АН-ынхан энд тэндгүй бужигнав

527-14739029929-15-5_700x700
Сонгуулиас хойш АН-ынхан нэг л тогтворгүй байна. Намаа шинэчилж залуусыг дэмжинэ. Ардчиллыг уландаа гишгэсэн дарга нарыг огцруулна, хариуцлага тооцно гэсэн хүмүүс хаа сайгүй  хурал зарлаж гүйлдэх болов.
Тэгвэл тэмцлийн лоозон барьсан гишүүд, дэмжигчдийн үйл ажиллагаа ҮЗХ-ны хурал дөхсөн энэ өдрүүдэд улам идэвхжиж, хүчээ авч байх шиг. Намын дарга, цэрэггүй энд тэнд очиж гомдсон туньсан, занасан үг чулуудсаар байгаа юм. Ийнхүү уур бухимдал, улс төрийн учир шалтгаан нь дээд цэгтээ хүрээд байгаа АН-ынхны барьц алдсан байдал дээр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан нь гал дээр тос нэмэхтэй адил зүйл боллоо.
Өчигдөр л гэхэд намыг үүсгэн байгуулагчид гэх 200 гаруй настан Хүүхдийн урлан бүтээх төвд бүтэн өдөржин хуралдсан бол ардчиллын анхдагчдын нэг гэгддэг Э.Бат-Үүлийг өмөөрч хамгаалсан иргэд, хөдөлгөөнүүд ч Ерөнхийлөгч, хуулийн байгууллагуудад  хаягла­сан бичиг цаас баахан шидлээ. Гавьяат Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс Э.Бат-Үүлийг оролдвол дуугүй хараад суухгүй, 1990 оных шиг  босно, тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Ахмадуудыг цуглуулсан Д.Дарьсүхбаатар нарын хүмүүс ч ҮЗХ-ндоо хатуухан шаардлага хүргүүлэх гэнэ. Товчоор хэлбэл АН-ынхан энд тэндгүй л бужигналаа.
Д.Дарьсүхбаатар: ДУНДУУРАА ХУЛГАЙЧДЫГ ОРУУЛСАН БИДНИЙ АЛДААНААС БОЛЛОО
АН-ын нам, хөдөлгөөнийг анхлан үүсгэн байгуулсан ахмад гишүүд өчигдөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс төлөөллөө хуралд ирүүлжээ. Үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнд 200 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж намаа шинэчлэх, хамгаалах, дархлаатай болгох талаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр ахмад гишүүд АН-ыг үүсгэн байгуулагчдын холбоог байгуулж аймаг, дүүрэг, ҮЗХ-нд төлөөллөө 30 хувийн квоттой болгох саналыг дэвшүүлж байсан. Хурлаас уриалга гаргаж ҮЗХ, Монголын нийт ардчилагчдад хүргүүлэх юм байна.  Мөн намын онц их хурлыг хуралдуулахыг шаардах аж.
Энэ үеэр Ардчилсан холбоог үүсгэн байгуулагч Д.Дарьсүхбаатар “Монгол Улсад тусгаар тогтнол эрх чөлөө, ардчилал алга. Үүнд санаа тавьж, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь энд цуглалаа. 1988 оноос хойш  улсын тусгаар тогтнолыг бататгах, хүний эрх чөлөөг хангахын төлөө бид зүтгэсэн. Харамсалтай нь энэ бүгд алдагдлаа. Дундуураа хулгайчдыг оруулсан бидний өөрсдийн алдаанаас боллоо. Олон жил тэвчиж байгаад аргагүйн эрхэнд сэтгэлийн дуудлагаар цуглаж байна. Одоогийн байгаа  ҮЗХ бол хадгаламж зээлийн хоршоо болсон.
