Кинонд тоглож буй жүжигчид хуурамчаар үхэх нь олонтаа. Гэхдээ кино зураг авалтын үеэр жинхнээсээ нас барах явдал бас байдаг аж. Эдгээрээс хамгийн алдартай нь Брюс Ли болон түүний хүүгийн үхэл бөгөөд нөгөө талаараа тэдний үхэл кино урлагийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй үйл явдал болсон юм. Ингээд кино зураг авалтын үеэр янз бүрийн шалтгаанаар хорвоог орхисон жүжигчдээс хамгийн нэр алдартайг нь танилцуулья.
1. Брюс Ли
Тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Ли 1973 онд 32-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр Хонконгт “Үхлийн тоглоом” киноны зураг авалтын үеэр тайзан дээр гэнэт унасан бөгөөд тэр даруй эмнэлэгт хүргэхэд тархинд нь аль хэдийнэ үхлийн хаван үүссэн байжээ. Брюс Ли удаан хугацааны турш толгойны өвчиндөө шаналж, түүнийгээ бүрэн эмчлүүлэхгүй, толгойны өвчин намдаагч янз бүрийн эмээр аргалчихаад явдаг байсан нь түүнийг ийнхүү кино зураг авалтын үеэр үхэлд хүргэсэн юм.
2. Брэндон Ли
Брюс Ли нэг хүү, нэг охинтой. Хүү Брэндон Ли нь аавынхаа адил тулаант киноны жинхэнэ од болон гялалзаж явсан ч 1994 онд “Хэрээ” киноны зураг авалтын үеэр нас барсан юм. Брэндон Ли туханй үед 28-хан настай байсан бөгөөд хамтран тоглогч жүжигчин Майкл Массигийн суманд санамсаргүй байдлаар өртөж нас барсан юм.
3. Жон Эрик Хексам
Кино урлагт нэрд гарч явсан жүжигин Жон Эрик Хексам загварын ертөнцөд хэдийнэ од болж, олон ч бүсгүйчүүдийн мөрөөдлийн эр байлаа. гэсэн ч тэрбээр 1984 онд 26-хан насандаа телевизийн цуврал киноны зураг авалтын үеэр цэнэгтэй буугаар санаандгүйгээр өөрийгөө шархдуулснаас нас баржээ.
4. Тайрон Пауэр
1930-1950-аад онуудын Холливудын кинонд мандаж, романтик хайр дурлалын сэдэвт киноны дүрүүдээрээ ихээхэн алдаршиж явсан жүжигчин бол Тайрон Пауэр юм. Харамсалтай нь, тэрбээр “Соломон, Шеба хоёр” киноны зураг авалтын үеэр 44 настай жүжигчний зүрх гэнэт зогсч, эмнэлэгт хүрэхээсээ өмнө өөд болжээ.
5. Марта Мэнсфильд
АНУ-ын дуугүй киноны од энэ бүсгүй нэрт жүжигчин Чарли Чаплины нэлээд хэдэн кинонд тоглосон юм. Харин 1923 оны 11 дүгээр сард “The Warrens of Virginia” киноны зураг авалтын үеэр хажуугаар өнгөрсөн автомашины жолоочийн тамхиа асаагаад түүн рүү нясалсан шүдэнзны модны дөлөөс 24-хэн настай жүжигчин бүсгүйн галд тэсвэргүй даашинзанд тэр дороо гал дүрэлзэж, улмаар бүсгүйн бие, нүүр гээд олон газар түлэгдэж, шархаа даалгүй нас баржээ.
6. Жон Риттер
Америкийн жүжигчин Жон Риттер 2003 онд кино зураг авалтын үеэр гэнэт бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан юм. 54 настай жүжигчин эр зураг авалтын үеэр дотор муухайрч, цээжээр өвдөөд байна гэж хэлжээ. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас байна. Эмч нар түүний өвчнийг зүрхний шигдээс хэмээн оношилж эмчилж байсан ч буруу оношлосон нь тодорхой болсон. Ийнхүү 55 насны төрсөн өдрийн баяраасаа зургаахан хоногийн өмнө Жон Риттер гол судасны хуулрал хэмээх өвчин болон буруу эмчилгээний улмаас нас барсан юм.
7. Вик Морроу
АНУ-ын жүжигчин Вик Морроу цаг үеийнхээ хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан юм. Тэрбээр 1982 “Бүрэнхий бүс” хэмээх Америк-Вьетнамын дайны тухай өгүүлэх кинонд тоглож байгаад нас барсан юм. Вик Морроу вьетнамчуудад олзлогдсон АНУ-ын армийн нисдэг тэргийг хоёр нөхрийн хамт хулгайлан зугтах үзэгдэлд тоглож байтал нисдэг тэрэг гэнэт дэлбэрч, гурван жүжигчин гурвуулаа нас барсан аж.
8. Рой Киннер
Британийн инээдмийн жүжигчин Рой Киннер 1988 онд “Шадар цэргүүд эргэн ирсэн нь” кинонд тоглож байгаад мориноос унаж эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн ч 54 настай жүжигчин эр маргааш өдөр нь мориноос унасан гэмтэлтэй холбоотойгоор зүрхний шигдээсээр насан өөд болжээ.
9. Жин Харлоу
1930-аад оны хамгийн халуухан эмэгтэйн жүжигчдийн нэг Жин Харлоу 1937 онд “Саратога” /хотын нэр/ хэмээх киноны зураг авалтын үеэр ядраад байна, дотор муухайраад байна, хэвлийгээр өвдөөд байна гэж гомдолложээ. Жиний хувьд аль 15 настайгаас нь хойш байсхийгээд л халуурч, биен дээгүүр нь улаан өнгөтэй тууралт үүсдэг байсан гэнэ. Энэ үеэрээ героин хэрэглэдэг байсан жүжигчин бүсгүй 1937 оны тэр нэг өдөр 26 настайдаа эмнэлэгт хүргэгдэж бөөрний дутагдал хэмээн оношлуулсан байна. Хэд хоногийн дараа тэр комд орж удалгүй нас баржээ.
10. Эрик Флемин
Америкийн жүжигчин Эрик Флемин 1966 онд ширэнгэн ой, тагнуулч эрийн тухайн өгүүлэх нэгэн кинонд тоглож байхдаа живжээ. Улмаар түүний биеийг татаж гаргахад пирана загаснууд юу ч үгүй идчихсэн байжээ. Кино зураг авалтыг Перу Улсад хийж байсан бөгөөд зураг авалтын үеэр Эрик Флемин болон Нико Минардос хоёрын индиан завь Хуаллага голд хөмөрч, хамтран тоглогч Нико тэр даруй голоос сэлж гарсан бол Эрик чадалгүй живжээ. Магадгүй 41 настай жүжигчин эрийн үхлийн шалтгаан нь аймшигт пирана загас байх.
Нинж