АТГ сайдад нэр дэвшигч дөрвөн хүнээс татгалзжээ

fb7a7d2af730590df28327dd1ce5518a

АТГ-аас шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшээд буй дөрвөн хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ.

Тодруулбал, Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад дараах хариуг ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. Үүнд,

Нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна.

Нэр дэвшигч Ц.Анандбазар нь өөрийн үүсгэн байгуулсан компаниудын талаарх мэдээллийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт, мөн түүний эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Ц.Анандбазарын үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан компани нь газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 компанийг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан байна.

Нэр дэвшигч Ц.Цэнгэл нь “Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллийг мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөл” хэсэгт мэдүүлээгүй байна. Түүний эхнэр Н нь Эрчим хүчний зохицуулах газраас олгосон тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн захирлаар, уг компанийн охин компани болох цахилгаан эрчим хүч түгээх, хангах, эрчим хүчний төхөөрөмж, үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

Нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байна.

Иймд эдгээр нэр дэвшигч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгохоор байна гэж АТГ үзжээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …