“Бурхан таалахгүй” буюу Лалын шашинтай улсад эмэгтэй хүн болж төрсний хэрэггүй

image1-338x600
Аян замын тэмдэглэлийнхээ эхний хэсгийг нэгэнт блог дээрээ оруулж хаашаа ямар зорилгоор хэзээ аялснаа оруулсан тул энд олныг нурших илүүц биз. Уншигч та харин уншиж амжаагүй байгаа бол тэмдэглэлийн маань өмнөх хэсгийг www.erkhembayar.mn блог хуудас болон, Балтсүхийн Эрхэмбаяр фэйсбүүк хуудаснаас сонирхон уншаарай.
Онгоцны буудал дээрээс эхлээд л намайг ширтэх том том хар нүднүүдийг би илтэд анзаарч эхлэв. Гэхдээ дандаа эрчүүдийн нүд. Яагаад гэвэл Энэтхэг Пакистанд гадуур дотуур дан эрчүүд л явж харагдана. Дэлгүүр мухлагаа эрчүүд нь ажиллуулж, гуанз үйлчилгээний газар хаа сайгүй зөвхөн эрчүүд. Охид бүсгүйчүүд их цөөхөн. Бодвол тэд гэртээ бүгд л эр нөхрийнхөө хоолыг хийж, хүүхдүүдээ асарч суудаг биз ээ. Би уг нь хэрэндээ л “хуучинсаг” хувцасласан билээ. Жирийн л жинс футволк өмссөн ч  хүмүүс намайг эвэртэй туулай үзсэн мэт л ширтсээр. Иймд маргааш нь би гадуур явахдаа шагайгаараа шүргэсэн урт даашинз өмсөөд гарлаа. Гэвч бас л харийн хүмүүсийн ширтэлтээс би алхам ч салсангүй.
Иймд би дэлгүүр орж алчуур аваад нүцгэн гараа далдалж ороолоо. “Ёох одоо л нэг энэ том том хар нүднүүдийн харцнаас нэг ангижрах биз” гэж бодоод нэг уужим амьсгаа авлаа. Гэтэл бас л андуурал байлаа. Гэхдээ тэр нүднүүдийн ширтэлтэд би улам бүр дасан дассаар тэд зүгээр л сониуч зангаараа тэгж буйг ойлгож эхлэв. Аялалыг минь зохион байгуулж буй компаны хөтөч  энэ өдөр намайг хотоор дагуулан явж дараагийн хэд хоног бөглүү газар ууланд амьдрах тул хэрэгтэй ойр зуурын зүйлсээ худалдаж авахыг зөвлөнө.
    Ажилдаа явж буй залуус. 
    Бид хоёр нас чацуу 
     Гадаадын хүн надтай зургаа авахуулахыг хүссэн хөөрхөн Пакистан охид 
Хотын төв талбай, хөшөө дурсгалыг сонирхон явж байтал гудамжинд тааралдсан хүмүүс ялангуяа бүсгүйчүүд надтай хамт зургаа авахуулахыг хүсэж гар утсаа барьсаар ирэх нь надад бол их содон зүйл байлаа. Би ч Холливудын кино од аятай хүүхэд багачууд, эмэгтэйчүүд голдуу тэдэнтэй патиараа зөндөө татууллаа. Намайг хаанаас ирснийг минь англи хэл мэддэг нэг нь асууна. Монгол гэхээр ихэд элгэмсгээр инээмсэглэнэ. Эрчүүд бол муслим шашныхаа заншлаар өөрийн эхнэр охидоос өөр эмэгтэйчүүдийг үл тоосон хүнийрхүү гэхдээ нэг тийм зай барьсан бас ч үгүй ихэд хүндэтгэсэн байдлаар харьцана. Надтай зургаа авахуулахыг хүсвэл заавал хөтөч залуутай хамт ч юмуу хэн нэгэн эрэгтэй хүнтэй хамт бол авахуулна.
Би мусулман эрчүүдийн занг сайн мэдэхгүй. Тэднийг эмэгтэй хүнийг дуртай цагтаа доромжилж, магадгүй зодож мал, эд баялаг мэт үздэг л гэсэн төсөөлөлтэй байсныг минь тэдний намайг ихэд хүндэтгэсэн байдлаар харах харц, бас хүндэтгэлтэй харьцаа нь өөрчилсөн. Тэдний харцанд “эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн” гэсэн цаанаа нэгэн басангуй өнгөтэй сүлэлдэн нэгэнт өөрийнх нь эхнэр ч юмуу хамаатай эмэгтэй бус бусдын эмэгтэй бол нүдэнд үл үзэгдэх хатуу зай барьж харьцсан нэг тийм хүндлэл тодорно. Нэг ёсондоо Улаанбаатарын гудамжид зөндөө л тааралдах ухамсар дорой залуус шиг надад огт халдахгүй, өдөж хоргоон татаж чангааж эвгүй байдалд оруулахгүй, надтай огт эвгүй харьцахгүй, зайнаас харьцана. Эмэгтэй хүнийг хүндлэх тэдний энэ ёс журам надад ихэд амар таатай байлаа. Мусулман эр Коран судар ёсоороо 4 хүртэл эхнэр авч болох ч нэмж эхнэр авах бүртээ анхны эхнэрээсээ заавал зөвшөөрөл авдаг. Хэрэв эхнэр нь зөвшөөрөхгүй бол нэмж эхнэр авдаггүй гэж нутгийнхнаас сонслоо. Бас л ёс журамтай ажээ. Эндхийнхэн эрт гэрлэх ажээ. Бас наснаасаа ихэд оворжуу харагдана. Бууралтаж яваа сахал үстэй өвгөжөөр нэг эрийг надтай чацуу гэхийг сонсоод би дуу алдаж тэр эр бас намайг өөртэй нь чацууг мэдээд надаас дутахгүй гайхширсан. Нутгийнхан, хөтөч нар намайг 25-тай юу гэхийг сонсоод “өөрийгөө залуу сайхан” гэж хэлүүлэх дуртай эмэгтэй хүний төрөлхийн зөнгөөрөө би дотроо баяртай л явлаа.
    Ачааны машиныг ингэж гангалж чимэглэнэ.
   Асколи тосгоны бүсгүйчүүд.  Лалын шашинт бүсгүйчүүд зураг даруулах тун дургүй.
     Уулын аялалаа эхлэхийн өмнө. Асколи тосгонд 
    Эмч болох мөрөөдөлтэй Фозия охины хамт. Скарду сууринд 

Уулын нэгэн тосгонд би Фозия гээд 16 настай балти охинтой танилцсан юм. Охиноо гэрээ ихэд санаж явсан би бээр хүүхдүүдтэй хэсэг зуур дотночилон яриа өрнүүллээ. Тэр өдөр охины минь төрсөн өдөр байсан тул түүний үе тэнгийн энэ охинтой танилцсандаа би ихэд баяртай байлаа. Би охиныхоо төрсөн өдөр гэдгийг хэлж тэр минь чамтай бараг чацуу өнөөдөр 15 нас хүрч байна гэхэд Фозия ихэд эелдэгээр “охиндоо надаас төрсөн өдрийн мэнд хүргээрэй” гэв. Фозиягийн эцэг тосгондоо хамгийн баян хүний нэгд тооцогдоно. Тэднийх нэлээн том цайны талбайтай, мөн тосгондоо цор ганцаараа блок хийдэг гэрийн бяцхан үйлдвэртэй ажээ. Гуч гаруй насны гэр бүл гурван хөөрхөн охинтой, эхнэр нь харин боловсролтой ажил эрхэлдэг бүсгүй байв. Тэр USAID-ийн төслийн ажилтан хийдэг ажээ. Фозия англи хэлтэй хувийн сургуульд сурдаг тул англиар чөлөөтэй сайн ярина. Би түүнийг сургуулиа хэзээ төгсөх, төгсөөд юу болох хүсэлтэйг нь сонирхон асуулаа. Фозия надад би эмч болно гэж хариулсан ч “хэрэв бурхан таалвал” гэж итгэл муутай өнгөөр нэмж хэлэв. Тийм ээ сэргэлэн цовоо хөөрхөн Фозияг би эмч болоход хангалттай ухаан сэтгэлтэйг мэдэж байсан ч лалын шашинтай эмэгтэй хүнийг нээрээ л бурхан таалвал л тэр мөрөөдлөө биелүүлэх биз ээ.

Би тэднийхээс буцаж явахдаа Фозияг ирээдүйд эмч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж явсан ч хөтөч залуугаас Фозия саяхан сүй тавьсан 25 настай найз залуутай тэд удахгүй гэрлэнэ гэхийг сонсоод дотор нэг юм зураад харамсал төрөөд явчихлаа. Хар нялхаараа миний охин шиг тэр охиныг аль хэдийн нөгөө шашны бурангуй нийгэм хүний эхнэр болгоод ирээдүйд хэдэн хүүхэд төрүүлэхээс илүү гавьяагүй эмэгтэй болгох хувь заяаны эрхшээлд нэгэнт оруулсан ажээ. Тийм ээ. Хэдэн сая хэдэн мянган Фозия охиныг,  хэдэн мянган хүний амийг аврах эмч болох бүсгүй хүний ариун мөрөөдлийг “тэдний Бурхан” таалахгүй л дээ. Миний хоолой зангираад уйлмаар болчихлоо. Хар нялхаараа миний охин шиг хүүхэд яаж хүний эхнэр болох юм бэ. Замын туршид би гуниглаж бүсгүй хүний хувь заяа зовлонг мэдэрч явлаа. Гэхдээ би Монгол оронд төрсөн хувь заяагаа бодож тайвширч билээ. Тийм ээ. Миний эмээ, ээж, эгч дүүс, миний охин бид бүгд Монгол бүсгүйчүүд минь энэ ертөнцийн азтай эмэгтэйчүүд юм.

Үргэлжлэл бий…

“Тасдаж үл болох сарнай”, “Сайхан төрөх санааных”, “Алганы хээ” номуудын зохиогч

Б.Эрхэмбаяр

2016 оны 6 дугаар сарын 4 (Охин Б.Бөртэгийн минь төрсөн өдөр түүндээ зориулав. Төрсөн өдрийн бэлэг)

Скарду суурин. Каракорумын нуруу

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …