Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман тэргүүтэй НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, хэрэгжүүлэхэд байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, НҮБ-ын бусад байгууллагуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих болон хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оруулсан хувь нэмэр өндөр гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
УИХ-аас 2016 оны хоёрдугаар сард “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх арга зам, зохион байгуулалтын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төслийг боловсруулж байна. Зорилтоо хэрэгжүүлж үр дүнд хүргэхийн төлөө тууштай ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын мэргэжлийн дэмжлэг туслалцаа, бодлогын зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.
Өнгөрсөн 6 дугаар сарын НҮБ-аас “Монгол Улсын 2017-2021 онд үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллага хоорондын ирэх таван жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон гэдгийг Ерөнхий сайд онцлоод уг баримт бичгийг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэ хүрээнд НҮБ ирэх таван жилд байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмйин үйлчилгээ дэлгэрүүлэх, олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хөгжлийн тусламж үзүүлнэ гэж НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.