Магтсан хүүхэн хуримандаа унгана гэгчээр Монгол Улсаа “МАН”-дуулж, аз жаргалтай хотод амьдруулах тухай үлгэр ярьсаар гарч ирсэн МАН-ын Засгийн газар эхний шалгалтад бүдэрлээ. МАН бол зүүний чиглэлтэй нам. Тэр ч утгаараа бүтээн байгуулалт гэхээс илүүтэй халамжийг гол чиглэл болгож ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилд улс оронд том том бүтээн байгуулалт хийгдэж, үйлдвэрлэл хөгжсөн ч иргэдийн гарт очдог бэлэн мөнгө зарим талаараа хасагдсан учраас халамжаа санасан иргэд хуучин сонголтоо хийсэн гэдгийг олон талын судалгаа харуулдаг юм билээ.
Өөрөөр хэлбэл, ард түмэн хэтэрхий богино ой санамжтай. Тэдэнд маргаашийн сайхан амьдрал бус өнөөдрийн бэлэн мөнгө л чухал учраас МАН-ын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хууртаж, тус намаас нэр дэвшсэн “бор халзан хонийг” хүртэл ялуулж байлаа. Шуудхан хэлэхэд, 20 жил халамжлуулснаа л санагалзаж МАН-ыг дэмжсэн. Гэвч монголчууд хууртчихаж. Эхчүүд, хүүхдүүдэд их хэмжээний мөнгө тарааж, оюутан нэг бүрийг тансаглуулах тухай үлгэрт нь итгэж байснаа тэд хоёрхон сарын дараа ойлгож байна. Энэ намын төлөө санал өгсөн ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг маань бууруулж, тэтгэвэрт гарах насыг урагшлуулчих болов уу хэмээн итгэж байсан биз.
Дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцжуулах тухай сайхан ярианд нь ямар олон гэр бүл хууртсан бол. Эхчүүдийн халамжийн мөнгийг нэмэх, хүүхдийн мөнгийг үе шаттай нэмэгдүүлэх тухай амлалтад олон ч ээжүүд хууртсанаа хэтэрхий хожимдож ойлгож байна. Улсын төсөв хоосорч, улс орон дампуурсан тухай сүржин мэдэгдэл хийснийхээ дараа тэд “МАН”-дуулах мөрийн хөтөлбөртөө тусгасан бүх зүйл заалтынхаа эсрэг ажил хийхээр болсноо зарлав.
Алтадсан өрөө, албан тушаалд хэмнэлт гарсангүй
Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Засгийн газарт өргөн мэдүүлсэн 2016 оны Төсвийн тодотгол дандаа хасч танана, халамжийг үгүй болгоно, зогсооно гэсэн заалтууд оржээ. Тэр нь дандаа иргэдэд чиглэж байсан хөтөлбөр, халамжийн бодлогууд. Төрийн албаны тансаглалыг зогсоох тухай заалт ганц, нэгхэн байгаа.
Мэдээж үр ашиггүй халамжийг зогсоож, зорилтот бүлгээ тойглох зарим санааг нь буруутгах аргагүй. Харамсалтай нь, тэдний ам ажил хоёр алд дэлэм зөрчихөж. Хотын дарга Су.Батболд нь алтаар чимэглэсэн албан өрөөндөө арабын шах шиг тухалчихсан суугаа зураг цахим ертөнцөөр нэг цацагдав. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн өрөөнөөс 100 хол давсан тансаг өрөөндөө сувинер дүүртэл өрчихөөд, малийж суугааг нь харахаар улс тэгтлээ хямарчихаагүй юм шиг санагдах юм. Ж.Эрдэнэбат сайдын өрөөг ч гэсэн Ч.Сайханбилэгийн сууж байсантай харьцуулахад хол давсан тансаг харагдах аж. Албан өрөөндөө завсар үйлчилгээ хийж, алтадсан багана босгож тансаглах тэднийг харахаар бид тэгтлээ хямраагүй юм биш үү хэмээн асуумаар. Нөгөө талаар, МАН-ынхан албан тушаалын томилгоог өнгөрсөн өдрүүдэд хэтэрхий хайнга хийлээ. Гарын үсэг зурах ч эрх мэдэлгүй бэлгэдлийн төдий дэд сайдын орон тоог нэмсэн нь худлаа биш.
Бүр нөлөө бүхий улстөрчийн нөмөрт явдаг бүсгүйд зориулж шинэ агентлаг хүртэл нэмсэн тухай яриа цахим ертөнцөд эрчээ аваад байгаа. Үнэхээр л улсын төсөв хоосорч, улсаараа дампуурч байгаа бол энэ тансаглал, үр ашиггүй албан тушаал хэнд хэрэгтэй гэж. Дэд сайдын албан тушаалд сууж буй хүмүүс хэдэн төгрөгийн хангамж, машин, цалин авахыг тооцоод үзвэл 800 мянган хүүхдэд өгч буй 20 мянган төгрөг дэргэд нь юу ч биш байлтай.
Ядарсан түмэндээ барьж буй МАН-ын гэнэтийн бэлгүүд
МАН-ын 2016 оны бүх шатны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрийг тоймловол иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоох тухай тусгасан. Цаашлаад, хүүхэд бүрт мөнгө өгнө, эхчүүдийн халамжийг нэмэгдүүлнэ, оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, гурваас дээш хүүхэд нь сурдаг бол төрөөс бодлогоор халамжилж, оюутан залуус сургалтын зээл авч суралцах орчныг бүрдүүлнэ, дөрвөөс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцтай болгоно, татвар нэмэхгүй, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, тэтгэвэрт гарах насыг наашлуулна гэх мэтээр цуварч өгнө. Ахмадууддаа Ач санах, Насны хишиг олгох гэх мэтээр бялууртал уран үгээр тогложээ.
