О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй

magnai
Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу? Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам “2012” онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, 35 хувийн саналыг авсан шүү дээ.
Идэвхгүй, өөрийгөө юунаас ч худалдахаас сийхгүй нөхдүүд нийгмийн 20 орчим хувийг эзэлж байна. Тийм хүмүүсийг өнгөрсөн хорин жилийн хугацаанд бий болгожээ. Тэр нөхдүүд нөгөө талд саналаа өгснөөр сонгуулийн дүн ингэж гарсан. Мэдээж сонгуулийн тогтолцоо нөлөө үзүүлсэн. Сонгуулийн мажоритар тогтолцоо яах аргагүй нэг талыг олонхи болгодог. Мажоритар тогтолцооны ид шид гарлаа л даа.
-Мажоритар тогтолцоог танай нам олонхи байхдаа батлуулсан.
-Бүх зүйл хоёр талтай. Өнгөрсөн дөрвөн жилд дандаа л хамтарсан засаг байгуулагдаж ажиллалаа. Хамтарсан засаг байгуулагдсаны сул талыг бид бүгд харлаа. Зоригтой шийдвэр гаргадаггүй, засаг нь хэврэг. Харин энэ сонгуулиар нэг нь олонхи болж бодлогоо хэрэгжүүлэх боломжийг олголоо.
-Тээг садаагүй тууштай ажиллах боломжийг яах аргагүй олгосон
-Тууштай гэж хэлмээргүй байна. Боломжийг л олгосон. Харж л байя.
-Сонгогчдын 20 орчим хувь нь өөрсдийгөө юунаас ч худалдахаас сийхгүй байсан гэж ярилаа. МАН сонгогчдын саналыг худалдаж авсан гэж үү?
-Монголын улс төрд гаднаас интервенц хийсэн нь энэ сонгуулийн бас нэг онцлог байлаа. Маш их хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн. Түүх уншиж байхад илэрдэггүй юм гэж байдаггүй юм билээ. Тэгэхээр тавь, зуун жилийн дараа үнэн илэрч, учир тайлагдах биз дээ. Ер нь их л муу жишиг тогтоолоо. 1911 онд хувьсгалаа хийчихээд монголчууд хоорондоо муудалцаж нэг хэсэг нь Гамингийн цэргийг авчраад тусгаар тогтнолоо үгүй хийж байлаа шүү дээ. Агуулгаараа тиймэрхүү л юм боллоо гэж харж байгаа.
-2008 оны сонгуулиар ч нэлээд олон тойрогт иймэрхүү асуудал гарлаа гэж байсан. Таны өрсөлдсөн тойрогт сонгуулийн будлиан болсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан, цаашлаад “Долдугаар сарын 1”-ний үймээн болсон шүү дээ. Энэ удаад санал худалдаж авсан, будлиулсан асуудлыг зүгээр орхих нь зөв байв уу?
-Манай эдийн засгийн байдал сайнгүй, бараг муу байгаа. Улсын рейтинг ч доод түвшинд оччихсон байна. Ийм үед сонгуулиа хийж чадахгүй, сонгуулийн дараа янз бүрийн үймээн гарвал улс төрийн тогтворгүй байдал үүсч эдийн засгийн байдал бүр доош унана. Монголчууд бүгдээрээ хохирно. Сонгуулийн дүн нэгэнт гарчихсан, тэр нь гадна дотнын нөлөөтэй гэдгийг хүмүүс дор бүрнээ мэдэж байгаа. Нотлох баримт байхгүй учраас хүн бүр хэлэхээс, гаргаж ирэхээс болгоомжилж байгаа биз. Ямар ч байсан 2016 оны сонгуулийн дүн ард түмний хүсэл зоригоос гарсан үр дүн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
-Нэгэнт МАН үнэмлэхүй олонхи болж, Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар ажлаа хийгээд эхэлчихлээ. Энэ Засгийн газрын ажлын эхлэл, сайдуудын хийсэн мэдэгдэл нь тун таагүй ойлголтыг төрүүлж байна.
