Интернет үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч “Yahoo” компани тун харамсалтай мэдээлэл хийлээ. Учир нь “Yahoo”гийн 500 сая хэрэглэгчийн мэдээллийг хакерууд хулгайлж, гартаа оруулсан байна. Хакерууд 2014 оноос хойш удаа дараа дайралт хийж, дээрх тооны мэдээллийг хулгайлсан бөгөөд манай гарагийн түүхэн дэх хамгийн том кибер халдлагад тооцогдож байгаа юм. Хакерууд хамгийн сүүлд хийсэн дайралтаараа 200 сая орчим хэрэглэгчийн и-мэйл хаяг, хувийн захидал болон бусад нууц мэдээллийг нь хулгайлжээ. Сошиал сүлжээний хурдацтай хөгжлийн нөлөөгөөр “Yahoo” компани нь олон сая хэрэглэгчээ алдаад байсан дээр нь хакеруудийн дайралт нэрмээс болж байгаа юм. Ийм ч учраас өнгөрсөн долоодугаар сард тус компанийг 4.8 тэрбум доллараар худалдан авсан Верайзоний зүгээс аюулгүй байдал, хамгаалалтын тал дээр онцгойлон анхаарахаа мэдэгдэхийн зэрэгцээ тун удахгүй цоо шинэ “Yahoo”-г танилцуулна хэмээн зарлалаа.