Гэвч, энэ оны төсвийн тодотголд дурьдсан заалтууд мөрийн хөтөлбөрөөсөө 360 градус өөр. Тухайлбал, ахмад настнуудын хүсч хүлээж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг зогсооно. 15 жилээс дээш хамт амьдарсан настнуудын нэг нь нас барлаа гэхэд үлдэж хоцорсон нь насан эцэслэх хүртлээ тэтгэврийг нь авах эрхзүйн орчныг бүрдүүлсэн энэ хуулийг хэрэгсэхгүй орхисноор ахмадуудыг асрах, ач санах мөрийн хөтөлбөрөөсөө татгалзлаа. Цаашлаад хүүхэд бүрт олгож байсан 20 мянган төгрөгийг зорилтот бүлэгт олгох буюу нийт хүүхдийн 60 хувьд олгохоор болж, мөрийн хөтөлбөр нь хог дээр гарав.
Орон сууцанд амьдардаг гэртээ хөргөгч, гаднаа машинтай бол таны хүүхэд энэ мөнгийг авч чадахгүй гэсэн үг. Оюутан бүрт олгож байсан 70 мянган төгрөгийг мөн л төсвийн тодотголоор зогсоохоор шийдсэн. Татвар нэмэхгүй хэмээн амлаж байсан тэд Хувь хүний орлогын албан татварыг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр үе шаттай нэмэхээр болж байна. Ингэснээр ажилчдынхаа цалинг дөнгөн данган тавьж буй олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил дампуурлаа зарлаж, бидний авдаг цалин багасах нь. Архи, тамхинаас татвар авах нь буруу хэмээн Үүл баатрын эсрэг дайн зарлаж байсан МАН-ынхан нэгхэн жилийн дараа эсэргүүцлээ мартаж орхиод архи, тамхины онцгой албан татварын хэмжээг 20 хувь хүргэчихлээ.
Таны унаж буй машин приус, Ланд-200 байхаас үл хамаарч зөвхөн үйлдвэрлэсэн оноос нь хамаарч татварыг нь нэмэв. Мөн хөдөлгүүрийн багтаамж өндөр / 4500 см3 / машин унадаг бол дахиад л хохирч, мөн л татвар нэмж төлнө. Сургалтын төлбөр гурван сая давчихаад байгаа энэ үед оюутан залуус автобусны хөнгөлөлт эдлэх эрх нь Ардын намын буянаар алга болж байна. Төрийн өмчийн компанид ажилладаг 30, 60 сая төгрөгийн цалинтнуудаас гадна төрийн албан хаагчид мөн л цалингаа хасуулах нь. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг залуусын тэтгэлгийг МАН зогсоолоо.
Насаараа төрд ажиллаж, шохой идсэн багш, үхэл амьдралтай өдөр бүр тэмцэж буй эмч нарын 36 сарын цалинтай тэнцэх урамшууллыг зогсоож, ядарсан ард түмэндээ гэнэтийн бэлэг бэлджээ. Ямар хэмнэлт гэхээрээ тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулан тамлаж, бүр болоогүй 36 жил төрд ажилласных нь төлөө шийтгэж байгааг ойлгох аргагүй. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлгийг 2019 он хүртэл хойшлуулахаар оруулж ирсэн ч энэ хөтөлбөрийг зогсоохгүй гэж шийджээ.
Арга ч үгүй. Гадаадад сурдаг залуусын дийлэнхи олонхи нь ардын хүүхдүүд биш албан тушаалтны хүүхдүүд учраас тэднийг хоолноос нь салгаж төвдөхгүй биз. Харин эсэргээрээ цалингийн, малчны зээлтэй аав ээждээ дарамт болохгүйгээр зээл аваад суралцах боломжийг олгож байсан “Сайн оюутан” хөтөлбөрийг тэд зогсоожээ. 10 хувийн хүүтэй зээл авч байсан малчдын өмнөөс ардынхаа төлөө ажилладаг нам нь томоос том “салаавч” өгчихлөө. МАН-ын энэхүү халамжийг танах тухай бодлого хасах танах бүлгээ олж чадсангүй. Шүүгчийн цалинг бууруулах, оюутны 70 мянга, 30, 60 саяын цалинтнуудыг эс тооцвол ядарсан ард түмний амьдралд бага ч болов нэмэр тус болж байсан халамжийн бодлогуудыг зогсоож байна. Хатуухан хэлвэл, халамжаа санасан монголчуудад салаавч өгчихлөө.
Хамгийн зальтай нь энэхүү хэмнэлт таналтыг МАН дандаа түр зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөх жил эргэж сэргээгээд л нэг жилийн хугацаанд бялууртал нь мөнгөөр угжина гэсэн үг. Нүүрс, алт, орд газраа барьцаалаад ч болов түр зогсоосон хөтөлбөрөө түргэхэн шиг хэрэгжүүлж эхэлнэ. Гурван жил чардайтал бүсээ чангалсан монголчууд нэг жилийнх нь мөнгөнд атга чихэр авсан хүүхэд шиг л баярлаж, ахиад Ардын намд санал өгөхийг тэд тооцоолсон нь дамжиггүй. Юутай ч хямарсан ард түмэнд дахиад гурван жил бүсээ чангалахаас өөр сонголт үлдсэнгүй. Ямар үр тариална түүнийгээ хураадаг гэгчээр ямар сонголт хийсэн түүнийхээ үр шимийг хүртэж суухаас өөр сонголт алга даа.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин