“Албатай ч юм шиг зодуулаад л хамт амьдраад байдаг, архичин нөхөртэй авгай шиг “Мобиком”-ын хэрэглэгч, би”. Энэ үг сошиалд хэдийнэ трэнд болчихжээ. Инээдтэй ч үнэнд тун дөхөж очсон зүйрлэл гээд хэлчихэд гажихгүй. Учир нь манай үүрэн холбооны операторууд хэрэглэгчдээ “шулж, мөлждөгөөрөө” хэнийг ч дагуулахгүй л дээ.
Хамгийн отгон гэгддэг “Жи мобайл”-ыг хөдөөгийнхөн, гадаадад амьдардаг монголчууд, албан байгууллагууд голдуу ашигладаг тул нэг их хэл ам татлаад байдаггүй. Учир нь байгууллага дотроо хоорондоо үнэгүй ярьдаг, хөдөө сүлжээ сайтай, шинэ дугаар авбал интернэтийн бүтэн жилийн эрх дагалддаг гэхчлэн иргэд хошуу “дэвсдэг”.
Харин “Скайтел” группийг “шимэгчтэй” гэж ярьдаг ч нөгөө хоёр “мангасыгаа” бодвол хэрэглэгчдээсээ бас ч гэж учиртай “иддэг” гэлцэх юм. Тэгвэл “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” уриатай үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком” хэрэглэгчдийн дунд нэр хүндээ улам л алдсаар байна. Хэрэглэгчид нь “Моби”-г “молиго”, “шулаач” гэхчлэн элдэв янзаар зүхдэг ч “зодуулаад” л хамт амьдраад байдаг нь тэдний үйлчилгээ сайн, хямддаа биш юм.
Тус корпорацыг байгуулагдсанаас нь хойш олон жил үнэнч явсан хэдэн зуун мянган хэрэглэгч бий. Тэднийг “Та нар муусайн юмнууд яаж ч чадахгүй” гэсэн шиг харьцаж, халаасыг нь дураараа “сэгсрэхээ” одоо болимоор юм. Хэрэггүй урамшуулал, хямдхан бэлгээрээ нүглийн нүдийг гурилаар хуурч ирсний бэлээхэн нэг жишээ нь 20 жилийн ойн сюрпризүүд байв.
Сард 15 мянган төгрөг төлөөд сүлжээндээ хязгааргүй, үнэгүй ярьдаг “Карт плас”-ын хэрэглэгчдэдээ 20 жилийн ойн бэлэг гээд сүлжээндээ үнэгүй ярих эрх өгсөн гээд бод доо. Тэгвэл энгийн, урьдчилсан төлбөрт дугаар барьдаг Цэцэгээгийн үйлчилгээний хугацаа нь 2024 онд дуусах байтал нэгжээр цэнэглэснийх нь хариуд сунгалтын таван хоног бэлэглэсэн байх юм.
Үүнийг “Мобиком” нэг бол “ой санамжаа” алдаад, хэрэглэгчдийнхээ ямар дугаар барьдаг, сард хэдэн төгрөгөөр дансаа цэнэглэдэг, үйлчилгээнийх нь хугацаа хэзээ дуусахыг огт мэддэггүй гэж хэлж болохоор. Эсвэл муусайн хэрэглэгчдээ доромжилж, тохуурхсанаас өөр ялгаа нэг их харагддаггүй ээ.
Автомашин, орон сууц хожих азын сугалаа хэд хэдийг ч явуулж, хэрэглэгчдээ луйвардаж байсан “туршлагатай” энэ корпорацын үйл ажиллагааг ШӨХТГ-ынхан олонтаа ухаж төнхсөний эцэст хэд хэдэн зөрчил ирүүлсэн байдаг. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сард “Мобиком”-ын хууль бус үйл ажиллагаатай тэмцэнэ гэдгээ ч хэлж байв.
Тус газрынхны шалгалтаар тэднийх дараа төлбөрт үйлчилгээнийхээ гэрээ болон үнэ, нөхцөл зэрэгт өөрчлөлт оруулахдаа ажлын тав хоногийн өмнө мэдэгддэггүй, хэрэглэгч тухайн сард дугаараа ашиглаагүй байхад суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрээ 2014 оны арваннэгдүгээр сарын 18-нд гаргачихаад тухайн сарынхаа 1-нээс мөрдсөн нь хэрэглэгчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл аж. Мөн тухайн компанийн сүлжээ тасалдаж, доголдох үед хохирлыг нь барагдуулдаггүй, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигладаг нь тэнцвэртэй зарчмыг алдагдуулсан байна.
Тэр байтугай олон улсад ашигладаг роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын талаарх мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгчид төлбөрөө хянах ямар ч боломжгүй. Тухайлбал, “Хэрэглээ тань 300.000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарлалаа” гэх бүдэг бадаг зурвас илгээдэг ч яг төлбөрөө тушаах үед энэ мөнгө ид шидийн гэмээр хэд дахин нэмэгдсэн байдаг гэнэ. Энэ мэт хэрэглэгчдийг “шулах”, луйвардах аргаа өөрсдөө сэдэж, гэрээндээ шигтгэчихдэг бололтой.
Тухайн үед ШӨХТГ-ынхан “Ер нь “Мобиком” корпорац иймэрхүү асуудал байнга гаргадаг. Үүнийг Монголын ард түмэн бүгдээрээ л мэднэ. Гэсэн ч тэд энэ башир аргаа давтсаар. Өөрсдийг нь дийлэх байгууллага, хувь хүн байхгүй болсон мэт аягладаг” гэж байсан. Одоо ч дээрдсэн зүйлгүй, арга нь улам л нарийссаныг би биш “Моби”-гийн хэрэглэгчид хэлж байна.
“Бусдад хэлэлгүй ширхэг шүдэнзний мод авсан ч тэр нь хулгай болдог” гэж эцэг эх маань захиж сургасан. “Мобиком”-ынхны нууцаар хийдэг өөр нэг “хулгай” нь интернэтийн үйлчилгээ гэнэ. Дата худалдан авах, 3G үйлчилгээ нь цангасан тэмээ шиг л мөнгө “уудаг”-ийг хэрэглэгчид нь батлаад өгнө лээ. Фэйсбүүк хуудсанд “Мобикомд луйвардуулж залхлаа”, “Мобикомын хэрэглэгчдийн жаргал, зовлон”, “Мобиком монголчуудыг шулахаа больё” зэрэг хэд хэдэн групп идэвхтэй ажилладаг юм байна. Түүгээр “Мобиком”-ын удирдлагууд нэг зочлоод гарахад гэмгүй.
Тэнд бичсэн сэтгэгдлүүдийн дунд “5000 нэгжээр утсаа цэнэглээд 3G-гээрээ фэйсбүүк рүү ороод хэдхэн мэдээлэл харсан юм. Тэгсэн чинь 5000 нэгж хий үзэгдэл шиг л алга болчихсон. Оператор руу нь залгаад хэлтэл “Та олон мэдээлэл багтаасан групп рүү орсон байна. Их багтаамжтай мэдээлэл үзэхээр 5000 нэгж юу ч болохгүй” гэх юм.
Арай ч дээ, би нэг ч сайт руу ороогүй, бичлэг ч үзээгүй. “Мобиком” шулаач шулаач гэхэд хэтэрхий юм аа” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Би дараа төлбөрт дугаар олон жил барьж байна. Сүүлийн үед дата эрх авах гэж “Моби”-д хэмлүүлж дууслаа. Төлбөр төлөхөөр дата эрх ирдэг юм. Дуусаад дахин дата багц идэвхжүүлээд 592 дугаарт илгээтэл ямар ч хариу ирээгүй. Тэгэхээр нь дахин зурвас илгээлээ. Ашгүй, нэг юм амжилттай боллоо шүү. Хамгийн инээдтэй нь, дараа нь төлбөрөө төлөх гээд очтол “Та хоёр удаа дата багц идэвхжүүлсэн байна. Ашиглаагүй ч гэсэн хамаагүй. Төлбөрөө заавал хийх ёстой” гэсэн юм.
Багц идэвхжүүлэх хүсэлтэд хариу өгөхгүй бол дахин битгий зурвас илгээгээрэй. Өөрсдөө л хохироод үлддэг юм байна” гэсэн байв. Настайвтар нэг эгч “Ач охин утсаар маань тоглож байгаад 3G сүлжээг нээчихэж. Би тэрийг нь мэдэлгүй хонуулчихсан чинь утасны төлбөр аймаар өндөр гарсан. Гайхаад нэг салбар дээр очиж хэрүүл хийлээ.
3G асаалттай байсан ч ямар нэг сайт, фэйсбүүк рүү ороогүй, огт ашиглаагүй байхад тийм их төлбөр гарсныг “Мобиком”-ынхон “Интернэт асаалттай үед ухаалаг утас автоматаар өөрийгөө update хийдэг учраас интернэт ашигласанд тооцно. Дата, нэгж “урсдаг” юм” гээд намайг хэлэх үггүй болгосон доо. Одоо ингэж дарлуулж чадахгүй нь. Би “Моби”-гоос татгалзаж байна” гэжээ.
Монголын хамгийн анхны үүрэн холбооны оператор, нэр хүндийн баталгаа гэдгээр нь иргэд “Мобиком”-ыг сонгосон. Монгол Улсын гурван хот, 21 аймаг, томоохон сум, сууринг хамарсан 356 газар, xүн aмын 90 хувьд хүрч, сүлжээгээ байгуулсан тус корпорац хэрэглэгчдээ энэ мэтээр “мэрсээр” байвал та нартай тийм ч удаан хамт байхгүй л болов уу.
Хүнд өмсдөггүй хэрнээ хаядаггүй тийм нэг хувцас байдаг даа. “Мобиком”-ын дугаараа зарим иргэн яг л ингэж ашиглах болж. Ярих, интернэтэд орох гэхчлэн хэрэглээгээ арай хямдаар шийдчихэж байна. Энэ нь нэг хүн дор хаяж хоёр өөр дугаар ашигладаг гэсэн үг.
Манай улсын үүрэн холбооны зах зээлд “Мобиком”, “Юнител” хоёр АН, МАН шиг л эн тэнцүү өрсөлддөг. Тэгвэл “Юнител”-ийнхэн ч гэсэн өөгүй өндөг шиг улс биш. Анх “Green gold” буюу GG хөтөлбөр санаачилснаар хэрэглэгчдээсээ багагүй өндөр “оноо” авч байлаа. Энэ үйлчилгээгээр урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэх бүрт 100 төгрөг тутамд нэг GG оноо дансанд нь орох ёстой. Дараа төлбөртийн дугаартай хэрэглэгч ч ялгаагүй.
Утасныхаа төлбөрийг хийх бүрт урамшууллын оноо бэлгэнд авдаг юм. Уг оноогоор хэрэглэгчид Улаанбаатар хотын GG-д нэгдсэн олон байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлж, яриа, дата, зурвас бичих багц худалдан авах боломжтой. Энэ үйлчилгээгээ тэд анх сурталчлахдаа GG-гээ цуглуулаад гар утас хүртэл авч болно хэмээж байсан. Оноогоо цуглуулаад томоохон бэлэг авчих сонирхолтой олон хэрэглэгчийн нэг нь Дорж.
Тэр 2015 оны аравдугаар сар гэхэд 4000 гаруй GG цуглуулжээ. Тэгтэл “Юнител”-ээс зурвас ирж, “Танд 2015 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ашиглах … GG оноо байна. Та дансаа шалгахыг хүсвэл ….дугаарт мессеж илгээнэ үү” гэсэн байна. Оноогоо цуглуулж, гар утас авах түүний мөрөөдөл нь ингээд талаар болжээ. Дорж ч гайгүй ээ, бага “шатсан” гэсэн.
Түүний найзууд, дотно хүмүүсийнх нь цуглуулж байсан тав, арван мянган GG ч устчихаж. Тэгтэл “Тухайн сард дансанд чинь орсон GG оноо зургаан сар дотроо л хүчинтэй. Энэ хугацаанд ашиглахгүй бол устана” гэсэн хариуг Дорж тус компанийн мэдээллийн ажилтнаас сонсчээ.
“Тэд анх GG хөтөлбөр хэрэгжүүлэхдээ энэ тухай хэлээгүй байж саяхнаас хэрэглэгчдээсээ бүгдийг нь хулгайлчихлаа. Бодвол ашиггүй байсан биз. “Эртхэн үүнийгээ бидэнд хэлсэн бол GG-гээрээ яриа, дата, мессеж бичих эрх авах байлаа” гэж намайг бухимдахад оператор бүсгүй “Уучлаарай, таны хэлснийг санал, гомдол хүлээн авдаг хэлтэстээ дамжуулъя” гэхээс өөр юу ч хэлээгүй.
Өнгөрсөн хугацаанд ашиглаагүй, цуглуулсан оноо маань салхинд хийссэний хариуцлагыг хэн ч хүлээгээгүй. 3000 төгрөгөөр GG карт хүртэл захиалж авсныг яана. Түүгээрээ хэд хэдэн газраас хөнгөлөлт эдлэх гээд ч чадаагүй. Үйлчилгээний ажилтан нь “Уучлаарай, одоохондоо GG-гээр үйлчлэхгүй байгаа” гэнэ. Анхнаасаа энэ оноо зургаан сар болоод устдаг байсан бол хүмүүс юу гэж тийм олон GG цуглуулж чадах билээ” гэж Дорж ярив.
Дээр дурдсанчлан “Скайтел”-ынхан ч “шимэгч үйлчилгээтэй” гэж байгаа. Дараа төлбөрт дугаар олон жил хэрэглэсэн Чимэгээ хамгийн хямд багцыг сонгосон. Эхэндээ сар бүр 10 мянга гаруй, дараа нь 20 мянга гарч, сүүлдээ бүр 30 гаруй мянган төгрөг утсандаа зарцуулдаг болж. Интернэт хэрэглэдэггүй, ярианы хэрэглээ нь ч өмнөх сараасаа нэг их биш байхад зөвхөн утасны төлбөр нь нэмэгдээд байдаг хачин шүү.
Энэ нь нөгөө “шимэгчтэй” холбоотой гэх. Бусдын ярьсан ярианы төлбөрийг өөр хэн нэгэн дээр нэмж тооцдог “тусгай үйлчилгээ” юм байх аа. “Скайтел” компанийн ажилтан энэ тухай ярьсныг нэгэн эх сурвалж бидэнд хэлсэн юм. Баттай нотолгоо биш ч мэргэжлийн байгууллагууд шалгаад үзэхэд гэмгүй л болов уу. Бас болоогүй ээ, заримдаа урамшуулал зарлахдаа хэрэглэгчдээ хөөрхөн дөнгөчихнө.
“Найс” үйлчилгээний шинэ дугаар авсан хэрэглэгчид бүтэн сарын турш сүлжээндээ үнэгүй ярина” гэчихээд яг дугаар авахаар сарын ярианы эрх нь ердөө хэдхэн хоногийн хүчинтэй. Төдөн сараас төднийг хүртэл гэж тодотгоогүй учраас иргэд хууртчихаж буй хэрэг л дээ. Угтаа бол урамшуулал зарласан өдрөөс дараа сарын 1 хүртэл л сүлжээндээ үнэгүй ярих юм билээ. Аль ч үүрэн холбооны оператор компаниуд адилхан. Хэнд ч хэрэггүй, иймэрхүү нүд хуурсан урамшууллуудаа одоо больчих л доо. Залхаж байна.