Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 28-ны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Боловсролын зээлийн сан байгуулна
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцлээ.
Уг санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох юм. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд ямар журмаар хэрхэн буцаан төлөх зэргийг энэ журмаар зохицуулах юм.
Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохыг Оюутны хөгжлийн зээлийн журмаар зохицуулахаар төсөлд тусгажээ.
Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нар өглөө.
– Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судлан, санал боловсруулж танилцуулах
– Стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжихийг судалж шийдвэрлэх
– Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтад харгалзан үзэх хөнгөлөлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт замаар тусгахыг судалж, санал боловсруулан танилцуулах
– Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийсэн байгууллагыг урамшуулах, худалдан авахыг дэмжсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх зэргийг үүрэг болголоо.
Товч мэдээ
– Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхээр тогтов. 18 жилийн хугацаатай, жилийн 0,0 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй 40 сая еврогийн зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр барих” төслийн нэгж байгуулахаар боллоо.
– Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд, зохих журмын дагуу хянаж батлахыг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.