Ардчилсан намаас өнөөдөр 11:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат болон Сангийн сайд асан Б.Болор нар мэдээлэл хийхээр болжээ.
Өмнөх Засгийн газрын үед “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилийн 30 хувьтай байсан малчны зээлийг 18-10 хувь болгон бууруулсан аж. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрөгч даваа гаригт эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ “Сайн малчин”, Сайн оюутан” зэрэг хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхдээ УИХ-аар хэлэлцүүлээгүй гэдгийг онцолсон.
Мөн санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар дээрх хөтөлбөрүүдийг зогсоожээ. Эдгээр хөтөлбөрүүд нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учир ийнхүү зогсоосон нь энэ аж. Ардчилсан намынхан “Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм.
Түүнчлэн сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм байна. Тэгвэл МАН-аас дээрх хөтөлбөрүүдийг зогсоосныг эсэргүүцэж АН-ынхан мэдээлэл хийхээр боллоо.
Төгс