НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 суудлын талаар мэдэгдэл гаргалаа.
МЭДЭГДЭЛ
НИТХ дахь АН-ын бүлгээс 2016 оны 9-р сарын 14-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын ажиллагаатай, нээлттэй, шуурхай ажилладаг зарчмаасаа ухарч, хуралдааны дэгээ зөрчин 2016 оны 7-р сарын 28, 8-р сарын 25-нд ээлжит хуралдааныг хуралдуулаагүй хариуцлагагүй үйлдлээ залруулж, нэгдсэн хуралдааныг 9-р сард багтаан хуралдуулахыг шаардаж байна” гэсэн шаардлага хүргүүлсэн.
Бүлгийн энэхүү хууль ёсны шаардлагын дагуу 2016 оны 9-р сарын 22-ны өдөр НИТХ-ын хоёрдугаар хуралдааныг хуралдуулж Ажлын хороо, Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.
Нэгдсэн хуралдаанд МАН-ын бүлгээс нэмэлтээр хэлэлцүүлсэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд хоёр төлөөлөгчийг нөхөн томилох асуудлаар АН-ын бүлэг зарчмын зөрүүтэй саналаар завсарлага авах хүсэлт тавьсан боловч Ц.Сандуй хэт нэг талыг барин хуралдааны дэгийн 4.6 дахь заалт /нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэж буй тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг санал гаргасан тохиолдолд Хурлын дарга завсарлага өгнө/-ыг зөрчиж, АН-ын бүлэгт Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүний асуудлаар зөвшилцөх завсарлага өгсөнгүй.
Шийдвэр гаргах түвшинд олон түмний сонголтын харьцаагаар хуваарилалт оногдох нь ардчиллын шударга зарчим юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 суудлыг дээрх хоёр намын авсан суудлын хувьтай харьцуулж үзвэл МАН-д 8, АН-д 3 суудал ногдохоор байна.
Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлэг хэт олонхоороо хүч түрж, дэгээ зөрчин хүчээр санал хураалт явуулж, нийслэлчүүдийн сонголтыг үл хүндэтгэсэн шийдвэр гаргалаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал нь сөрөг хүчний хяналтгүй, нэг намын байгууллага мэт хаалттай ажиллах нь тодорхой боллоо.
Иймд Тэргүүлэгчдийн хурал хуралдах бүрт АН-ын бүлэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй хуралдаж, хурлаас гарсан тогтоол шийдвэрийг нийслэлчүүддээ хүргэж, эрх баригчдад тогтмол хяналт тавьж ажиллах болсноо мэдэгдье.
НИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