Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив.
Ярианы эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан Монгол Улсад болж өнгөрсөн АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсанд баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнөд Суданд алба хааж буй Монголын энхийг сахиулагчид маш их ачаалалтай ажиллаж байгаа” гээд Энхийг сахиулагчдыг хугацаанд нь шинэ ээлжээр сольж байх боломжийг хамтарч хэрэгжүүлэхийг онцоллоо. Мөн энхийг сахиулагчдын байрлаж буй газрын болон үйл ажиллагааны аюулгүй байдал, нөхөн хангамж дээр онцгой анхаарахыг хүслээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “НҮБ-ын ажилтнууд, түүний дотор энхийг сахиулагчдын аюулгүй байдал бол НҮБ-ын хамгийн чухал асуудал. Бид үүн дээр үргэлж анхаарч ажиллана. Таны ярьж хэлж байгаа зүйлийг бид эндээ авч үзнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ асуудлаар хийх хуралд таны хэлсэн саналыг танилцуулна. Цаашдаа үр бүтээлтэй хамтарч ажиллая, танд амжилт хүсье” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад цаг гарган чухал асуудлаар ярилцсанд нь талархал илэрхийлж, ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлын үеэр уулзахаар тохиров.
president.mn