НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс байв.
Одоогийн байдлаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 60 улс батламжлаад байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр энэ оны эцэс гэхэд батламжилж дуусан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлдэг Бразил, Мексик, Аргентин тэргүүтэй улс орнууд батлаад байгаа. Хэлэлцээрийг баталсан улс орнууд эрс нэмэгдэж буй дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барихыг зорьжээ.
Батламж жуух бичгийг гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч: -НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд долоо дахь удаагаа оролцож байгаагаа та индэр дээрээс үг хэлэхдээ онцолсон?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Жил бүрийн намар, өвөл болдог хоёр том арга хэмжээнд Монгол Улс том ач холбогдол өгч оролцдог. Түүний нэг нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган байгаа. Энэ чуулганд дэлхийн улс орнуудын төр засгийн удирдлагууд оролцож, тухайн жилд өрнөсөн үйл явдал, улс орныхоо бодлогыг ярьдаг. Монгол Улсын хувьд НҮБ бол хамгийн чухал индэр. Энэ индэр дээрээс үг хэлэх бол хамгийн чухал үйл явдал юм.
Сэтгүүлч: -Энэ удаагийн чуулганы онцлог юу байв. Өмнөх чуулгануудаас юугаараа чухал гэж таны хувьд дүгнэж байна вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хүн төрөлхтөн нэг баг, нэг айл, нэг гэр орон гэдэг утгаараа ирэх 15 жил яаж хөгжих вэ ямар зорилт тавих вэ гэдэг утгаараа олон жил ярьсан асуудлаа ажил хэрэг болгохоор НҮБ-ын чуулганаас тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан. Энэ зорилтод Монгол Улс өөрийн санаа бодлоо тусгасан байгаа. 17 төрлийн зорилт байдаг. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал энэ жилээс эхлэн яригдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт Монгол Улс мөн идэвхтэй оролцсон. 1992 оноос эхлээд Риогийн хуралд оролцож ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлсөн орон бол Монгол. Гэхдээ эндээс хамгийн их хохирч байгаа орон бол Монгол.
Монголд цаг агаар яаж өөрчлөгдөж байгаа, ямар хүндрэл үүсч буйг бүгд мэднэ. Тиймээс энэ хэлэлцээрт бид идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэхүү хэлэлцээр олон жил яригдсан. Хамгийн гол нь хуулийн хүчинтэй хэлэлцээр болох ёстой юм. Улс орон бол бүгд л хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Парисын хэлэлцээр нь улс орон бүрийн хууль тогтоох байгууллага болох парламентаар хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болно. Энэ хэлэлцээрт нэг баг болж, хамгийн түрүүнд хууль тогтоох байгууллагаараа баталгаажуулсан орон болсон гэдгээ Монгол Улс илэрхийлж батламжаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад гардууллаа. Дэлхийн 55 орон л уг хэлэлцээрийг парламентаараа баталчихвал хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий гаргадаг улс орнууд үүнийг дэмжих юм бол хэлэлцээр хэрэгжээд явна. Тиймээс тооны хувьд хангалттай болчихлоо. Энэхүү хэлэлцээрт 60 орон нэгдэж орсноо зарлалаа. Парисын хэлэлцээрийг Монголын шинэ парламентаар хэлэлцэж баталсан нь чухал үйл явдал болсон. Гэхдээ үүний дараа хэлэлцээрийг хэрэгжүүлэх маш олон ажил бий. Тухайлбал, хүлэмжийн хийг багасгах ёстой. Монголын хувьд нар салхины эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой. Модоо тайрдгаа больж, мод тарьж ургуулах гээд асар олон ажлыг Монгол Улс хийх ёстой.
Сэтгүүлч: -Тогтвортой хөгжлийн зорилтуудыг энэ жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэлээ. Монголд тийм боломж байгаа юу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Бидэнд маш том үүрэг хариуцлага ирлээ. Эдийн засаг хямарлаа, санхүүгийн асуудал хүндэрлээ гээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг мартаж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл гээд тодорхой тоонууд заасан байгаа. Эдгээр тоогоо барьж явах хэрэгтэй. Түүнээс олон улсад нэг юм яриад, тунхаг бичиг гардуулаад явснаар асуудал шийдэгдэхгүй. Тусгасан зорилтуудыг нь биелүүлэхийн төлөө ажиллах ёстой гэсэн үг. Монголд хийгдэж байгаа бодит өөрчлөлтөөр, бодит тоогоор тогтвортой хөгжлийн үр дүн тооцогддог болохоор эргээд манай Засгийн газар, парламентад том үүрэг хариуцлага ирж байна.
Сэтгүүлч: -НҮБ-ын чуулганд ирэхээсээ өмнө та Бүгд найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын чинь үр дүн юу байв?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Куба улс бол Монголын эртний анд. Монголын талаас 50 жилийн дараа албан ёсны айлчлал хийлээ. Латин Америкийн орнуудын Монголтой дипломат харилцаа тогтоосон анхны орон бол Куба. Кубын хувьд Ази тивээс анхны дипломат харилцаа тогтоосон орон бол Монгол. Энэ утгаараа бол манай хоёр орон түүхэн харилцаатай. Хоёр улсын хувьд эртний харилцаагаа идэвхжүүлэх сонирхол аль, алинд нь байлаа. Тус улстай хамтарч ажиллах боломжууд олон байна. Ялангуяа хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр болон оюутан солилцоо, аялал жуулчлал гээд олон чиглэлээр хамтарч ажиллах бололцоотой. Мөн Кубын удирдагч Раул Кастротой дөрвөн цаг гаруй уулзалт хийсэн. Миний айлчлалын дараа тус улсад Японы ерөнхий сайд, Хятадын ерөнхий сайд айлчилсан. Ираны ерөнхийлөгч ирж байгаа гээд олон айлчлалын үүд хаалга нээгдсэн сайхан айлчлал болсон.
Сэтгүүлч: -Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэхдээ та хүний эрх, ардчилалын тухай хөндсөн. Яг энэ сэдвээр та Куба лекц уншсан. Таны тавьсан итгэлийг улс орны зарим төр засгийн тэргүүн багагүй сонирхож, танаас асууж байсан гэсэн?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Кубад очсон айлчлалтай холбоотойгоор зарим улс орны төлөөлөгчид сонирхож асууж байгаа зүйлүүд байна. Кубад “Зүрх бүхэн эрх чөлөөг чимээлж цохилдог юм” гэсэн сэдвээр лекц уншлаа. Монгол Улсад хийсэн өөрчлөлт Кубын сонирхлыг нэлээд татаж байна. Мөн Кубачууд өөрсдөө хөгжлийнхөө замыг тодорхойлохыгн тулд хэлэлцүүлэг хийж байна. Зүйрлэж хэлэх юм бол манай 80-аад оны сүүлчийн үе шиг байна. Хувийн жижиг дэлгүүр, хоршоолол гэдгийг дөнгөж хүлээн зөвшөөрсөн эхлүүлж байна. Зөвхөн эдийн засгийн хүрээнд гэлтгүй олон асуудлыг Куба сонирхож байна.
Сэтгүүлч: -Монгол Улсын төрийн тэргүүний хувиар та БНАСУ, Иран, Кубад айлчилсан дэлхийн анхны удирдагчаар нэрлэгдэж байгаа. Энэ нь Монголыг гадаад ертөнцөд таниулахад чухал, том алхам болсон уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Монголыг гадаад ертөнцөд таниулахаасаа илүү Монгол улс ямар хүсэл эрмэлзэлтэй вэ гэдгийг харуулж, улс орон маань бие даасан бодлоготой, эрх чөлөөтэй гэдгээ таниулж яваа нэг хэлбэр. Бидэнд дотроо шүүмжлэлтэй ханддаг зүйл олон байдаг. Гэхдээ бидний алдаа ч зарим улс оронд сургамж болж байна.
president.mn