Н.Энхбаярыг улс төрөөс арчих эрх баригчдын боломж

1453365225_c015c554bbf2492cgreat

Өмнөх Засгийн газарт эвсэл байгуулж, төрийн эрхийг атгалцаж явсан МАХН-ынхан энэ удаагийн ээлжит УИХ-ын сонгуульд АН-аас дутахааргүй санаанд оромгүй ялагдлыг хүлээсэн. Гэхдээ оргүйгээс охинтой нь гэдэгчлэн ад шоо үзэгдээд байсан О.Баасанхүү намдаа ганц суудал авч ирсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хамгийн сайхан мэдээ байсан байж таарна.

Учир нь, ясны улстөрч гэгддэг Н.Энхбаяр даргын хувьд аз нь шовойж, дахин парламентад заларсан мань эрийн гавьяагаар ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө биш юм аа гэхэд намаасаа хэн нэгнийг нэр дэвшин өрсөлдүүлэх эрхтэй болсон юм.

Бас нэг гаргалгаа нь энэ бол улс төрөөс бараг л “арчигдсан” Н.Энхбаярын хувьд дахин улс төрд орж ирэх, магадгүй төрийн тэргүүнд сандайлан суух алтан боломж ч байж мэдэх юм. Хэрэв тэр дотроо нуусан энэхүү битүүхэн хүслээ биелүүж чадах юм бол унтаа байдалтай байгаа МАХН дахин сэргэж, улс төрийн өнгийг тодорхой хэмжээнд зуралцах болно.Харамсалтай нь, өмнөх Засгийн газрын үед ч, өнөөгийн Засгийн газар ч МАХН-ын дарга Н.Энхбаярт ямар нэгэн албан тушаалын сэтэр зүүлгэх нь битгий хэл улс төрд хөл гишгүүлэхийг ч хүсэхгүй байгаа хүн олон бий.

Хэрэв уншигчид санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд АН, МАН гэж ялгалгүй Н.Энхбаяр даргын гар, хөлийг туших гэсэн оролдлого олон удаа гарч байсан. Хар үүрээр гэрийнх нь хаалга үүдийг нь эвдэж, өглөө болоогүй байхад оймсыг нь гозолзуулан цагдан хорих анги руу ачсанаас хойш Н.Энхбаярыг улс төрөөс нэг мөр арчиж хаях гэж үе, үеийн улстөрчид чадлаараа зүтгэсэн ч тусыг эс олсон удаатай. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж хууль, хяналтыхнаар “Ялын хугацаа нь дуусаагүй” гэх дүгнэлт, тайлбарыг хүртэл гаргуулж амжсан билээ. Арга ядсан Н.Энхбаяр өөрийнхөө оронд эхнэрийнхээ нэрийг дэвшүүлсэн ч “ялагдал” хүлээсэн. Ялагдалтайгаа эвлэрч чадаагүй юу, эсвэл улс төрд дахин гарч ирэх боломжоо анаж суугаа юу гэдгийг нь мэдэхгүй ч Н.Энхбаяр болон намынх нь нөхдүүд цөм “унтаж” байна. “Унтаж” байгааг нь улс төрийн өнөөгийн үйл явдлаас бэлхнээ харж болно.

Гэхдээ ямар ч өнцгөөс харж, яаж ч бодсон түүний ганц найдвар, улс төрд орж ирэх боломж нь О.Баасанхүү гишүүн болжээ. Харин О.Баасанхүү гишүүний намдаа “хүнийрхсэн” мэдэгдлүүд Н.Энхбаяр гэгч “дарагдашгүй” улстөрчийг улс төрөөс нэг мөр арчих эхлэлийг тавьж байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, парламентад дахин сонгогдсон О.Баасанхүү гишүүн тангараг өргөсөн өдрийнхөө маргаашнаас л “АН-д нэг ч гэсэн дусал нэмэр болно гэвэл татгалзах зүйл алга” гэх утгатай зүйлийг цахим сүлжээгээрээ дамжуулан тараасны дараахан улс төрийн хүрээнийхэн дунд хэзээнээс намынхаа даргатай таарамж муутай байсан түүнийг намаасаа “урвах” тухай яриа хүчтэй яригдаж эхэллээ. Тэр ч битгий хэл, зарим өдөр тутмын хэвлэлд түүнийг МАН-д элсэж, оронд нь сайдын суудалд тухлах гэж байгаа талаар ч хөнджээ. Үнэхээр олны үг ортой гэдэг шиг дээрх яриа үнэн байж ч мэдэх юм.

Учир нь, МАН-ынхан ч бай, АН-ынхан ч бай О.Баасанхүү гишүүнийг ямар нэгэн аргаар намдаа элсүүлчих юм бол ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр өрсөлдөх боломжгүй болно. Намын ганц суудал нь үгүй болоод зогсохгүй тэрбээр өдгөө гэмт хэрэгтэн болж жинхэнэ утгаараа улс төрөөс арчигдах магадлалтай болчихлоо. Ийн хэлэхийн учир нь өчигдөр АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татсан тухай зарлан дуудах хуудсыг намынх нь цагаан байранд гардуулан өгчээ. Уг бичигт “Намбарын Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газраас иргэн Намбарын Энхбаярт өмнө нь 2015 оны 2 дугаар сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 22, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байсан болно. Авлигатай тэмцэх газар хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Намбарын Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан” хэмээн дурьдсан байна. Ямартай тус газраас зургаа дахь удаагаа ийнхүү зарлан дуудах хуудас өгч өөрийн биеэр АТГ-т бэлэн ирэхийг мэдэгдсэн ч тэрбээр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирсэнгүй гэх тайлбарыг тус газраас өгч байсан юм. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хүн нэг мөсөн улстөрөөс арчигдах нь ийнхүү тодорхой болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …