Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр АНУ-д амьдрах болоод багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэрбээр өнгөрөгч сонгуулиар МАН-ын сонгуулийн төв шатыг удирдаж, намаа ялалт байгуулахад чухал хувь нэмэр оруулсан. Харин “бялуу хуваах” болоход ганцаар хоцорсон, дээрээс нь том гавьяа байгуулсан хүнд тохирох албан тушаал “олдохгүй” намынхан нь их л толгойгоо гашилгажээ.
Мэдээж бодсоны эцэст шийдэл гардгийн адилаар С.Баярт Элчин сайдын суудал одоогийн байдлаар хамгийн тохиромжтой гэж үзжээ. Өөрөө ч зөвшөөрсөн гэх. Гэхдээ томоохон улсад Элчин сайдаар томилох аж. С.Баярын хувьд АНУ юм уу Канадад Элчин сайдаар суух хүсэлтэй ч АНУ-д долоон хаустай гэх дуулиан болон Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг авлигын хэргээр ид баривчилж байх үед Канадаас улстөрийн орогнол хүссэн зэргээс болоод С.Баярт дээрх хоёр улсад Элчин сайдаар суухад асуудал үүсч болзошгүй хэмээн үзэж буй гэнэ.
Тиймээс түүнийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар томилохоор болсон гэнэ. Товчхондоо, С.Баяр Англид суух Монгол Улсын Элчин сайд болох магадлал тун өндөр байна.
Түүний хувьд өмнө нь ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд эрх баригч МАН-ын нөлөө бүхий хүний нэг юм. Одоогоор Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдаар Н.Тулга ажиллаж байгаа ба 2013 оны 10 дугаар сард томилогдон очсон түүний Элчин сайдын гурван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ 10 дугаар сард дуусч байгаа юм. Тиймээс түүнийг улираахгүйгээр С.Баярыг томилох бололтой.
Сонирхуулахад, С.Баяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзэхээр эртнээс бэлдэж эхэлсэн. Түүний хувьд Ц.Элбэгдоржийн нэр дэвшүүлсэн Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд төвөггүйхэн ялчихна хэмээн таамаглагсад олон байсан.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөхөөр болсонтой холбогдуулан С.Баяр ирэх оны сонгуулийг алсаас ажиглаж, харин 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө эх орондоо эргэн ирэх нь дамжиггүй байна.
Төгс