“Токио 2020” зуны олимпийн хөтөлбөрт бейсбол/софтбол, карате, скейтборд, спорт авиралт болон серфинг гэсэн таван спорт нэмэгдэж орох боллоо.
Рио де Жанейрод явагдаж буй ОУОХ-ны 129-р зөвлөгөөнөөс гаргасан энэ шийдвэр нь олимпийн түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Орчин үеийн олимпийн түүхэнд нэг дор ийм олон спортыг наадмын хөтөлбөрт нэмж байгаагүй юм. “Олимпийн аженда 2020”-д санал болгосон шинэлэг, уян хатан, орчин үеийн хүүхэд залуусын сонирхлыг олимпизм руу чиглүүлэх бодлогын хүрээнд “Токио 2020” наадмын зохион байгуулагчид энэхүү таван спортыг танилцуулсан.
Токиогийн олимпийн зохион байгуулагчид уг саналаа 2015 оны 9 сард анх ОУОХ-нд танилцуулсан бөгөөд мэдээлэл болон техник, технологийн ололтыг олимпизмийн хөдөлгөөнд эерэгээр ашиглах нь тэдний гол санаачлага байсан юм.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэ талаар “Бид спортыг залуучуудад хүргэмээр байна. Тэдэнд анхаарал хандуулах асар олон сонголт бий болж байгаа учраас өнөө үед спорт сонирхох хүүхдүүд цөөрч байгаа. Токиогийн олимпийн зохион байгуулагчдын шинэ санаачлага Аженда 2020-ийн алсын бодлого, алсын хараатай сайн зохицож байгаа. Залуусын түлхүү сонирхдог эдгээр спортыг наадмын хөтөлбөрт нэмснээр Токиогийн олимп шинэ үеийнхэнд том нөлөө үзүүлнэ гэж найдаж байна”
Шинээр нэмэгдсэн спортууд наадамд оролцох тамирчдын квот болон олимпийн бусад спортуудад нөлөөлөхгүй. Эдгээр 5 спорт нэмэгдсэнээр нийт 18 төрлийн эрэгтэй, эмэгтэй адил тооны 474 тамирчдад олимпод оролцох үүд нээгдэж байна. Токио 2020 мөн Аженда 2020-д тусгагдсаны дагуу шинээр байгууламж барилгүй зөөврийн болон түр хугацааны байгууламжийг ихээр ашиглахаар төлөвлөсөн.
МҮОХ