Мөнгөө өсгөх гэж ҮЗХ-нд хүмүүс орж байгааг олон жилийн өмнө хэлж байсан. Тиймээс анх өргөсөн тангарагтаа үнэнч байж үүрэх хариуцлагаа үүрэх ёстой. Энд эрх мэдэл албан тушаалын төлөө яваагүй, хулгай дээрэм хийгээгүй хүмүүс цугласан байна. АН-ыг шинэчлэхийн тулд  ҮЗХ-ны олонхийг бүрдүүлсэн эрх мэдэлтэй хүмүүсийг зайлуулах ёстой.  Намын даргыг  аль нэг фракц гэхгүйгээр улс орны хэмжээнд марафоноор тодруулах нь зүйтэй. Одоогийн байдлаар АН-д ерөнхийлөгч болох хүн харагдахгүй байна. Онц Их хурлын төлөөлөгчдийг шударга санал асуулгаар тодруулж, тэр дундаас намын даргыг сонгох боломжтой” гэсэн юм.
АН-ын анхдагчдын нэг Д.Цогтбаатар “Ардчилсан хувьсгалын гол бүрэлдэхүүн хэсэг болсон нам хөдөлгөөний үүсгэн байгуулагчид зөвлөгөөн хийж байна. Энд төсөв санхүү хараагүй өөрсдөө зардлаа даагаад ирсэн сэтгэлийн хурал болж байна.
АН  албан тушаалтай хүмүүсийг шүтдэг нийгэм рүү явж байна. Намын дүрэмд цус сэлбэдэг тогтолцоог үгүй хийж амьгүй болгож байна. Тиймээс өөр хэлбэрээр шинэчилье. Бид баялаг бүтээе, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, эв нэгдэлтэй байя, хуулиа дээдлэе  зэрэг есөн зарчимтай байя гэж ярьж байна” гэв.
С.Батчулуун: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР ХЭНИЙГ АЛАХ ВЭ ГЭДЭГ НЬ ЧУХАЛ БОЛЛОО
Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсантай холбогдуулан  олон нийтэд хандлаа. СГЗ С.Амарсанаа, Төрийн соёрхолт, гавь­яат жүжигчин Д.Сосорбарам нарын  хүмүүс  байр, сууриа илэрхийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хуулийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж буйгаа хэлсэн юм.
Энэ үеэр гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Бид хүний эрхийг дээ­дэл­сэн нийгмийг бай­гуулж чадаагүй юм байна.  Одооноос бугшмал зүйлээс ангижрах хувьсгал хийх цаг нь болжээ.  Дуртай хүнээр буу шагайлгахгүй. Бид зүгээр суухгүй. Хатуу тэмцэнэ. Би дарангуйллын эсрэг байна. Ганцаараа ч тэмцэж чадна” гэлээ. Мөн Ардчилсан холбооны гишүүн С.Батчулуун “Энэ хэргээр улс төрийн хамгийн хар бараан зүйлийг хийдэг боллоо.Бид шударга бус байдлыг эсэргүүцэж тэмцвэл 1990 оных шиг хөдөлнө.
Нэгийг нь хутгалж алаад нөгөөх нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бид нарыг бүгдийг нь аваачиж хориорой. С.Зоригийг хөнөөсөн хэргээр  хэнийг алах вэ гэдэг нь чухал боллоо”гэлээ.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛЖ ТЭМЦЭНЭ ГЭВ
Мөн газрыг шударгаар хувьчлахын төлөөх “Газар” хөдөлгөөнөөс дээрх асуудалтай холбог­дуулан олон нийтэд ханд­сан юм. Тэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хуулийн дагуу шударгаар шалгаж илрүү­лэ­хийн оронд урьдаас төлөвлөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийг ямар ч аргаар хамаагүй  улс төрийн тавцангаас зайлуулах гэж байгаа гэж үзэж байгаа гэнэ.
Тиймээс  улс төрийн хүчний далд дарамт, нөлөөллөөр ажиллаж, хүний эрх, эрх чөлөөнд халдаж хууль  засаглалыг доройтуулж байгаа үйлдлээ даруй зогсоохыг хууль хүчний байгууллагаас шаардаж байгаа аж. “Газар” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ганхуяг “Бид Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрхийг хамгаалан тэмцэж ирсэн, цаашид ч тэмцэнэ” гэв.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …