Өчигдөр буюу долдугаар сарын 14-ний өдөр Франц улс үндэсний баяраа тэмдэглэлээ. Энэ өдөр Бастиллийн цайзыг эзэлсэн түүхэн өдөр юм байна. Гэвч баярын үеэр террорист халдлага гарч олон хүн амь насаа алдсан харамсалтай явдал болжээ.
Тухайлбал, Орой 22:30 цагийн үед Францын өмнөд хэсгийн Ницца хотод баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү ачааны машин дайран орж 77 хүний амийг хөнөөж 100 гаруй хүнийг шархдуулсан байна. Ачааны машины жолооч бүрэн зэвсэглэсэн байсан ба хүмүүс рүү дайрахаасаа өмнө гал нээсэн гэнэ. Дараа нь цагдаа нар түүнийг буудан хөнөөсөн байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар автомашин хориглосон, зөвхөн явган зорчигчдод нээлттэй байсан гудамж руу ачааны машин 40-60 км/цаг хурдтай дайран оржээ. Францын эрх баригчид уг хэргийг террорист халдлага гэж үзэн шалгаж эхэлсэн байна.
Энэхүү хадлагаас болоод Франц Улсын удирдлагууд Монгол Улсад зохион байгуулагдаж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох боломжгүй болоод байгаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсын ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
ugluu.mn