“Давхар дээлгүй” МАН-д Монгол түмэн итгэдэг

Саяхан даа МАН сөрөг хүчин байх үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат /одоо УИХ-ын гишүүн болсон/-аар ахлуулсан хэсэг хүмүүс Чингисийн талбайд дээл давхарлан өмсөж, нүүрэндээ баг зүүж жүжигчилсэн тоглолт хийж байсныг санаж байна. Тэр өдрийн арга хэмжээнээс хамгийн тод санагдаж байгаа нь “Эрх баригчдыг давхар дээлээ тайлтал тэмцэх болно” гэж мэдэгдэж байсан Ж.Мөнхбатын үг.

Гэтэл засаг эргэж, МАН-ынхан эрх баригч болмогцоо хэлж байсан үгс, хийж байсан үйлдлээ мартаж орхисон нь харамсалтай. Үндсэн чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүд удирдах нь болох зүйл. Гэвч Ерөнхий сайдын өргөн бариад буй төсөлд ихэнх яамдыг УИХ-ын гишүүд удирдахаар буюу давхар дээл өмсөхөөр харагдаад байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дах сөрөг хүчин Ардчилсан нам үүнийг хэлээд байгаа юм биш л дээ. Ер нь бол МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна. Энэ Засгийн газар нь дан дээлтэй байна гэдэг амлалтыг ард түмэндээ өгч байсан санагдаж байна. Тиймээс уг амлалтыг нь иргэн хүний хувьд дахин сануулах нь зүйтэй байх.

Түмэн олныхоо саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан улс төрийн ууган хүчинд дээл давхарлаж өмсөхгүйгээр сайд хийгээд явчих чадварлаг боловсон хүчин, мэргэшсэн менежерүүд олон л байгаа харагддаг. Тохиролцоо, шагнал урамшууллаа түр мартаж, ард түмэндээ амласан амлалтаа санаж, гишүүдийнхээ дээлийг давхарлалгүйгээр мэдлэгтэй, чадвартай залуусаа дэмжиж, улсынхаа болоод итгэл хүлээлгэсэн иргэдийнхээ аж амьдралыг сайжруулна гэдэгт итгэж байна.

МАН бол төрийн удирдаж сурсан нам. Мөн тус нам шуудайн доторх эвэр шиг хагаралдаж байсан түүхгүй. Улс орны эдийн засгийн өсөлттэй, ард иргэдээ ажилтай, орлоготой авч явсан сайхан үеүүд ч бий. Энэ бүгдээ санаж, 2016 оны УИХ-ын сонгуулиар иргэддээ өгсөн Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаа даган, улс төрийн ашиг хонжоо хайсан нэгнийг бус мэргэжлийн боловсон хүчнээр Засгийн газраа бүрдүүлж, алдасан цаг хугацааг тэдний чадвараар нөхнө гэдэгт Монгол Улсын иргэн, шинэчлэл, хөгжил дэвшлийг хүсэгч нэгний хувьд хүсч байна. Та бүгдэд Монголчууд итгэж байгаа шүү.

Амар

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …