Хүнийг тамлан зовоож, эрүүдэн шүүх зорилго бүхий “Яргачин” сандлыг Цагдаагийн ерөнхий газрын зарим удирдлагууд БНХАУ-аас хууль бусаар оруулж ирсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Уг яргачин сандлыг нийслэл болоод хөдөө орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд тарааж өгсөн байдаг. Энэхүү дуулианы мөрөөр уг сандлыг эргүүлэн татаж авах ажлыг явуулж байгаа юм. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс тодрууллаа.
-Эрүүдэн шүүх зориулалт бүхий сандал оруулж ирсэн нь нийгэмд нэлээдгүй дуулиан шуугиан тарьсан. Уг сандлыг эргүүлэн татах ажил хийгдэж байгаа гэж дуулдсан. Уг ажил ямар шатандаа яваа вэ?
-Уг сандлыг татах ажиллагаа бараг дуусч байгаа гэхэд болно. Анх нийлүүлсэн БНХАУ-ын компанитай гэрээ хэлцэл хийгээд явж байна. Сандлыг нь буцааж өгөөд, оронд нь хэв журам сахиулах зориулалт бүхий цагдаагийн албанд тохирох өөр тоног төхөөрөмж авах боломж бололцоо юу байна гэдгийг судалж энэ талаар ярилцаж байна.
Ер нь нааштайгаар шийдэгдэх байх. Ямар ч байсан энэ мэт хүнийг тамлан зовоох, эрүүдэн шүүх зориулалт бүхий хэрэгслийг манай цагдаагийн алба хаагчид хэрэглэж хүний эрх чөлөөнд халдаж болохгүй гэж бодож байна.
-Уг сандлыг анх захилсан хүмүүстэй нь хариуцлага тооцох уу. Ганц хүн л албан тушаалаасаа буугаад өнгөрлөө шүү дээ?
– Үүнтэй холбогдуулан цагдаагийн тэргүүн дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ энэ асуудал хэн нэгэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөөд дуусахгүй. Тэгэх ч ёсгүй. Уг эрүү шүүлтийн сандлын талаарх мэдээлэл анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа Хүний эрхийн үндэсний комиссоос энэ асуудлаар манай яаманд гомдол ирүүлсэн. Гомдлын дагуу шалгалт явуулсан л даа. Шалгалтаар өмнөх Засгийн газрын үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Сандаг-Очир гэх хүн сандал авах шийдвэр гарсан юм билээ.
-Цаашдаа иймэрхүү асуудал гарахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Ер нь яаж ажиллах ёстой юм бэ?
-Энэ сандлын асуудлаас гадна цаашдаа дахиад ийм алдаа гаргахгүй байх нарийн дүрэм журмыг боловсруулан, сайжруулж байна. Иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлах иймэрхүү тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллага дотор хэрэглэх гэж буй бол зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч гаргадаг журам руу шилжинэ. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо шийдвэр гаргаад хаанаас ч юм яргалж зовоодог төхөөрөмж авч ирээд иргэдийн эрхийг, зөрчөөд байж болохгүй.
-Уг сандлын дуулианаас болоод Хууль зүйн яам, цагдаагийн байгууллагын хооронд бага зэрэг үл ойлголцох асуудал үүсээд байгаа гэж дуулдсан. Энэ үнэн үү?
-Тийм асуудал гараагүй. Гарах ч ёсгүй шүү дээ. Эрүүдэн шүүх зориулалт бүхий уг сандлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор Хууль зүйн яаманд хэлж, мэдэгдэлгүйгээр тараасан байсан. Манай яамнаас тараасан сандлуудаа татаж ав, анхнаасаа яагад мэдэгдээгүй талаараа мэдээллээ өг” гэх албан шаардлагыг Цагдаагийн ерөнхий газарт тавьсан.
Харин Цагдаагийн ерөнхий газраас Прокурорын газарт хандаж “Сандлыг хэрэглэх зөвшөөрөл” хүссэн байсан. Ер нь яамны бодлого, хууль тогтоомжоос авхуулаад нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндэд санаатай ч гэмээр таагүй ажлыг зохион байгуулсан учраас зохих хүмүүст нь хариуцлага тооцно гэлээ.
Х.Нарангэрэл
Өглөөний сонин