-Бид есдүгээр сардаа багтаагаад “МАН 100 хоногт” гэдэг тайланг гаргана. Тэр үед сэтгүүлчидтэй уулзаж, засаг авсан нөхдүүд ийм, ийм зүйлийг хийсэн байна гэж ярилцана гэж төлөвлөж байгаа. Ерөнхийдөө нийгмийг их айлгалаа, улс орон дампуурах гэж байна гэж итгүүллээ. Улс орон дампуурах нь гэж хүмүүсийг айлгалаа. Зохиолоороо бол нэг аврагч гарч ирэх учиртай. Тэр аврагч нь гаднаас гарч ирнэ. Тэдэндээ юмаа тавиад туух ёстой. Ийм л зохиол цааш үргэлжилнэ. Зуун жилийн дараахь өндөрлөгөөс харахад тэр нь энэ сонгуульд ялсан төлбөр болж таарах биз гэж л харж байгаа.
-Ямар айхавтар зохиолын тухай ярьж байна вэ?
-Хүн бүрт ойлгуулах албагүй. Миний ярьж байгааг ойлгох нэг нь ойлгож байгаа. Ойлгохгүй нь хэзээ ч ойлгохгүй.
-Та гадаадын цөөнгүй бизнес эрхлэгчидтэй найз нөхдийн холбоотой. Таны зохиолын нэг хэсэг гэж ярьсан Сангийн сайдын айлгах мэдэгдлийг тэд хэрхэн хүлээж авсан бол?
-2015 оноос хойш Монголын талаарх сайн мэдээ бараг гараагүй. Дэлхийд томд тооцогддог “Рио тинто” компанитай манай Засгийн газар заргалдсан. Хүнээр яривал 40 давсан эр арван настай хүүхэдтэй л үзэлцсэн хэрэг л дээ.
Ийм хүч тэнцвэргүй байхад монголчууд нэг тал байж чадаагүй. Сөрөг хүчин байсан МАН бодит байдлыг ойлгосон уу, ойлгосон атлаа хорлох гэсэн нь үү илт нөгөө талыг өөгшүүлсэн мэдээлэл хийж байсан. Энэ бүхний үр дүнд дэлхий даяар Монголын талаар буруу имижийг бий болгосон.
Буруутан хайвал тэндээс эхлэх нь зүйн хэрэг. Сонгуулийн дараахь сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг тал руугаа болсон. Нэг нам дангаараа ялчихлаа, улс төрийн тогтвортой байдал бий болно гэсэн хүлээлт байсан. Гэтэл засгийн эрхэнд гарсан нөхдүүд маань Ардчилсан намыг муухай харагдуулах гэж хичээхдээ “Жоомоо алах гээд байшингаа шатаах”-ын үлгэрийг харуулчихлаа. Тэгэхдээ энэ нь санаандгүй зүйл огт биш.
Нэгдүгээрт, Ардчилсан намыг муухай харагдуулах , хоёрдугаарт, нийгэмд айдас бий болгох зорилготой. Монголчууд үндэстний хувьд насанд хүрээгүй, ямар нэгэн асуудал гарахад хэн нэгнээс аврал заавал хайдаг онцлогтой. Айсан хүмүүс аврагчийг хүсч л таарна. Тэгэхээр миний түрүүнд ярьсан зохиол л үргэлжилж байгаа хэрэг.
-МАН-ын 100 хоногт хийсэн ажлын тайланг гаргаж мэдээлэх юм байна. Цаашид яах вэ?
-Унших нэг нь уншиг. Юу хийснээ эргээд нэг хараг. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан гээд байгаа засаг 100 хоногт юу хийснийг иргэд багцлаад нэг үзэг. Тайлангаас өнөөдөр үр дүн гарахгүй байж болно. Зуун жилийн дараа хэн нэг нь хараад энэ харанхуй үед Монголчууд бүгдээрээ хонь шиг номхон байгаагүй, зарим нь эсэргүүцлээ илэрхийлээд тайлан ч гэсэн гаргаж байж гэдэг түүх үлдэг.
-Та зуун жилийн дараахь үр дүнгийн талаар яасан их ярьж байна вэ. Одоо үед тэгтлээ итгэл алдарчихсан юм уу?
-Өнөөдөр Монголын түүхийн нэгэн харанхуй үе явж байна. Европт ч ийм үе байсан. Загалмайтны аян дайны үед мухар сүсэгт баригдаад, хаад ноёд нь авлигад бүрэн идэгдэж, хэн нь шашин, аль нь төр гэдэг нь мэдэгдэхээ больсон. Иргэд нь бүгд ядуурч, халдварт өвчинд нэрвэгдсэн харанхуй үе тохиож байсан. Өнөөгийн Монголын зуун жилийн дараа судлаачид, түүхчид “Монголын түүхийн харанхуй үе” гэж дүгнэнэ.
Мухар сүсэгт бүрэн автчихлаа. Хувьсгалаас өмнө байсан бүх гэгээнтэн дахиж тодорч байх шиг. Мухар сүсгээр өөрсдйин валютыг гадагшаа урсгаж байна. Оюун санааны үүднээс харахад дархлаагүй, мухар сүсгийн харанхуй ангал руу хурдтайгаар явж байгаа. Шүтэж байгаа шашныхаа ч мөн чанарыг ойлгохгүй ид шид хүлээгээд байна. фэйсбүүкт базсан мөнгөний зураг тавиад түгээвэл баяжина гэхэд л хэдэн мянган хүн шэйрлэж байгаа нь инээдэм биш. Ийм үеийг харанхуй гэж дүгнэдэг юм. Үүний дараа дахин сэргэлтийн үе ирдэг. Тэр үе нь хурдан ирж гэрэл гараасай. Бидний гаргах тайлан хүртэл тэр гэрлийн нэг оч нь байгаасай гэж хүсэх юм.
-Үнэмлэхүй олонхи болсон намынхан ураг садныхныгаа төрийн өндөр албан тушаалд томилдог. Хэн нэг нь Монголд хортой мэдэгдэл хийхэд олон нийт шогшроод өнгөрөхөөс хэтрэхгүй байна. Танай нам парламентад хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй. Энэ үед Иргэний хөдөлгөөний дуу хоолой яалт ч үгүй үгүйлэгдэж байх шиг?
-Засгийн газар байгуулагдаад зуу хоног болоогүй байна. Зуу хоног нь дуусаг, түүний дараа дүгнэе гэсэн хүлээлт хаа, хаанаа байх шиг. МАН-ынхны хийж байгаа ажил, байж байгаа байдал нь дэвшил шинэчлэл гэхээсээ илүү их ухралт, харанхуй руу гүн орж байгаа шинжтэй байгаад харамсч байна.
-Засгийн газрын зуу хоногоос гадна танай намын шинэчлэл олны анхааралд байгаа. Гэтэл танай нам цуглаж сонгуулийн үр дүнгээ ч хэлэлцсэнгүй, цаашид яахаа ч ярилцсангүй?
-Нэг хурал хуралдаад, шинэ дарга томилогдох нь Ардчилсан намын шинэчлэл биш. Ямар нийгмийг ямар нийгмээр солихын тулд, ямар үнэт зүйлийг нийгэмд бий болгохын тулд 1990 оны хувьсгал хийсэн бэ гэдэг тунхгийг өнөөдөр гаргах ёстой. Дэлхийн бүх орон хувьсгал хийснийхээ дараа тунхаг гаргадаг.
Тэр тунхаг нь Үндсэн хуультай адил эрх зүйн чадамжтай байдаг. Ардчилсан намын шинэчлэл яг энэ үнэт зүйлийн тунхгаас эхлэх ёстой. Ийм, ийм үнэт зүйлийг хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа юм гэдгийг ойлгож, ойлгуулах ёстой. Коммунист, нэг хүнийг тахин шүтсэн, гаднаас Монголын төрийг удирддаг, хүнийг хэлмэгдүүлж болдог нийгмийг, хөмөрсөн тогоо шиг харанхуй нийгмийг эсэргүүцэж Монголын ард түмэн хувьсгал хийсэн.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмээ хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа гэдгийг эхлээд ойлгох ёстой. Түүнээс МАН-тай адил авгай, ах дүүгээ дарга цэрэг болгох, хэн нэг доржийг нөгөө доржоор солихын төлөөх нам байж болохгүй гэдгийг Ардчилсан намын шийдвэр гаргах түвшний хүн бүр ойлгох учиртай.
Ардчилсан нам яагаад Монгол байх ёстой гэдэг нь 1990 оны ардчилсан хувьсгалтай ямагт хамт ойлгогдох үнэт зүйл. Гэтэл энэ нийгэмд үнэт зүйл байхгүй болсноор нэг коммунист удирдагчийн 100 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ гээд УИХ-аас тогтоол гаргаж байна. Хойшоогоо 100 алхаж байгаагийн илрэл энэ биз.
Ардчилсан намын үүрэг бол ардчиллын үнэт зүйлийг хамгаалах. Шинэчлэл эндээс эхлэх ёстой. Нэг тогоонд чанагдаж байгаа нэгийг нөгөөгөөр сольж Намын даргыг нөгөөгөөр солилоо гээд юу өөрчлөгдөх юм бэ.
Үнэт зүйлээ мартаад Доржийг Доржоор солиход анхаарсан учраас Ардчилсан нам нийгэмд байхгүй байсан ч болох юм шиг ойлголт нийгэмд төрчихөж. Ардчилсан нам байгаа учраас ардчиллын үнэт зүйл оршин тогтнож байгаа гэдгийг ойлгож, ойлгуулж байж шинэчлэл зөв замдаа орно.
-Үнэт зүйлсээ тунхаглахаас шинэчлэлээ эхлэхийн тулд танай намынхан цугламаар байна. Гэтэл ҮЗХ-ны ирц ч бүрдэхгүй байна шүү дээ.
-Ярилцаж байгаа байх. Хамаагүй яараад дэмий байх. Их хурлаа хийгээд үнэт зүйлээ хамгаалахаас шинэчлэлээ эхэлнэ гэж итгэж байна.
-Даргатай болж байж шинэчлэл эхэлж, голдрилоороо явна биз дээ?
-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын ихэнх дарга ҮЗХ-ны хурлаар сонгогдсон. Хоёр зуу гаруйхан хүний саналаар сонгогдсон хүний хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь ч муу байдаг юм байна. Үүндээ ч дүгнэлт хийж байгаа биз. Миний ойлгож байгаагаар нийт гишүүдийн дунд марафон хийж намын даргыг тодруулахад санал нэгдэж байгаа болов уу. Орон нутгийн сонгуулийн дараагаас марафоноо эхлүүлээд арванхоёрдугаар сарын 6-ны Их хурлаараа батламжилна гэж хүлээж байгаа.
УИХ-д цөөхөн суудалтай сөрөг хүчин байгаа үед намын дарга бүх гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Түүнээс хоёр зуун хүний зуугийнх нь толгойг эргүүлээд дарга болчихдог. Дараа нь өөрийгөө дарга гэж хэлэхээс ч ичдэг, нөгөө хүнийг дарга гэж гишүүд нь хүлээн зөвшөөрдөггүй. Ийм байдлыг зогсооно гэж итгэж байгаа.
-Фракц нэртэй нам дотрох намууд ийм шийдэлд санал нэгдэх болов уу.Фракцууд дайтаад хурлаа ч хийж чадахгүй байна гэх юм?
-Үүнийг ярихын тулд 1990 он руугаа орохоос аргагүй. 1990 онд МАХН-ыг хуулиар хориглоод хөрөнгийг нь хураагаагүй нь тухайн үеийн хувьсгалчдын хамгийн том алдаа. Энэ нь эргээд тэнцвэргүй өрсөлдөөнийг эхлүүлсэн. МАХН-ын эсрэг бүхэн нэг дор цугларчихсан нь өнөөдрийн Ардчилсан намыг бий болгосон хэрэг.
Тухайн үед МАХН-ын эсрэг л бол гэдэг үзлээр нэг талдаа гарчихсан нь өнөөдрийн фракцууд нам доторх намыг бий болгочихож. Улс төрийн намуудыг шинэчилж, зөв голдрилд нь оруулахын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улс төрийн намуудын тухай хуулиа өөрчлөх ёстой. Дараа нь бүх улс төрийн намуудаа тараагаад шинээр бүртгэх ёстой. Нэгэнт хундаамаа мурий тавьчихсан. Цаашаа нүдээ аниад мурий хундаам дээрээ бариад байвал тэр барилга нэг л өдөр нурна. Нурааж байж арга хэмжээ авах уу, нурахаас өмнө нь өөрсдөө буулгаад шинээр барих уу. Аль нь зардал багатайг тооцож, шийдвэр гаргах ёстой. МАН-д ч фракцуудын зөрчил байгаа.
-Энэ дөрвөн жилд Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад нэмэргүй биз дээ?
-Маргааш юу болохыг тааж хэлэхээс айгаад байдаг юм. Манай гаригт бүх зүйл боломжтой шүү дээ. АНУ-д Трамп еренхийлөгч болох гэж байна. Хоёр жилийн өмнө Трампыг ерөнхийлөгч болно гэсэн бол хэн ч итгэхгүй л байсан. Тэгэхээр юу ч болж болно. Бүх сайн сайхан зүйлд итгэж байх хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн төлөө бодож байгаа, тэмцэх гэж байгаа хүмүүс олон бий.
-МАН-ын фракцууд ч засгаа унагаана гэсэн яриа гаргаад зөрчилдөөд эхэллээ гэх юм.
-МАН засгаа унагаж чадахгүй. Тийм эр зориггой хүн МАН-д байхгүй. Нэг хүчтэй даргыг тойрсон зориггүй нөхдүүд тэр намд байдаг. Өөрийнхөө намын эсрэг босч Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй. Харамсалтай л байна.
Ах дүү, амраг саднаа сайд, агентлагийн дарга болгож байх шиг байна. Дараа нь ахаа, дүүгээ Ерөнхий сайд болгох нь. Хэдэн жилийн өмнө “Өөрийнхөө хүнээр сайд хийлгэлээ” гэх шүүмжлэл байсан бол одоо өөрийнхөө тоглоомын хүнийг Ерөнхий сайд болгодог боллоо. Бас л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг эрх мэдэлтэй болж энэ улс орны төлөө шийдвэр гаргах чадвартай болно. Тоглоомын нөхдүүд ээлжилж гараад ард нь муур багш суучихаад удирдаад байвал хохирогч нь Монголын ард түмэн л болно.
-Ард түмэн хохироод байна л гэдэг. Нэг хүний зангаагаар төрийн сайд, агентлагийн дарга томилогдоход хэн ч эсэргүүцэхгүй, дуугарахгүй л байна шүү дээ.
-Ард түмний 30 хувийн саналыг авч сонгогдоод оодрохоос илүү 80, 90 хувиар сонгогдсон нөхдүүдийг хүртэл нэг л өдөр хөөгөөд явуулчихдаг л юм билээ. Ард түмнийг сэрэхийг хүлээнэ гэж байгаа юм биш. Бодит байдлыг ярьж л байх хэрэггэй. Яагаад гэвэл ард түмэнд зоригжуулагч хэрэгтэй. Өнөөдөр ярьж байгаа зүйл олон хүний зүрхэнд байгаа ч амнаас нь гарч чадахгүй үг л дээ. Магнай хэлсний дараа дахиад хэдэн хүн зоригжоод хэлэг. Дахиад зуу, мянган хүн ярина. Тэр хүмүүс бүгд нийлж, нэгдээд нийгмийг өөрчилдөг.
-Хэдэн жилийн өмнө та орон нутгаар явж иргэдтэй уулзалт хийгээд ард түмэн хувьсгалыг хүлээж байгааг олж харлаа гэсэн. Одоо тэр хүлээлт хэвээрээ болов уу?
-Маш том шинэчлэлийг хүсч байна. Хувьсгал гэх үү, өөрчлөлт гэх үү мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ байдлаараа яваад байвал өшөө буруу тийшээ хазайна гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Төр удирдаж байгаа нь, сөрөг хүчин нь гаднаас нь хараад сууж байгаа иргэд ч мэдэж байгаа. Төр удирдаж байгаа хүмүүсийн эр зориг, хүсэл зорилгоос олон зүйл шалтгаална.
-Ардчилсан нам орон нутгийн сонгуульд даргагүй, менежертэй орохоор болж байна. Эерэг үр дүн харагдаж байна уу?
-Ямар ч судалгааны байгууллагын судалгааны дүн, сонгуулийн бодит үр дүнтэй зөрдөг болсон. Орост ч, Монголд ч зөрөөтэй л байна. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнг нөхдүүд өөрчлөөд байна шүү дээ. ОХУ-ын сонгуулийн дүн гарлаа. Бүх судалгаагаар олонхи болох нь өнгөрлөө гээд байсан нам дахиад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах хэмжээний олонхи болчихлоо. Нийгэм юу хүлээж, хүсч байгаагаас үл хамаарч сонгуулийн дүнг өөрчилдөг технологи яваад байгаагийн илрэл энэ. Орон нутгийн сонгуулийг МАН-ын технологиор хийх болов уу гэж харж байгаа.
-Та Баянгол дүүргийн Ардчилсан намд ажиллаж байгаа юм уу?
-УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа бид хоёр Баянгол дүүргийн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийг хариуцаад ажиллаж байна.
-Ирэх өвөл тойрогтоо нүүрс тараах уу?
-Тойрогтоо биш л дээ. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нүүрс тараана. Та надаас сонгогчдодоо гомдсон уу гэдэг өнгө аясаар асууж байна. Иргэдэд гомдож болохгүй. Ард түмнийг бодлогоор ядуу байлгаад дараа нь худалдаж авахдаа бэлдээд байгаа нэг хэсэг бүлэглэл бий.
Тэр бүлэглэл л өөрийнхөө мэхийг хийгээд тэр мэхэнд ард түмэн орчихсон хэрэг. Магнай ард түмэнд гомдох шаардлага байхгүй. Гомддог ч үгүй. Харин нэг хүний зүрхэнд байгаа өөрчлөлт хийхийг хүссэн хүсэл ямар их хүчтэйг ард түмэн үргэлж бодож, мартахгүй гэдэгт итгэж байна. Магнай өнөөдөр нэг хүний мөнгөнд ялагдсан нь жижиг асуудал.
Энэ харанхуй үеэс хурдан гарах нь л чухал. Тавин мянган төгрөгт ялагдаад сонгуулиа алдаад байвал харанхуйгаас гарах цаг хойшлоод л байна. Ганц Магнай биш Монголын ард түмэн бүгд алдаж байгаа юм. Монгол Улс хөгжвөл бүгдээрээ сайхан амьдарна, харанхуй байгаад л байвал бүгдээрээ л дуусахгүй зовлон эдэлнэ. Харамсалтай нь өнгөрсөн сонгуульд монголчууд бүгдээрээ ялагдсан. Харанхуй үеийг дуусгах хугацааг дөрвөн жилээр хойшлуулчихлаа.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: “Өдрийн сонин”
О.Магнайгийн албан ёсны зөвшөөрлөөр нийтлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …