Төрийн тансаглалыг танаж, мөнгөний “Хөөс”-ийг хагалах зүү Ж.Эрдэнэбатын гарт байна

527-14726016555
Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна.
Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж олон нийт үзэж байна. Уг нь Ж.Эрдэнэбатын зоригтой хийх гээд байгаа хасалт, таналт, цомхотголыг аль хэдийнэ эхлүүлэх байсан юм шүү дээ. Үндсэндээ төрийн албанд үүсчихээд байсан тансаглал, бүх салбарт нүүрлээд байгаа мөнгөний “хөөс”-ийг хэн нэгэн нь хагалах хэрэгтэй байсан. Тэр нь одоо болсон.
Яах аргагүй эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ тулж, төсвөө бид хэмнэж чадах бүхий л аргаар тэмцэхгүй бол энэ хэвээр дураараа дургиад байвал Засгийн газар дампуурлаа зарлах нь цаг хугацааны л асуудал гэдгийг эдийн засагчид ч хэлсэн. Тийм болохоор чадах чинээгээрээ төсвөө хэмнэж, хэтэрсэн тансаглалаа хасах гэж Засгийн газар оролдож байна.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны тансаглал, мөнгөний “хөөс”-ийг хагалах зүүг Засгийн газар атгаж байгаа гэсэн үг. Харин зоригтойхон танаад хатгаад, хийсэн шиг хийж чадах эсэхийг нь харах л үлдэж байна. Өнөөдөртөө элдэв янзын халамжуудыг эхнээс нь танаж эхэллээ. Тухайлбал, оюутнуудад өгч байсан 70 мянган төгрөгийн халамж. Аль хэдийнэ ингэх байсан. Мөн сардаа 20, 30 сая төгрөг авдаг байсан дарга нарын цалинг ч тодорхой хэмжээнд бууруулахаар болсон, Шүүгч нарын цалинг ч бууруулах асуудал яригдаж, “хэрүүлийн алим” болчихоод байж л байна.
Гэхдээ нөгөө талаар дарга, сайд, ямбатнуудын тусгай хэрэгцээ, тансаглатыг нэгмөсөн хаах хэрэгтэй. Монгол Улс нэг хэсэг уул уурхайн баялгаасаа орж ирсэн хэдэн төгрөгөөр туйлав даа. Төрийн албан хаагчдын цалинг байсхийгээд нэмээд л. Дарга нарын цалин тэнгэрт тулаад л. Тэр битгий хэл төрийн албыг өдөр өдрөөр томсгож, жинг нь нэмсээр, одоо өөрийгөө дааж алхахааргүй хэмжээнд хүргэчихлээ. Дарга нар нь бүгд данхайсан том машинаар ажил, гэрийнхээ хооронд зөөлгөөд л. Шатахууных нь мөнгө гэж жилдээ хэдэн зуун саяар яригдах зардал урсах жишээтэй. Бүр сүүлдээ “Би тийм том албан тушаалтай учраас жийп унах эрхтэй” гэж загнах хүн ч байлаа.
Эдийн засаг хямарч байгаа энэ үед л бид зөв замаа олж, хөрсөн дээрээ буух цаг болсон. Энгийнээр хэлбэл хэдэн жилийн хөөсөө хагалцгаая. Тийм болохоор шүүгч нарын цалинг хассан нь ч зөв. Элдэв төрлийн халамжуудыг танах нь ч зөв. Дээрээс нь дарга нарынхаа тусгай хангамжуудыг тана, одоо. Ер нь төрийн албанд ажиллаж байгаа дарга нар хот дотор том жийпээр ажил, гэрийн хооронд явж яах юм бэ. Тийм ямар хэрэгцээ, шаардлага байгааг үл ойлгоно. Жижиг тэргээр гэртээ хүргүүлээд, ажилдаа явахаар ядуу харагдах гээд байгаа юм уу. Төрийн мөнгөөр худлаа үнэн ярьж гадаад руу явдаг байдлыг ч бас халаач. 2014 онд яасан билээ, Иргэдийн хурлын хэдэн нөхдүүд туршлага судлах нэрийдлээр Бразил явж, хөлбөмбөг үзсэн.
Энэ мэт худлаа үнэн шалтгаан хэлж төсвийн мөнгөөр гадаад руу явдаг дарга нар үй түм байгаа. Тэднийхээ дураараа занг зогсоо. Дарга нарт утасны мөнгө гэж олгодог байсныг 100 хувь танаж байгаа юм билээ. Гэх мэтээр хэмнэх зүйл маш их байна.
Мөн том дарга нарын цалинг тохирох хувиар бууруулж байгаа сураг байсан. Шатахууны зардлыг 20-30 хувиар бууруулж байгаа гэсэн. Гэх мэтээр төрийн албаны тансаглалын “бялуу”- наас ганц нэг зүсмийг нь хурааж авч байгаа.
Гэхдээ л том “бялуу” үлдээд л байна. Сүүлийн хэдэн жилд хэтэрхий данхайчихсан төрийн албаа ч гэсэн зоригтойхон цөөлөх хэрэгтэй. Зарим яам, тамгын газар, төрийн өмчийн компаниудад давхардсан албан хаагчид маш их байгаа. Ганц хүний хийх ажлыг бүхэл бүтэн албанд хариуцуулж өгдөг. Нэг даргатай, хоёр гурван цэрэгтэй. Яг үнэндээ хамгийн бага албан тушаалтай нь бүх ажлаа хийгээд, бусад нь фэйсбүүк ухаад л сууж байдаг. Тэгээд төрөөс цалина авна. Ядаж байхад төрийн алба автоматаар данхайхаас гадна тэднийг үнэн эрхлүүлсэн шүү дээ. Төрийн албанд ажилласан бол тэтгэвэрт гарахад нь тийм ч урамшуулал өгнө. Төрийн албаныханд байрны квот өгнө. Төрийн албанд олон жил ажилласан бол байрны урьдчилгааг нь даана гэх яриа ч гарсан. Энэ чинь зүгээр л “хөөс” биш, юу юм.
Гэтэл хувийн хэвшилд насаараа ажилласан хүмүүс зүгээр л татвараа төлөөд илүү цаг ажиллаж, улсад баялаг бүтээж байгаа. Тэглээ гээд урамшуулал нэхсэн үү, үгүй шүү. Аав, ээжийн цалин нэмэгдвэл хүүхэддээ арай үнэтэй гутал аваад өгөхийг боддог байх. Харин эсрэгээрээ хасагдвал орлогодоо тааруулж гутал авдаг юм.
Түүнтэй адил улс орон мөнгөтэй, даналзаж байхдаа төрийн албыг данхайлгаж, цалин цагааг нь нэмж, тэтгэвэртээ гарахад нь урамшуулал гэж баахан мөнгө өгч байж. Одоо улсад мөнгө алга, өрөө яаж даръя даа гэж тархиа гашилгаж байгаа энэ үед орлогондоо таарсан “гутал” авахаас биш яадаг юм.
Угаасаа сүүлийн хоёр, гурван жилд гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн хямрал манайд үүссэн. Мөнгө төгрөг ч хумигдаад, эдийн засаг ч унасан. Хувийн хэвшлүүдийн орлого буурч, аргагүйн эрхэнд ажилчдаа цомхотгож, зардлаа бууруулж, нөхцөл байдалдаа тааруулж ажиллаж байгаа. Зарим нь бүр хаалгаа барьсан. Худалдан авах чадвар эрс буурсантай холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ өссөнгүй. Одоо хувцас хунар бүр хямдарч байгаа биз дээ. Монголчууд ипотекийн зээлээ төлөх гээд хувцас ч авах тэнхээгүй л явна.
Үндсэндээ эдийн засгийн хямралтай холбоотойгоор байрны үнийг эс тооцвол бусад “хөөс” арилж л байна. Бүр сайн хагалж, хөрсөнд нь буулгаарай. УИХ-ын гишүүд ч гэсэн олон янзын тусгай хангамж байвал сайн дураараа татгалзах хэрэгтэй. Манай парламентад цалингаараа амьдарч байгаа гишүүн хэдхэн л байгаа. Бусад нь бүгд бизнестэй бол бизнестэй, баян бол баян. Бүр хэтэрхий баян учраас ард түмнээ тансаглаж байна гэж чуулган дээр “зүүдэлж” байна шүү дээ.
Тийм болохоор өөрсдөөсөө эхэл. Дэд сайдуудаа авч хая. Хэдэн цэцэрлэг барьчих мөнгө жилдээ гарч ирнэ. Болдог бол ипотекийн зээлийг ч тодорхой хугацаанд зогсоогоод, байрныхаа үнийг буулгахгүй гурийгээд байгаа нөхдүүдийн хандыг хага дармаар байна. Одоо л бид хөрсөн дээрээ буух цаг болсон. Тэгэхгүй хөөстэйгээ хөөрөөд, тэнгэрт амьдраад байвал нэг өдөр газарт хатуухан унаж магад. Хаа сайгүй байгаа хөөсөө бага багаар нь хагалж, хатуухан унахгүйсэн.
Н.Пунцагболд
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …