УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газрыг сонгогчид алга ташин хүлээж авсан. “Гал руу гараа дүр” гээд илгээсэн залуус нь ч жавхаатай гэж жигтэйхэн байв. Гэтэл тэд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийн суурин дээр тухалж чадалгүй доллар хайж эхэлсэн. Богино хугацаатай, өндөр хүүтэй энэ зээлээр хэрэгжүүлэх төсөл бэлэн бус байсан ч тэдэнд “тоглох мөнгө” хэрэгтэй байлаа. Энэ мөнгөө Чингис хааны нэрийг барьж, Засгийн газраар баталгаажуулж зээлчихээд нэг их хөөр баяр болж билээ. Тэр хөөр баярыг хуваалцаж явсан хүмүүсийн нэг нь ч миний бие мөн.
Түүхэнд байгаагүй олон км зам барилаа. Яагаад урьд нь хийдэггүй байсан дарга нар вэ гэцгээж байтал учир мэдэх хүмүүс “Хөөе, монголчуудаа, ийм өндөр хүүтэй мөнгөөр зам тавьж болдоггүй юм шүү дээ” гэхэд нь гайхаж эхлэв. Төмөр зам барина, барихгүй, буруу барих гээд байна аа гээд баахан маргалаа. Өнөөдөр мэдээлж байгаагаас үзэхэд ТЭЗҮ-гүйгээр л төмөр зам барих гээд байсан юм даг уу даа. Тэр үедээ ТЭЗҮ бий гэж байсан ч үзүүлж байгаагүй, их л өндөр өртөгтэй гэцгээж байлаа. Олон сайхан онгоцтой боллоо. Бас л богино хугацаанд их үнэтэй авсан гэж тухайн үед хамтарч алга ташиж байсан хүмүүс нь, тэр тусмаа мэргэжлийн хүмүүс матаж сууна.
Баахан орон сууц барьжээ. Тусгай зөвшөөрөл тараагаад л байшин бариулаад л байж одоо түүнийг худалдан авах хүн алга. Эрэлтэд нь ч нийцэхгүй байна гэж байна. Монголчууд дотор хөдөлмөрч, хөлсөө дуслуулж байгаад хөрөнгө хуримтлуулсан хүн олон байдгийг тэд мартаад 1-2 өрөө “амбаар” олныг бариад тоолоод тайлагначихъя гэж бодсон бололтой. Харин өнөөдөр төрөөс төрөөгүй хөлсөө дуслуулж хөрөнгө хуримтлуулсан иргэн нь тааруухан улстөрчөөс дээр амьдрах “цээнд” хүрч олон өрөө орон сууцанд жаргаж сууя гэхээр санаанд нь нийцэхгүй. Эсвэл 18.7 хувийн хүүтэй зээл хүлээж байгаа. Тэгэхээр шинэ Засгийн газар эхний ээлжинд олон өрөө орон сууц авах гээд “хөрөнгөтний шантааж” буюу зээлийн хүүд “няцлуулж” буй тэр хүмүүст найман хувийн зээлд хамрагдаж орон сууц авах эрхийг нь олгох арга ухаан сийлэх хэрэгтэй болж байна.
Энд нэг “но”-г дэлгэх үү. Таван хувийн зээл гэж хэсэг ярьсан даа. Тэр зээлээр олгох орон сууцны жагсаалт хаанаас ч олдохгүй байгаа юм даа. Монголбанк, БХБЯ, нийслэлийн удирдлагууд, ТОСК, МИК гээд хэн ч олохгүй газар “нуучихсан”. Тэгэхээр энэ нь үлгэр байсан байж мэдэх юм. Одоо харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Төр худлаа ярьдаггүй юм” гээд засаж мэдэхээр харагдаад төлөвлөгөө боловсруулж байгаа сурагтай. АН үлгэр зохиогоод, МАН үнэн болгоод явж байхыг төрийн залгамж чанар гэдэг бололтой.
Ер нь төрийн аль ч яаманд очсон данс нь улайчихсан, дээрэмчин тонуулч ороод гараа юу гэмээр эд хөрөнгөө өм цөм алдчихсан дүр зураг харагдаж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэлж байсан “Тээшээ баглаж тийзээ захиалчихаад сонгуульд өрсөлдөж байна шүү” гэдэг бараг л үнэн болоод явчихлаа шүү. Одоо хууль хяналтынхнаар тэднийг шалгуулах, буруутай бол хариуцлага хүлээлгэх л чухал боллоо.
Нэмж хэлэхэд тэд эдийн засгийн нөхцөл байдлыг үнэн бодитой мэдээлэхэд тун дургүй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчид үргэнэ гэж айлгаж байна. Энэ худлаа шүү. Одоо л хөрөнгө оруулалт хийсэн ч өөрөө авчихдаггүй, юм үзэж нүд тайлсан, гартаа доллар барьж үзсэн, төсвийн хөрөнгийг зарцуулж сурсан эрх баригчид ирлээ гэж үзээд хөрөнгө оруулалт хийе гэцгээж байна. Энэ бол бодит үнэн. Харин МАН төрийн залгамж чанар байлаа гээд өмнөх Засгийн газрын алдааг нуух бус, ямар хэмжээний төсөв санхүү, хэр их өрөн дээр ирснээ олон нийтэд үнэнээр нь зарлахгүйгээр ажлаа үргэлжлүүлэх аргагүй. Үүнийг мушгин гуйвуулах хэрэггүй. Даанч гомдмоор цөлмөчихөөд, их өрөнд унагачихаад явлаа даа, АН-ынхан!
О.Сүрэн
Эх сурвалж: Zaluu.com