэ. Морины нурууг холгохоос сэргийлэн хэрэглэдэг.

Морь малд мордох, унаж явахад хөлөө тавих зориулалттай эмээл, тохошны нэгэн эдлэлийг дөрөө гэнэ. Үүнийг оломтой сураар эмээлэнд бэхэлнэ. Олмыг ашиглан дөрөөг урт, богино болгож болно.

Эмээлийн олонцогийг тогтоох товчин тоногийг эмээлийн даруулга гэнэ. Эмээлийн бүүрэг, хавтасны дунд байрлах жижиг дөрвөлжин модыг эмээлийн загас гэнэ.
Эмээлийн хоёр бүүрэгний дунд талын хүн суух хэсгийг эмээлийн суудал гэнэ.

Хэрэглээ: Морийг уналга, эдэлгээнд ашиглахад хэрэглэгддэг чухал хэрэглэлийн нэг бол эмээл юм.

Ёс заншил: Монголчууд эмээлийн хонхыг дээш нь харуулж тавихыг төдийлөн таалдаггүй. Хойд бүүрэг дээр нь босгож тавих юм уу доош харуулан гөлмийг дээр нь тохон эвхэж тавьдаг. Эмээл дэрлэж унтахыг цээрлэнэ. Зөрчвөл есөн ес наян нэгэн муу ёрд унана гэдэг. Шинэ эмээлийг моринд анх тохоход эцэг хүн юм уу ахмад хүн эхэлж суудаг. Морио эмээллэчихээд уналгүйгээр эмээлээ авахыг цээрлэнэ. Зөрчвөл унаа эзэнгүйрэхийг ёрлов хэмээдэг тул заавал мордож ёс хийсний дараа эмээлээ авдаг заншилтай.

Шинэ эмээл тааруулан тохох үед:

“Хонхор дүүрэн морьтой
Хот дүүрэн малтай
Үрээ дүүрээд
Үрээгээ хөтлөөд яваарай” хэмээн ерөөдөг.
Шүдлэн байдас унагалахад шинэ эмээл төхөөрдөг.
Газарт тавьсан эмээл зайдалдаггүй. Муу ёр гэж цээрлэнэ.

“МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ” I ботиос

ugluu.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …