Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн тоонд жүжигчин СТА Б.Эрдэнэцэцэг зүй ёсоор тооцогддог. Тэрээр анх “Тэнгэрийн сахил” кинонд тоглож олны танил болж байсан бөгөөд үүнээс хойш олон кино жүжигт дүрээ мөнхөлж буй гайхалтай жүжигчин.
Тэгвэл Драмын театрын тайзнаа олон сайхан дүрийг амилуулж ард түмэндээ хүргэж байсан жүжигчин бүсгүй маань театраасаа гарахаар болжээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар жүжигчин бүсгүй удирдлагуудтайгаа түр, тар хийж тангараг тасарсан гэнэ. Ямартай ч тэрээр хувиараа уран бүтээл туурвихын зэрэгцээ хувийн амьдралдаа анхаарахаар ийн сэтгэл шулуудсан бололтой.
Сонирхуулахад, жүжигчин Б.Эрдэнэцэцэг шүлэг бичих авьяастай нэгэн. Тэрээр “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ” жүжгийн дуу болон гавьяат жүжигчин Т.Ариунаагийн хэд хэдэн дууны шүлгийг зохиосон бөгөөд сэтгэлийнхээ гүн дэх гуниг ганцаардал, баяр бахдал бүхнийг тэмдэглэлийнхээ дэвтэрт буулгадаг аж.
Багагүй хугацаанд нөхөрлөсөн шүлгийн дэвтрүүдээ ихэд нандигнан хадгалдаг бөгөөд рок попын уран бүтээлчдэд ч сонирхуулж амждаг гэнэ шүү. Тиймээс жүжигчин бүсгүй маань өөрийн шүлгийн түүврийг эмхэтгэн ном гаргах гэж байгаа сурагтай.
Д.Эни Ugluu.mn