Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан “Түүхээ бид өөрсдөө бичнэ” гэсэн тун ч ойлгомжгүй нэгэн санаачилга дэвшүүлж, түүнийгээ туйлын чухал гэж үзсэн бололтой сонинд нийтлүүлжээ.
Тэрбээр ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалд найман жил болохдоо энэ улс оронд санаа тавьж хийх ёстой хойшлуулшгүй зорилт, амин чухал ажлууд байсаар байтал биеийн амрыг бодсон, эсвэл нэр төрд нь нэн чухал гэж тооцсон аль нь болохыг мэдэхгүй, хэн ч, хэзээ ч маргаад, буруутгаад байхааргүй аар саар ажлаар хөөцөлдөж явсны нэг жишээ бол энэ юм.
Манайхан ямар юмны учир начрыг тунгаан бодож, буруу зөвийг ялгаж тунгаах биш, тэр тусмаа хоногийн хоолоо яая гэж яваа хүмүүс тэр өндөрт байгаа, чухал царайлсан, цаагуураа зөв л юм хэлж, хийж байдаг байлгүй л гэж бодогдуулдаг хүмүүст итгэсэн шиг сууцгаадаг. Ямар ч л байсан, хүмүүс төдийлөн ойлгодоггүй бололтой байдаг тул түүний санаачилсан ажлуудаас “дорвитой” хэсгийг нь хэд гурван жишээтэй холбож цухас дурдвал сонирхолтой байж мэдэх юм.
1990 оноос хойш ардчиллын буяныг эдэлж яваа Цагаан даргын сууж үзсэн даргын сэнтий нь тун ч чамлахааргүй. УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Боловсролын сайд, дараа нь Элбэгээг дагаж үнэнч зүтгэсний хүчинд өнөөдрийг хүртэл хоёр ч сонгууль дамнан туж даргын ажил хийсээр л өнөөдрийг хүрсэн байна.
Уг нь тэр одоо хаа нэгтээ биед амар элчингээр очиж хэвтмээр байдаг, гэвч арай л болоогүй бололтой, нэгэнт л “хүний эрхээр жаргаж яваа” тул оногдсон үүрэг даалгавар нь хэзээ дуусахыг жаргуулж яваа цаад дарга нар л мэдэх юм хойно. Нэгэн жишээ нь саяхан түүнийг УИХ-д дэвшүүлж, Хөвсгөлийн хойд тойрогт аваачаад азгүйтүүлж “унагаж” орхисон. Одоо ч бас залгуулаад, намын эрх мэдлийг гартаа оруулах гэсэн хэсэг бүлэг нөхөд намынх нь нэр хүндунасан сиймхийгээр намын даргад түүнийг өрсөлдүүлэн ашиглахаар шийдвэрлэжээ.
Ийм алдах юмгүй, бэлэн зэлэн хүнийг улс төрийн бүлэглэлүүд амьдаар нь хэрэгсэл болгохоор эрж хайн, эртнээс судалж, таньж, бэлдэж байдаг бөгөөд нөгөөх нь ч бусдын үйл хэрэг явдлыг бүтээж өгсний шанг амьдралынхаа утга учир болгоод явах тэр хувь тавилантайгаа эвлэрдэг бололтой юм.
Энэ бяцхан бичвэрээр Цагаан даргын хувь хүний асуудал руу хэт орох гэсэнгүй ,харин түүний шинэ санаачилгуудын нэгийг л, тухайлбал сүүлийн жилүүдэд монгол хэл, түүх рүү санаа тавьж орсон үнэн учрыг л жишээ болгон дурдах гэсэн юм. Ер нь, эрх мэдэлд очсон хүмүүсийн хийх дуртай ажил бол явж явж нийтэд хал балгүй, хэн ч маргаад байхааргүй асуудлууд байдаг гэдгийг хүмүүс ихэнхдээ анзаардаггүй.
Тэдгээрийн нэг нь болох Цагаан даргын хэлсэн “Бид түүхээ өөрсдөө бичнэ” гэх мэт хэн хүний “эх оронч сэтгэлийг” хөдөлгөх үг, өгүүлбэрийг ухаж бодоод үзэхэд л энэ ньерөнхийлөгчийн өмнөөс олж авсан нэр нүүрээ торгоох гэсэн санаархлаас өөр ямар ч өгөөжгүй нь илт. Цагаан дарга түүх, хэлний өчүүхэн ч боловсролгүй, хэнтэй ч зэрэгцэж суугаад энэ сэдвүүдээр ярилцах тэнхэлгүй нэгэн.
Улс орны хамгийн эрх мэдэлтэй хүний нөмөр нөлөөн дор байгаа хүн энэ мэтийг ярих ч яамай, тэгээд ч үүнээс илүүг хийх чадваргүй юм чинь иймэрхүү юм л ярьж суухаас өөр яахав. Гэхдээ хамгийн хорлонтой нь ийм “эх оронч” санаачлагуудын цаана улс, нийгмийн зориулалттай ард түмний хөрөнгө мөнгө ямар ч хараа хяналт, саад бэрхшээлгүйгээр урсдагт байгаа юм. Энэ урсаж байгаа мөнгө зөвхөн хэдэн хүний ажил хийсэн болж харагдах гэсэн, эсвэл нэг ийм мундаг хүн байдаг юм шүү гэдгээ нийтэд үе үе сануулж байх гэсэн өчүүхэн санаанаас цаашгүй гэдгийг аль болох олон хүн мэдсэн цагт л бид урагшилна.
Шат дараатай ийм ажлууд ерөнхийлөгчийн тамгын газарт найман жил өрнөсөн. Ийм ажлуудын нэг нь Цагаан даргын өөрөө эхлүүлж урам зориг олж авсан интернэт тольны ажил бөгөөд хэзээ ч билээ дээ, өөрийнх нь гаргасан ямар ч билээ нэг толийг Дашдондов гуай жигтэйхэн магтчихсан ярилцлага өгч байсныг санаж байна. Энэ ажил дэлхийд анх удаагаа ерөнхийлөгчийн тамгын газар, монголчуудыг саяхан болтол сураггүй байсан интернэтийн үнэгүй тольтой болгосноор үргэлжилсэн бөгөөд бас цаашид хятад, вьетнам гээд үнэгүй байж болох бүх толиор энэ ажлаа үргэлжлүүлэх гэнэ лээ.
Улаанбаатар хотоор зогсохгүй хөдөө орон нутагт ч Вьетнам авто засварын газрууд олширсон учраас ийм толь зайлшгүй шаардлагатай болсон юм байх. Мөнгө нь л байвал мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд хийх, бүр илүү хийчих ийм ажлын санаачлагч нь үе үеийн ерөнхийлөгчид байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Элбэгдорж ерөнхийлөгчийн санаачилсан ийм ажлуудын анхдагч сэдлүүдийг чухамдаа Цагаан дарга гаргаж өгдөг бололтой. Нэр төр олж авахын тулд зай завсаргүй хамгийн гоё санал санаачлагуудыг л төрүүлээд байх нь юу юунаас чухал.
Гэхдээ Цагаан дарга өөрөө санал санаачлагууд нь амьдралд үнэхээр тус хүргээд байгаа эсэхийг тэр мэдэхийг огт хүсдэггүй нь сонин. Цагаан даргын хэлж ярьдаг санал санаачлагуудаас болж хордож хохирсон олон аж ахуйн нэгж, хүмүүс байдаг. Тэд ч байр байдлаа хэлэхийг оролддог ч Цагаан дарга харин тэдэнд “Та нар биднийг чөлөөтэй шүүмжилж болно, тэгж ярих юм бол бүгдээрээ нийлээд нар, сарыг ч шүүмжилж болно шүү дээ” гэж байсамжилдаг болсон.
Дүрдээ итгэж шуударсан ийм залуус ч манай нийгэмд олширч байна. Яагаад ийм хүмүүс бусдын үгийг сонсоод, улс оронд хэрэгтэй зүйл хийгээд явж болдоггүй юм бол? Үхтлээ идэх хоолтой л болсон бол жаахан буян хийгээд бусдын сүүдэрт хорогдож амьдрахаа болимоор юм.
П.Ерөөлт
Эх сурвалж: “Цаг төр” онлайн сэтгүүл