Л.Цог: Ерөнхийлөгчийн сонгуульд мөнгө зарах ямар ч шаардлагагүй

ugluunuu_sonin_logo УИХ-ын дэд дарга Л.Цог цаг үеийн асуудлуудаар ямархуу байр суурьтай байгааг нь сонирхож цөөн асуултад хариу авснаа хүргэж байна. УИХ дахь”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах гээд дэд дарга нэлээн яаруухан явж байсан юм.

-УИХ, Орон нутаг, Ерөнхий­лөгчийн сонгуулийн зардлууд байнга өсөн нэмэгдэх боллоо. Улс­төрийн сонгуулийг ийм их зардал мөнгөөр хийж байгаа нь олигархжсан хөрөн­гөтнүүд монголын улстөрийг эзэгнэх үндэс, суурь нь болж байгаа юм биш үү. Жишээ нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дөр­вөн тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жилийн сонгуульд 16 тэрбумыг зарлагдах гээд сууц­гааж байна. Та УИХ-ын дэд даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

528836_327134997395401_424315819_n_500x500 -Таны тавьсан асуултын цаад санаатай бүрэн дүүрэн санал нэг­дэж байна. Ер нь ч би энэ тухай 10 гаруй жил ярьж, хөөцөлдсөөр яваа хүн. УИХ-ын олонх болсон АН-ынхан ийм шийдвэр гаргаж, хүч түрээд баталчихсан учир яах аргагүй хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болсон.

Ер нь УИХ, Орон нутаг, ялангуяа Ерөнхийлөгчийн сон­гуу­лийг ийм их мөнгөөр хийх ямар ч утгагүй бас шаардлагагүй. Ухаан нь одоо болох сонгуулийг аваад үзье л дээ. Гурван нэр дэвшигчийг монголын ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг ёстой л алган дээрээ тавьсан мэт мэднэ шүү дээ.

УИХ-д суудалтай намууд цөөхөн байгаа тохиолдолд ямар нэр дэвшигч тодрох нь улстөрийг бага ч гэсэн сонирхдог хэн хүнд илэрхий зүйл гэж бодож байна. Байдал ийм байхад мөнгөөр туйлж байгаа юм шиг ийм замбараагүй, үрэлгэн зардал гаргах нь ард түмнээрээ даажигнаж байгаа л нэг хэлбэр шүү дээ.

Улстөрийн сон­гуулийг, засгийн эрх авах асуудлыг мөн­гөөр худалдаж авч байгаа нь цаанаа маш их урхагтай, нэг ёсондоо Засгийн эрхийг хууль бусаар авч байгаа хэрэг мөн. Энэ талаар Эрүүгийн хуульд заалттай байгаа.

Монголын ард түмэн ядуу, эдийн засаг савалгаатай байгаа өнөөдрийн нөхцөлд Ерөн­хий­лөгчийн институтын төсвийг ч гэсэн эргэж харахад буруудах зүйлгүй. Оюу толгой, Таван тол­­гой хүлээлтийн байдалтай болж Монгол Улсын эдийн засаг эгзэг­тэй байгаа одоогийн нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд 16 тэрбум төгрөг төсөвлөснийг товч­хондоо “Хөнжлийнхөө хэрээр хө­лөө жийсэнгүй” гэж үзэж байна.

Дээр нь гадна, дотноос “хар” мөнгө орж ирээд орон зай бөг­лөхгүй гэсэн баталгаа байхгүй. Ерөөсөө монголын ард түмнийг ядуу, мэдээлэл муутай байгаа дээр нь улстөрчид өөрийн бохир тоглоомондоо хүссэн ч хүсээгүй ч татан оролцуулж байгаа хамгийн бусармаг явдал нь улстөрийн сонгууль болчихоод байгаа нь үнэн.

-УИХ, Засгийн газрын ги­шүүдийн хөрөнгө орлогын мэ­дүүл­­гээс харахад монголын тол­гой баячууд л энэ ордонд чи­хэл­дээд сууцгааж байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа. УИХ-ын сонгуулийн үеэр мөнгө, эд зүйл тараасан нь нотлогдсон ч хууль бусаар УИХ-ын гишүүн гэгдэж яваа хүмүүс бий. Ерөн­хийдөө тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүний суудлыг худалдаад авчихдаг одоогийн хууль бус тог­­толцоог хэрхэн яаж үгүй хийх вэ?

-Бүх шатанд ил тод байдлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, иргэний нийгмийн байгууллагууд, шударга улстөрчид, ард иргэд бүгдээрээ нийлээд тэмцэх л хэрэгтэй.

Элбэгдоржийн их сайхан яриад байгаа авилгатай тэмцэх асуудал ерөөсөө ажил хэрэг болохгүй байгаагийн хамгийн тодорхой баримт нь наад асуудал чинь юм.

Ерөөсөө УИХ-ын сонгуулиар Засгийн эрхийг худалдаж авдаг Эрүүгийн гэмт хэргийн хамгийн сонгодог жишээ нь өнөөдөр амьдрал дээр явж л байна шүү дээ. Хамгийн эхлээд энэ бүхэнтэй тэмцэлгүйгээр өөр юм ярих нь ямар ч утгагүй асуудал.

Ерөөсөө монголын төрийг дампууруулж байгаа олон шалт­гааны хамгийн их хор нөлөөтэй нь олигархиуд төрийн эрх мэдэл рүү тэмүүлдэг, мөнгөөр Засгийн эрх мэдлийг худалдаж авдаг өнөөдрийн бусармаг тогтол­цоо л гэж би хэлнэ.

Эрх мэдэл, мөнгө хоёрыг салгахгүй бол мон­голын төр улам бүр дампуурах нь ойлгомжтой. Үүнийг ганц би ч биш ардчилсан холбоо эвсэл ч ярьж л байгаа. Төрийн эрх мэдлийг олигархжсан хөрөнгөтнүүдээс салгах нь ний­гэмд шударга ёс тогтоох хамгийн дөт, шалгарсан арга мөн гэдгийг нэг үеэ бодвол дээр дооргүй мэддэг боллоо шүү дээ.

Гэхдээ одоохондоо нийгмийн сэтгэл зүй арай л бэлэн биш байгаа. Ард түмний ихэнх нь ядуу, өлөн зэлмэн байгаа өнөөдрийн тухайд улстөрчдийн мөнгө бос­го­дог шалгарсан арга зам нь сонгууль болчихоод байна. Энд цэг тавих цаг болсон.

Одоогийн УИХ энэ асуудалд эргэлт гаргах ёстой. Бид түүний төлөө бүх л хүч чадлаараа тэмцэж байна.

-УИХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан нь нотлогдсон хоёр гишүүн бусадтайгаа зэрэг­цээд сууж байгаа нь “Хууль засаглах уу, мөнгө засаглах уу” гэдэгт хариулт өгч байгаа өнөөд­рийн сонгодог жишээ гэж хараг­даад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ асуудлыг Ерөнхийлөгчид л тавих ёстой гэж бодож байна. Хэн нэгэн хүн болоод, хэсэг бүлэг хүмүүсийн биш зөвхөн хуулийн засаглал монголд ноёрхож байж бид цаашаа шударга ардчилсан нийгмийн тухай ярих учиртай. Шударга бусын хамгийн бусармаг арга болсон мөнгө өнөөдөртөө монголд ноёлж байгаа. Үүнтэй эцсээ хүртэл тэмцэхгүй бол сон­гуулийн өмнө өрсөлдөгчөө нам дардаг практик улам цэцэглэж, Монгол Улс улам л буруу замаар “будаа тээх” болно.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 22-нд эхлэх ёстой. Гэтэл саяхан бараг л бүх телевизээр цацагдсан “Мон­гол тулгатны 100 эрхэм” нэвт­рүүлэг Ерөнхийлөгчийн сай­тар бэлтгэгдсэн сурталчилгаа боллоо гэх хүмүүс олширч байна. Энэ талаар МАХН-ын байр суурь бо­лоод, УИХ-ын дэд даргын хувьд та юу хэлэх вэ?

-Би тэр нэвтрүүлгийг үзээгүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

Гэхдээ албан ёсоор суртал­чилгаа эхлээгүй үед бүх телевизээр тийм нэвтрүүлэг цацагдсан бол хууль зөрчиж л байгаа хэрэг. Улстөр судлаачид, өрсөлдөгчид нь ажиглан харж байгаа байлгүй дээ. Шударга ёсыг хэрэгжүүлэх тухайд таны ингэж асууж байгаа ч зүйн хэрэг мөн.

Энэ тэнгэрийн доор Ерөнхий­лөгч нь ч байна уу, ямар ч хүн Монгол Улсын хууль дүрмийг чандлан биелүүлэх л ёстой. Ам, ажил хоёр нь зөрж байгаа л нэг хэлбэр юм даа.

-Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ихээхэн хүндэрч байгаа тухай мэ­дээлэл цацагдах боллоо. Та хам­гийн сүүлд хэзээ уулзсан бэ. Тэр үед биеийнх нь байдал ямархуу байв?

-Яг долоо хоногийн өмнө уулзсан. Маш их турж, биеийнх нь байдал хүндэрч байгаа нь үнэн. Харин ч өөрөө үнэхээр бие сайтай хүн тулдаа өнөөдөр ийнхүү тэс­вэрлэж байна. Яг одоо бол турж эцэх нь бага хэрэг болчихоод байна. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа нь үнэн. Бидний хүч мөхөсдөөд яах аргагүй арчаагүй байдалд байж байна.

Монгол Улс, монголын төрд энэ хүний ухаан, авьяас билэг ямар их хэрэгтэйг ойлгохгүй байгаа, ойлгохыг хүсэхгүй байгаа өнөөдрийн эрх баригчид өөрсдөө ямар арчаагүй байдалд байгаагаа ойлгох өдөр ирэх байлгүй дээ.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулиас өмнө Н.Энхбаярт өршөөл үзүүлж сонгогчдоос дэмжлэг авах гэж байгаа гэж яригдаад байна. Та энэ талаар дуулсан л байлгүй?

-Өршөөлийг УИХ үзүүлдэг дүрэмтэй. Нэг хүнд зориулж өршөөл гаргадаг ёс ч байхгүй. Эрүүгийн хэргийн зүйл ангиас нь хамаарч хөнгөн ялтайгаас нь эхлээд өршөөл үзүүлдэг ном дүрэмтэй.
Өршөөл үзүүлэх тухай асуудал нь Ерөнхийлөгчид огт хамааралгүй зүйл.

-Сүүлийн үед МАХН-ын Бага чуулганы гишүүд, тэр ч байтугай Н.Энхбаяр даргын зүгээс Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөн­хийлөгчийн сонгуулиас нэрээ татахыг хүчлэн шаардах болсон гэх яриа гараад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ тухай би огт дуулаагүй. Тийм байж ерөөсөө таарахгүй. Хэрвээ татуулах л байсан юм бол яах гэж нэрийг нь дэвшүүлсэн юм гэдэг асуудал үүсэх ёстой.

Ганцхан хоногийн дараа үнэмлэхээ авах гэж байхад нь тийм яриа хэрхэвч байж болохгүй. МАХН шийдвэрээ гаргасан, түүн дээрээ бат зогсож байгаа гэдгийг л мэдэж байна. Өөр яриа байхгүй.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …