Женкогийн Монголын төрд тарьсан “балаг”-ийг зүгээр орхих уу…

jenkoМонголын толгой баячуудын нэг “Женко” Х.Баттулгын Монгол Улсын Засгийн газарт сайдаар ажилласны балаг одоо ч барагдахгүй байна. Түүний хувьд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Өдгөө Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байхад хийгдсэн Шинэ төмөр зам төсөл болон Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа юм.

Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Авлигатай тэмцэх газрын шалгаж тогтоосноор дээрх төсөл хөтөлбөрүүд нэрийн дор нэр бүхий хүмүүс бүлэглэж онц их хэмжээний мөнгө угаасан хэмээн үзээд байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, Шинэ төмөр зам төсөлд Засгийн газраас эхний ээлжний шаардлагатай хөрөнгүүдийг нь шийдэж өгч, их хэмжээний санхүүжилт хийсэн ч нэг ч сантиметр төмөр зам бариагүй байна. Түүнчлэн техник эдийн засгийн үндэслэлийг нь гаднын компаниар гүйцэтгүүлсэн гэх боловч төсвөөс олон сая ам.доллар гаргуулсан энэхүү судалгааны ажил болон гэрээг “нууц” хэмээн нууцалсаар байна. Ямартай ч, 740 сая ам.долларын хохиролтой гэгдэх Шинэ төмөр замын төслийн хэрэг “Зууны луйвар” хэмээх “Эрдэнэт” үйлдвэрийн дараах Монголын хамгийн том луйврын хэрэг байх магадлалтай.

Х.Баттулга сайд байхдаа олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ төмөр замын ажлыг 100-хан мянган ам.долларын дүрмийн сантай Солонгосын “Самсунг Си Ти” хэмээх компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Өдгөө энэ компанийн захирал Ли Жон Гёлыг Монголын хууль хяналтын байгууллагынхан батлан даалтад гаргаад буй. Анх түүнийг Х.Баттулгын “хүн” гэгддэг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн хамтаар саатуулан шалгасан байдаг.

Ли Жон Гёлын “Самсунг Си Ти” хэмээх компани нь дэлхийн эдийн засгийн хямралын үед Өмнөд Солонгосын Засгийн газартаа мөнгө зээлдэг, асар их хөрөнгөтэй жинхэнэ “Самсунг” компанийн охин компани эсэх нь ихээхэн эргэлзээтэй байгаа юм. Монгол Улсын Засгийн газар Зам тээврийн сайд Х.Баттулгад итгэн “Шинэ төмөр зам”-ын ажлыг гүйцэтгүүлэхээр “Самсунг Си Ти” компанийн данс уруу их хэмжээний бэлэн мөнгө шилжүүлсэн байдаг. Гэсэн ч ингэж гадагшаа гарсан мөнгө “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлтой урьдаас үгсэн тохиролцож, хуйвалдсан гэх тухайн үеийн манай нэр, нөлөө бүхий хүмүүсийн гараар орсон гэгддэг.

Ингэхдээ тэд танил талынхаа нэр дээрх дансуудаар олон хувааж Монголд буцаан оруулж ирж мөнгө угаасан гэгдээд буй. Түүнчлэн анх байгаль орчны төлөв байдлын үнэлгээг нь 32 мянган га хэмээн тодорхойлж байсан ч сүүлд нь газрыг нь 3500-хан га болгож багасган, талбайн хэмжээг бууруулсан ч үнэлгээг нь хэвээр үлдээсэн Сайншандын аж үйлдвэрийн паркын ажил хэмээх томоохон будлиан, шамшигдуулалттай хэрэг байна. Эдүгээ Сайншандад нэг ч га аж үйлдвэрийн цогцолбор алга. Ер нь энэ Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, “Ухаахудаг – Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын ажил хуурамч баримт материал бүрдүүлсэн, улсаа залилан мэхэлсэн, төсвийн хөрөнгөнөөс хулгай хийсэн хэрэг гэгддэг.

Тэгвэл нэг хэсэг маш их шуугисан энэ хэргүүд гэнэт яагаад намжив гэдэг бас сонин. Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг АТГ, ЦЕГ-аас Х.Баттулгын хэргийг шалгахтай зэрэгцэн Х.Баттулга Ц.Элбэгдоржтой “дайн зарласан”. downloadЭнэхүү “дайн” өнгөрсөн хаваржингаа өрнөж, нийгмийг талцуулан хагаралдуулж, нэг хүнийг тахин шүтэгчид болон шударгаар шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоолгочих хэрэгтэй гэсэн хүмүүсийн хооронд томоохон мэтгэлцээнийг бий болгоод байсан юм.

Гэтэл энэ асуудал одоо чимээ аниргүй байгаа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчтэй тохиролцчихов уу, эсвэл мань хоёр ойлголцолд хүрчихэв үү гэж хардаж болох байдлыг үүсгэж байна.  Хэлсэн үгээрээ “Х.Баттулгаас илүү муу хүн байхгүй, хулгайчийг бариарай  хэмээн цээжнийхээ пянгаар хэлж явсан Ерөнхийлөгч маань гэнэт яагаад таг болов.

Магадгүй сонгуулиас өмнө Х.Баттулгыг шалгахад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх нь саад болж байсан байж болох. Дээрээс нь түүнийг түүний “УИХ дахь МоАХ фракцийнхан өмгөөлөөд байна” хэмээн хуулийн дагуу ажлаа хийж чадахгүй байсан гэх хууль хяналтынхан одоо л уг нь ажиллаж баймаар.

Эсвэл ерөөсөө Ц.Элбэгдорж Ардчилсан намын хамгийн том олигархи Х.Баттулгыг албан тушаал, эрх мэдэлгүй болгож, дарж авахыг л хүсэж байв уу. Үүндээ Сайншанд, төмөр замын хэргүүдийг ашиглаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож эрх мэдэл, албан тушаалтай болж чадаагүй болохоор ингээд орхиж байгаа бололтой. Тэгвэл олон нийт дээрх хэргүүдийг илрүүлж, төсвөөс алдагдсан олон зуун сая ам.долларыг эргүүлэн авчрахыг ард түмэн  хүсч байна.

Нэг сантиметр төмөр зам бариагүй атлаа төмөр зам барина хэмээн төсвийн хөрөнгөөс зарлага гаргасан тэр их хэмжээний мөнгийг Женко Х.Баттулгатай холбогдон хууль бусаар зарцуулагдсан нь үнэн юм бол  эдийн засгийн хямралтай энэ цагт тэр төсвийн хөрөнгийг  Женко Х.Баттулгаар эргэж  төлүүлэн эмч, багш нар гээд төрийн албан хаагчдынхаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг тавья. Эдийн засгаа хямралаас гаргахад ашиглая.

Мөн төсвөөс хулгай хийгээд түүнийгээ оффшорт аваачиж нуусан нөхдүүдийн хөрөнгийг илчилж, улсын орлого болгоё. Саяхан Дани Улс АНУ-д төвтэй Олон улсын эрэн сурвалжлагдах сэтгүүлчдийн консорциум /ОУЭССК/-аас оффшор данстнуудынхаа мэдээллийг худалдаж авахаар болж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй адилаар Монгол Улс ОУЭССК-ийн дэлхийд нийтэд танилцуулсан  өмнөх “амталгаа”-г лавшруулж, өөрийн орны оффшор данстнуудынхаа мэдээллийг худалдан авч, тухайн хөрөнгөнүүдийн эх үүсвэр хууль бус тохиолдолд төсөвт хураан авч болно.

Хамгийн гол нь, Монгол Улсад маш хохиролтой үйл ажиллагаа явуулж, түүнийх нь үр дагавар ойрын хэдэн жилдээ гарахааргүй тийм хорлонтой үйлдэл хийсэн нөхдүүдэд улстөрийн нөлөөлгүйгээр хэргийг нь үүрүүлдэг болмоор байна. Улстөрч гэхээрээ хэргээс чөлөөлөгддөг, хүрээлэл томтой гэхээрээ шударга ёсыг уландаа гишгэдэг, ганц нэгхэн гавьяагаар нь өмнөх гэм бурууг нь уучилж өршөөдөг явдал хэрээс хэтэрлээ.

Эдийн засгийг хямралд оруулсан, Таван толгойг гацаасан, Хөдөө аж ахуйн яамыг уналтад оруулсан гээд ганц нэгхэн хүний Монгол Улсад тарьсан гай арай ихэджээ. 1997 онд Монгол Улсад орж ирсэн 17 чингэлэг спиртын хэргийг шударгаар шалгасан бол хэдэн хүний амь насыг аварч, хэдэн хүүхдийг өнчрүүлэхгүй элэг бүтэн амьдруулах байсан бол. Х.Баттулга нарын холбогдсон 17 чингэлэг спиртийг жижиглэнгээр тооцвол 1 сая 300 мянган шил архи болох ба Монгол Улсын хүн амыг хэдэн жилдээ согтооход хангалттай хүрэлцэнэ.

Өдгөө Ардчилсан намынхан Х.Баттулгаас бүрмөсөн ангижрах учраа олохгүй хэлэлцэж байна. Тэд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн намынхаа гишүүдийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авахаар ярилцсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад АН-ын  найман гишүүн  дэмжсэний тав нь МоАХ-ын гишүүд буюу Х.Баттулгын фракцийнхан. Ингэснийхээ хүчинд Х.Баттулга дараагийн Засгийн газарт хоёр сайдын суудал, хоёр байнгын хорооны даргын суудал авсан. Тодруулбал, М.Зоригт Зам тээврийн сайдаар, Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар, Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны  даргаар, Л.Эрдэнэчимэг Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тус тус томилогдож, Х.Баттулга фракцийнхаа гишүүдийг үгээр нь ажиллавал хэрхэн ашиг тусыг нь хүртдэгийг ойлгуулсан. Сонирхолтой нь, Х.Баттулга өөрийнхөө ажиллаж байсан хоёр яаманд өөрийн талын хүмүүсийг тавьжээ. Х.Баттулга Зам тээврийн яамны сайдын албан тушаалаас буусныхаа дараа тус яамны сайдаар өөрийн “хүн” А.Гансүхийг тавьсан. Тэгвэл А.Гансүх ч мөн Шинэ төмөр замын хэрэг болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хэрэгт холбогдоод буй.

Ерөнхийдөө энэ хэрэгт холбогдсон хамгийн том хүмүүс нь Х.Баттулга, А.Гансүх нар юм. Х.Баттулгын хувьд Ц.Элбэгдоржтой хийсэн дайнд дээр нэр дурдсан МоАХ-ын дөрвөн гишүүн болон бас нэг гишүүн Хууль зүйн сайд Д.Дорлигжав нараар өөрийгөө хамгаалуулсан бол А.Гансүх АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх гэдгээрээ хамгаалалтад байв.14383294_1111718632196941_1962754663_n

Тэгвэл бас нэгэн баримт дэлгэхэд, Сайншанд болон төмөр замын хэрэгт нэр холбогдсон хүмүүсээс “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ дэд дарга П.Бат-Эрдэнэ нар хилийн чанад уруу зугтаж, Интерполоор эрэн сурвалжилж буй. Мөн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Түвшинжаргал, Эрдэнэчимэг гэсэн хоёр ч хүн оргон зайлахыг завдсан. Тэд их хэмжээний бэлэн мөнгөтэй оргон зайлах гэж байхад нь цагдаагийн газраас саатуулсан байдаг. Тэднийг хууль хяналтын байгууллагынхан саатуулж, хорьж улмаар үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж үзсэн ч энэ хэргийг улстөржүүлж, улстөрчид, сайд нар, олны танил хүмүүсээр дэмнүүлэн батлан даалтад гаргуулсан. Тэгвэл одоо хууль хяналтынхан Б.Батзаяа, Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ, Г.Түвшинжаргал, Эрдэнэчимэг гэсэн “жараахайнууд”-аар хөөцөлдөхгүй уснаас хуурай гарахаар зүтгэж буй Х.Баттулга, А.Гансүх гэсэн “акулууд”-ыг шалгах боломж олдож байна.

Ер нь, хэсэг бүлэг хүмүүс гэмт хэрэг хийчихээд асуудал үүсэхээр “нохойд барьдаг мод аятай” гар хөл бологсдоо өмнөөсөө шорон руу явуулчихаад араас нь хөөцөлдөж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргуулдаг байдал манайд бүр моод болчихоод байгаа. Г.Дэнзэнгийн хэрэг, Б.Батзаяагийн хэрэг гээд дурьдаад байвал олон. Болоогүй АНУ уруу зугтаасан хоёр ногоон пасспорт, таван энгийн пасспорттой Ч.Ганбатыг АНУ-аас барих болонгуут Англи уруу зугтаасан. Санаа нь ТЕГ-ын дарга Б.Хурц Д.Энхбатыг Францаас хулгайлахдаа Английн тагнуулчдад баригдаж, тус улсад нэвтрэх боломжгүй болсон, нэвтэрсэн ч маш ноцтой асуудал үүсэх болсонтой холбоотой болов уу. Ямартай ч, хаа холын Америкт байгаа хүн Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нууцын зэрэглэлтэй гарч буй мэдээллийг цаг тухай бүрт нь авч, Англи уруу зугтаасан нь сонин юм шүү.

Энэ бүр учиг зангилаа асар их хөрөнгө мөнгө ямартай ч Женкотой холбоотой гэдгийг хэлээд байх шиг. Ямартай ч Хууль хяналтын байгууллага асуудлын мөрөөр орон шалгаж байгаа билээ. Тэд асуудлын үнэн мөнийг тогтоож, төсвөөс алдагдсан хөрөнгийг эргүүлэн  төсөвт төвлөрүүлж, түүгээр нь бид улс орны өмнө тулгарсан  эдийн засгийн хямралаа даван туулахад хэрэглэмээр байна.

Э.Төгс

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …