40 НАСАНД
Биеийн галбир: Бие дэх өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгдөж эхэлнэ. Биеийн өөхний харьцаа булчинг бодвол ихсэж, эсрэгээрээ булчингийн хэмжээ буурна. Насжилтын хүчин зүйлээс болж гуя ба өгзгөөр жин нэмэгдэнэ. Гуя, өгзөгний гадаргууд хонхорхой гарч болно. Энэ насанд 30 настай байсан үетэй харьцуулбал биеийн жин хурдацтай нэмэгдэх хандлагатай. 40 насанд мөр нарийсаж, аарцаг өргөн болно.
Авах арга хэмжээ: Энэ үед дасгал хийх зайлшгүй шаардлагатай. Алхах, аэробик дасгалууд биеийн жинг барихаас гадна зүрхний шигдээс өвчинд өртөх магадлалыг бууруулдаг. Дасгалгүйгээр таны жин хэдэн килограммаар ч нэмэгдэж болно. Долоо хоногт 3-5 удаа 30 минутаар зүрх судасны дасгал хийхийг зөвлөж байна. Таны биеийн галбир булчингийн хүчээр л тодорхойлогдох болно. Биеийн хүчний дасгал нь хэзээ ч оройтохгүй ба энэ нь таны булчингийн массыг ихэсгэж бодисын солилцоог идэвхжүүлж өгнө. 40 насанд таны биед өдөрт шаардагдах илчлэгийн хэмжээ 120 калориар багассан байдаг тул хэрэглэх хоолны хэмжээг бас багасгах шаардлагатай болно. Бөгтийхээс сэргийлж нуруугаа тэнийлгэн биеэ цэх барих дадалтай болоорой.
Биеийн өндөр: 43 наснаас эхлэн өндөр хасагдаж эхэлнэ. Өндрийн хэмжээ багасаж эхлэх нь ясны масс багасаж буйтай холбоотой.
Авах арга хэмжээ: Өдөрт 1200 мг кальци хэрэглэ. Нуруугаа цэх байлга. Хүндрүүлсэн жинтэй дасгалууд нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ. Сунгалтын дасгалууд булчин, шөрмөс, үе холбоосонд хэрэгтэй тул хөлнийхөө хуруунд хүрдэг болох цаг болжээ.
Цээж: Татах хүчний нөлөөгөөр шууд утгаараа бүх юм доошилно. Цээжний хөндий өргөснө, хөх унжиж эхэлнэ.
Авах арга хэмжээ. Хүндрүүлсэн жинтэй болон хүчний дасгалууд хөхөө чангалахад тус болно. Хөх унжихаас хамгаалж чадахгүй ч сайн тохируулсан хөхний даруулга хувцасны цаанаас сайхан харагдуулахад тусална.
Үс: Үс шингэрч, чийг нь багасан өнгөө алдаж эхэлнэ. Үс цайж эхэлдэг ч ихэнхдээ удамшлын гаралтай байдаг.
Авах арга хэмжээ: Долоо хоногт ядаж нэг удаа хуйхандаа тэжээл өгөх эмчилгээ хийж байгаарай. Зөв будгаар үс будахад үсний ширхэг хатуурч арай өтгөн харагдуулахад тус болно. Үсний үзүүрийг ойр ойрхон тайруулж байвал салаалалтыг бууруулна.
Арьс: Чийг болон коллаген багассанаас мөн удаан хугацааны нарны гэмтлээс арьс үрчийж бор толбонууд үзэгдэж эхэлнэ. Арьсны гадаргуу дээр хуримтлагдах үхсэн эсүүдээс хамаарч арьсны бүтэц хатуурч өөрчлөгдөнө. Насжилтын толбо ба хамар, хацар дээгүүрх цусны судас тодорч анзаарагдах болно.
Авах арга хэмжээ: Илүү тэжээллэг чийгшүүлэгч тос хэрэглэж байх. Усанд орсныхоо дараа арьсаа чийгтэй байхад тосоо нэлэнхүйд нь илүү зузаанаар харамгүй түрхэх шаардлагатай болно. Харшихгүй бол бүтцэндээ альфа гидроксийн хүчил, гиалуроний хүчил агуулсан тос хэрэглэх нь зохимжтой. Энэ нь арьсны өнгийг хадгалж үлдэх ба нарийн үрчлээнүүд үүсэхээс сэргийлнэ. Арьсаа нарны тосоор заавал хамгаалаарай.
50 НАСАНД
Биеийн галбир: Жин нэмэгдсээр л байна, 50 настай биеийн өөх хуримтлуулах явц дээд цэгтээ тулсан байдаг. Эмэгтэй хүн 30-65 насны хооронд дунджаар 7кг жин нэмдэг ба ихэнхийг нь биеийн дунд хэсгээр нэмнэ. Энэ бол дунд насны онцлог! Цэвэршилтийн дараа гэдэсний өөхлөлт маш эрчимтэй явагдана. Энэ нь бодисын солилцоо удааширч, идэвхтэй амьдралын хэм буурах, буруу хоолны дэглэмээс болж байгаа юм. Биеийн эстроген дааврын бууралтыг дагаж инсулин боловсруулалтын хэм алдагдан, жин хасахад улам хэцүү болно.
Авах арга хэмжээ: Аэробик дасгалыг илүү их эрчимтэй хийх шаардлагатай болно. Цэвэршилттэй холбоотой зарим нэг шинж тэмдгийн зовиур аэробик дасгал хийхэд багасдаг. Дасгалын үр нөлөөгөөр стрессийг даван туулж тайвшрахын хамтаар зүрхний шигдээс өвчний эрсдэлийг бууруулна. Өдөр бүр тогтмол 30 минут алхсанаар биеийн жингээ тогтмол хэмжээнд барьж чадна. Хоолны порц багасгаснаар хоолоор авах илчлэг тэр тусмаа өөх тосны хэрэглээг хязгаарлаж, жингээ зохицуулж болно. Өдөрт жимс ногооны 5 нэгжийг заавал хэрэглэж хэвшээрэй.
Өндөр: Ясны масс багасч нурууны нугалам шахалтанд орсноос өндрийн хэмжээ хорогдсоор л байна. Цээж нарийсах, аарцаг өргөсөх нь үргэлжилсээр л ….
Цэвэршсэний дараа эхний 5 жилд эмэгтэй хүний ясны нягтрал хамгийн ихээр багасдаг. Зарим эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа ясны массынхаа 30 хувийг алдана. Цэвэршилтийн үеэр эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ясны сийрэгжилттэй байдаг.
Авах арга хэмжээ: Хийх дасгалын төрөлд хүндрүүлсэн жинтэй болон сунгалтын дасгал нэмснээр яс сийрэгжихээс урьдчилан сэргийлж, уян хатан байлгахад тусална. Кальцийн тэжээлээ үргэлжлүүлэн 1500 мг болтол нь нэмээрэй. Цусандаа холестеролын хэмжээ ба ясны сийрэгжилтийн шинжилгээ өгөөрэй. Даавар нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх болон дааврын бус эмчилгээний талаар эмчтэй зөвлөлдөөрэй.
Цээж: Цээж богиносож өргөссөний улмаас цээжний эргэн тойрон 6-7см-ээр ихэснэ. Хөх багасч унжиж эхлэх нь маш таагүй байдаг.
Авах арга хэмжээ: Сунгалтын дасгалууд цээжний булчинг чангалж өгнө. Сунгалтын дасгалыг хананы эсрэг тулж зогсон алгаар тулан эсвэл шалан дээр өвдгөөрөө тулж байж хийх нь арай хялбар байдаг. Хөхний мамограмм зургийг жил бүр авч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай.
Үс: Үс ургах нь удааширч, үсний хязгаар болон оройгоор шингэрч эхэлнэ. Ихэнх тохиолдол энэ үед үсний 50 хувь нь бууралтсан байдаг.
Авах арга хэмжээ: Бууралтсан үсээ буддаг болох эсэхийг өөрөө шийд. Будсан үс арай өнгөлөг, өтгөн харагддаг. Шингэрч буй үсэнд зориулалтын тэжээллэг шампунь хэрэглэдэг байх хэрэгтэй. Үсээ олон угаахын оронд тэжээллэг ангижруулагчаар ангижруулаарай. Богино бөгөөд шаталсан тайралт хийлгэхийг зөвлөе.
Арьс: Илүү хуурай, эмзэг болж магадгүй. Арьсанд цусан хангамж багассанаас хөлс, тосны булчирхайнуудын ялгарал багасна. Даавар багасах нь коллаген боловсруулалт багасахад нөлөөлнө. Нүд, уруулын эргэн тойронд нарийн үрчлээнүүд тодорч эхэлнэ. Инээгээгүй байхад ч ажиглагддаг болно. Эрүү, хацар үл ялиг унжиж эхэлнэ. Нүүрний толбо сэвхнүүд тодорч, арьсны өнгө цайж, насжилтын толбонууд нүүр, хүзүү, биеэр гарч эхэлнэ. Хүзүүний арьс сул болно. Энэ үед нүдний өнгө ч бүдгэрч эхэлнэ.
Авах арга хэмжээ: Дасгал! Дасгал, бас дахин Дасгал! Цусан хангамжийг идэвхжүүлж арьсыг чангалж нүүрэнд өнгө тодруулна. Өдөр бүр биеийн тос хэрэглэхээ мартуузай. Халуун ус арьсыг илүүтэйгээр хуурайшуулдаг тул шүршүүрт орохдоо хүйтэн бүлээн усанд богино хугацаагаар ордог болоорой. Их ус уугаарай, өдөрт дор хаяж 2 литр. Альфагидроксийн хүчил ба гиалуроний хүчил агуулсан тос хэрэглэж мөн арьсны лазер болон химийн аргаар арьс өнгөлөх үйлчилгээнд хамрагдаарай. Нарнаас сайтар хамгаалаарай!
Эцэст нь хэлэхэд насжилтын өөрчлөлтөнд бүү шантраарай. Одоо цагт бүх зүйл сайжирч байгаа. Итгэхгүй бол жараад оны 50 настай эмэгтэйн зургийг одооныхтой харьцуулж нэг хараарай. Бид илүү залуу, эрүүл, амьдралын идэвхтэй бөгөөд чадавхитай байгаа нь тод харагдана.
everyday.mn