Өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа 11 сайдыг томилж, үлдсэн дөрвөн сайдыг энэ долоо хоногт дахин хэлэлцэхээр болсон. Сайдаар томилогдсон хүмүүс тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон.
Дээрх дөрвөн сайдын нэрийг олон нийтийн эсэргүүцлийн улмаас эргүүлэн татсан бөгөөд тэднийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж татгалзсан хариу өгсөн.
Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа барилгын чиглэлээр олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс эдгээр эрхмүүд сайд хийхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТГ-аас татгалзсан хариу өгсөн юм. Мөн АТГ-аас гаргасан дүгнэлтийг МАН-ынхан ч хүлээн зөвшөөрсөн байна.
Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Тиймээс УИХ-аас томилогдсон 11 сайд аль хэдийн тамгаа хүлээн авч ажилдаа орсон бол Барилга хот байгуулалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрүүл мэнд, Эрчим хүчний сайдуудын асуудлаас гадна дэд сайдуудын томилгоог энэ долоо хоногт эцэслэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.