“Рио-2016” олимпийн наадам өндөрлөх тийшээгээ хандаж байна. Өчигдөр тус наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг, 57 кг-ийн жинд барилдсан манай хоёр тамирчин болох П.Өнөрбат, Э.Бэхбаяр нар эхний учраадаа өвдөг шороодож энэ удаагийн олимпийн наадмаа өндөрлүүллээ. Тэднийг ялсан бөхүүд дараагийн учраадаа өдөг шороодсоноор манай хоёр бөх дагах барилдаан хийх боломжгүй болж тэмцээнээ дуусгалаа. ОУХМ П.Өнөрбатын хувьд 74 кг-ийн жинд Туркийн Сонер Демиртастай хүч үзэж, эхний тойрогтоо дөрвөн оноо алдаж, улмаар хоёр дахь тойрогт хоёр оноо салгасан ч Сонер Демиртасаас дахин оноо салгаж чадалгүйгээр 4:2-ийн харьцаагаар ялагдсан.
Ингээд дагах барилдаанд найдах болоход Сонер Демиртас Ираны бөх Хасан Язданыд ялагдсанаар П.Өнөрбатын олимпийн наадам дуусав. Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярын хувьд боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадсангүй. Тэрбээр Сенегалийн бөх Диатта Адаматай барилдаж, туршлага, бяр илүү байгаагаа харуулж эхний үеийг 3:0-ийн харьцаагаар дуусгасан ч хоёр дахь үед өрсөлдөгчдөө нэг оноо алдаж, улмаар цаг дуусахаас 5-хан секундын өмнө дахин хоёр оноо алдсанаар, сүүлд авсан онооны давуу эрхээр Сенегалын бөх манай бөхийг ялав.
Туйлын хариуцлагагүй, хайнга барилдааныг дэвжээний дэргэдээс харж зогссон түүний дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар амаа барьж, ихэд харамсаж буй нь илт байв. Сенегалын бөхийн хувьд дараагийн учраа болох Кубын бөхөд ялагдсанаар Э.Бэхбаяр мөн олимпийн наадмаа дуусгасан юм.
П.Өнөрбатын барилдаан
Э.Бэхбаярын барилдаан
Нинж